Улсын Их Хурал “хууль зөрчихгүй” гэлээ

Хуучирсан мэдээ: 2018.05.08-нд нийтлэгдсэн

Улсын Их Хурал “хууль зөрчихгүй” гэлээ

Улсын Их Хурал “хууль зөрчихгүй” гэлээ

Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан Авлигын эсрэг хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралд ирүүлсэн гэж УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд үзэж байна.

Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Даваанямын Даваа-Очирыг даргаар, Жанжаагийн Батсайханыг дэд даргаар тус тус томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралд тавдугаар сарын 03-ны өдөр ирүүлжээ. Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм. Хэлэлцэх асуудлыг батлахын өмнө УИХ-ын зарим гишүүд энэ талаар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

-АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх тухай энэ санал Авлигын эсрэг хуулийг зөрчсөн байна. Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлд зааснаар АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрх дуусгавар болох хоёр хэлбэр байдаг. Нэг нь огцруулах, нөгөө нь чөлөөлөх. Огцруулах гэдэгт ойлголт нь гэмт хэрэгт холбогдож, шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон бол хэрэгжих боломжтой. Чөлөөлөх гурван үндэслэл бий. Нэгдүгээрт, өөрөө хүсэлт гаргасан, хоёрдугаарт биеийн эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа гүйцэтгэж чадахгүй болсон, гуравдугаарт бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тохиолдолд хэрэгжинэ. 

АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нар одоогоор албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдөл өгөөгүй, нөгөөтэйгүүр эрүүл мэндийн хувьд энэ албыг хаших боломжтой гэж ойлгож байгаа. Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болох болоогүй байна.

АТГ-ын одоогийн дарга, дэд дарга нарыг УИХ томилсон. УИХ-ын энэ тогтоолоос үзэхэд Авлигын эсрэг хуулийн 21.1 дэх хэсгийг үндэслэн 6 жилийн хугацаагаар томилсон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АТГ-ын дарга, дэд даргад шинээр нэр дэвшүүлэх саналыг хэлэлцвэл Байнгын хороо, УИХ өөрөө хууль зөрчинө. Өөрөөр хэлбэл, энэ асуудлыг хэлэлцээд дэмжсэн, дэмжээгүй ямар нэг шийдвэр гаргавал Байнгын хороо, УИХ Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн асуудал үүснэ.

Авлигын эсрэг хуулийн 22.5-д “Хуульд зааснаас бусад үндэслэлээр АТГ-ын дарга, дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг хориглоно” гэж заасан.

 “…Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино…” гэсэн заалт Үндсэн хуульд бий.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэх юм бол дээрх хуулиудыг зөрчих нөхцөл үүсэх нь. Төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал өөрөө хууль зөрчиж болохгүй. Ерөнхийлөгчийн санал ч Үндсэн хууль зөрчсөн асуудалд орох вий гэж болгоомжилж байна гэв.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

-Авлигын эсрэг хуулийн 21.1 дэх хэсэгт “АТГ-ын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ 6 жилийн хугацаагаар томилно”. Мөн уг хуулийн 21.5 дахь хэсэгт “АТГ-ын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гээд маш тодорхой заачихсан. Гэтэл Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн “Санал хүргүүлэх тухай” албан бичигт үүнийг зориуд өөрөөр мушгиж тайлбарласан байна. Тиймээс хууль зүйн хувьд авч хэлэлцэх боломжгүй. Асуудлыг хэлэлцэхгүй байх нь зүйтэй гэдэг горимын саналаар санал хураалгая гэлээ.

Ингээд хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн 80 хувь нь Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг хууль зөрчин байж хугацаанаас нь өмнө чөлөөлөх асуудлыг хэлэлцэхгүй байх нь зүйтэй  хэмээн шийдвэрлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын албан бичигт “Өмнө нь Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг Авлигын эсрэг хуулийн дээр дурьдсан заалттай утга агуулгын хувьд ижил Төрийн албаны тухай хуулийн заалтыг үндэслэн УИХ чөлөөлөх шийдвэр гаргаж байсныг Үндсэн хуулийн цэц хуульд нийцсэн гэж үзсэн байдаг” гэсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 34.12 дахь хэсэгт “Зөвлөлийн орон тооны гишүүнээр нөхөн томилогдсон хүн нь орон гарсан өмнөх хүнийхээ бүрэн эрхийн үлдсэн хугацаанд уг албыг хашина” гэж заасан байдаг. Энэ нь 6 жилийн хугацаатай томилогдсон хүн 4 жил ажиллаад гарсан бол оронд нь томилогдсон хүн үлдсэн хоёр жилийн хугацаанд л ажиллах боломжтой гэсэн утга бүхий заалт мөн. Үүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын тайлбарлаж байгаа шиг Авлигын эсрэг хуулийн 21.1, 21.5 дахь хэсэгт заасантай адил утгатай гэж ойлгож болохгүй гэдгийг хуульчид тайлбарлаж байна.

Төрийн албаны тухай хуулиас:

34.12. Зөвлөлийн орон тооны гишүүнээр нөхөн томилогдсон хүн нь орон гарсан өмнөх хүнийхээ бүрэн эрхийн үлдсэн хугацаанд уг албыг хашина.

Авлигын эсрэг хуулиас:

21.1. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно.

21.5 .Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ.

22.5. Хуульд зааснаас бусад үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг хориглоно.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж