Чилид хүчтэй газар хөдөлж Бямба гаригийн байдлаар амь үрэгдэгсдийн тоо 80 хол давсан байсан бол Ням гаригт 300 хүрсэн билээ. Гэтэл Даваа гаригт нас барагсдын тоо өсөж 700-д хүрчээ. Бямба гаригт болсон аймшигт газар хөдлөлтөд нурсан газруудад яаралтай тусламжийн багийг илгээж, шуурхай арга хэмжээ авч байгаагаа Чилийн Ерөнхийлөгч Michelle Bachelet мэдэглээ. Цэргүүд газар хөдлөлтөд өртсөн иргэдийг нүүлгэн шилжүүлж, байрлуулах мөн газар хөдлөлтийн улмаас үймээн самуун, хулгай дээрэм үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна. Нийслэл хотын захирагч “Хоол хүнс дуусч байна. Хотод эмх замбараагүй байдал ихсэж, хяналтаас гарлаа. Хүнсний дэлгүүр болон эмийн санг тонох явдал ихэслээ. Мянга мянган хүн гэр оронгүй болсон” гэжээ. Газар хөдлөлтөөр нурсан гэртээ Чилийн иргэд хонохоос айн, хоёр дахь шөнөө гадаа гудамжинд өнгөрөөж байна. Аврах багийнхан одоо хүртэл хүмүүс нурангид дарагдсан байж магад хэмээн эрэл хайгуулаа үргэлжлүүлсээр байна. Загасчлалын тосгоноос 350 цогцос олджээ. Далайн хүчтэй давалгаанд 20 гаруй завь далайн боомт болох Talcahuano руу түрэгдэн орж ирсэн байна. Газар хөдлөлтийн улмаас 1.5 сая гаруй хүн гэр оронгүй болжээ. Нурсан байшингуудын ихэнх нь хуучны, түүхэн дурсгалт байшин барилга байжээ. Түүхэн дурсгалын тосгон болох Curico-ны 90 хувь нь нурж, олон зам гүүр эвдэрчээ.
Э.АЗ