НИТХ-ын тэргүүлэгчид I улиралд 8 удаа хуралдаж, 26 тогтоол гаргажээ

Хуучирсан мэдээ: 2018.05.08-нд нийтлэгдсэн

НИТХ-ын тэргүүлэгчид I улиралд 8 удаа хуралдаж, 26 тогтоол гаргажээ

НИТХ-ын тэргүүлэгчид I улиралд 8 удаа хуралдаж, 26 тогтоол гаргажээ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын ажлын товч тайлан мэдээллийг хүргэе.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2018 оны нэгдүгээр улиралд буюу 2018 оны 1 сарын 1-ээс 3 сарын 30-ны хугацаанд 8 удаа хуралдаж 33 асуудал хэлэлцэж 26 тогтоол гаргасан байна. Тэргүүлэгчдийн хурлын хийсэн ажлын мэдээллээс дурьдая.

Агаар орчны бохирдлыг бууруулах талаар авах, арга хэмжээний тухай тогтоол баталж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа амралт, сувиллын газар, харуулын байрыг цахилгаан халаагуурт шилжүүлэх, шинээр нам даралтын зуух ашиглахыг хориглох, хэсэгчилсэн болон төвийн шугамд холбосноор нам даралтын зуухны тоог бууруулах болон холбогдох тооцоо судалгааг хийж, журмын төсөл танилцуулахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон.

Инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга байгууламжийн төлөвлөлт, хамгаалалтын зурвас, ашиглалт, засвар үйлчилгээний журам баталсан бөгөөд уг журмыг Хууль зүйн яамны улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр хүргүүлэв.

Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх барилгын материалын зах, худалдааны төв /100 айл/-ийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх асуудлыг судлан, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэг саналаа боловсруулан, Нийслэлийн ИТХ-ын хуралдаанд танилцуулахаар бэлтгэсэн байна.

Нийслэлийн хөдөө аж ахуйн салбарын шилдгүүдийг шалгаруулж, холбогдох журмын дагуу шагналыг нийслэлийн хэмжээнд гардуулах ажлыг зохион байгуулав.

Нийслэлийн биеийн тамир, спортыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөр, Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эзэмшиж буй газрын зориулалтыг өөрчлөх, Үнэлгээний хороонд иргэний төлөөлөл томилох болон Монголын хүүхдийн ордон, Өргөө амаржих газрын ой тэмдэг зөвшөөрөл олгох зэрэг асуудлыг дахин боловсруулж, нэмэлт өөрчлөлтийг оруулан танилцуулахаар буцаасан.

Төлөөлөгчдийн санал, хүсэлт болон эрх шилжүүлсэн тогтоолын дагуу 2017, 2018 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт оруулав.

Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр, Улаанбаатар чөлөөт бүс байгуулах боломжийг судлах Ажлын хэсгийн санал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх /100 айл/ барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх асуудлыг судлах Ажлын хэсгийн танилцуулга зэргийг хэлэлцэн, ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

Цаг үеийн тулгамдсан асуудлын нэг болох “Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих” төслийн ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргав. Мөн “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ыг өөрчлөн байгуулж, эрх, үүрэг, хариуцлагыг “Олон улсын худалдаа, ложистикийн төв” хаалттай хувьцаат компанид бүрэн шилжүүлэх, үүнтэй холбогдох арга хэмжээг авч ажиллах талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болгов.

Улаанбаатар хотын дүрэм, хаягжилтын журмын төслийг судлах, санал боловсруулах Ажлын хэсгийг байгуулан, 5 дугаар сарын 1-нд саналаа танилцуулахыг үүрэг болголоо.

Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын талаарх мэдээлэл сонсож, цаашид хэрэгжүүлж ажиллахад анхаарах асуудлын талаар зөвлөлдөв.

Эх сурвалж: НИТХ-ын Ажлын алба

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж