Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорнод, Сүхбаатар аймагт байрлах холимог металл, нүүрсний уурхай болон газрын тосны олборлолт явуулж буй компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, тодорхой асуудлыг шийдэв. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт байрлах Улаан болон Мухарын ордоос хар тугалга, цайрын хүдрийн олборлолт, баяжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Шинь шинь” ХХК дээр ажиллав. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд тус компанийн баяжмал боловсруулах цех, хаягдлын далан, далд уурхай болон ажилчдын амьдарч буй нөхцөл байдалтай танилцлаа.
Тус компанийн хувьд эрчим хүчний хангамж дутагдалтай, үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа зэрэг асуудлууд байгааг сайдад дуулгасан юм. Харин Д.Сумъяабазар сайд компанийн удирдлагуудад орон нутгийн ЗДТГ-тайгаа харилцан ойлголцож, хамтран ажиллах, Монгол ажилчдаа тогтвор суурьшилтай ажиллуулах үүднээс цалинг шат дараалалтай нэмэгдүүлэх, сургах, Монгол Улсын хууль, дүрэм журмыг чанд сахин, байгальд хор хөнөөл багатай ажиллах зэрэг үүрэг өгчээ. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар зүүн бүсийн уурхайнууд эрчим хүчний хомсдолд орох эрсдэлтэй байгаа учраас энэ асуудалд онцгой анхаарах шаардлагатай байгаа гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.
“МАК”-д олгосон зөвшөөрөл иргэд, ААН-ийг хохироож байна
УУХҮ-ийн сайдын томилолт “Адуунчулуун”-ы уурхайгаас үргэлжилсэн юм. “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ХК-ийг 63 жилийн турш эрчим хүчний нүүрсээр тасралтгүй хангаж байгаа “Адуунчулуун”-ы нүүрсний уурхайн үйл ажиллагаатай танилцав. Уурхай нээгдсэн цагаасаа ил болон далд аргаар олборлолт явуулж, 28.4 сая шоо метр хөрс хуулж, 14.9 сая тонн нүүрс олборложээ. “ДБЭХС” ХК-аас гадна аймгийнхаа аж ахуй нэгж байгууллага, айл өрхүүдийг нүүрсээр хангадаг байна.
2017 оны байдлаар нүүрсний уурхайгаас улсын төсөвт тэрбум 157 сая төгрөгийг төвлөрүүлжээ. 1999 онд хувьчлагдсан “Адуунчулуун”-ны уурхайн хувьд өнөөдөр лицензийн маргаантай байдал томоохон асуудал болоод байгааг сайд Д.Сумъяабазарт дуулгав. Тодруулбал, “Адуунчулуун” ХК-ийн эзэмшлийн 029А лицензтэй 400 га талбайгаас 2009 онд 134 га газрыг МАК ХХК-д давхцуулан олгожээ. МАК ХК-ийн хувьд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт 5104.3 га газрыг хамарсан хоёр лицензийг эзэмшиж, уг талбай дээрээ одоогоор хөрс хуулалтын ажлыг явуулж байна. “Адуунчулуун” ХК лицензийн маргаанаас болж давхардсан газартаа олборлолт явуулах боломжгүй болжээ. Хэрвээ асуудлаа шийдвэрлэж чадвал дахиад 30-40 жил үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх аж. Учир нь уг давхардсан лицензтэй талбайг 40-50 сая тонн нүүрсний нөөцтэй хэмээн таамаглаж байгаа аж.
“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ыг хуулийн дагуу ажиллахыг үүрэгдэв
Түүний дараагийн танилцсан газар бол “Петрочайна Дачин Тамсаг” ХХК болон туслан гүйцэтгэгч, 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай “Петротранс” компанийн үйл ажиллагаатай танилцсан байна. Тус компани газрын тосны дотоод тээвэр, ердийн ачаа тээвэр, тамсаг 19, 21-р талбайн шавхалтын ажил, засварын үйлчилгээ хийдэг аж. Мөн “Петротранс” компанид 100 хувь монгол ажилтнууд ажиллаж байгаа аж. Тэд ажилтнуудаа “Дачин ойлфилд”-ийн цооног механикийн сургалтын төв болон өөрсдийнхөө сургалтын төв дээр сургаж, мэргэшүүлжээ. Одоогийн байдлаар 100 гаруй хүн ажиллуулж буй юм. Засгийн газраас газрын тосны үйлдвэр барих ажил ярьж байгаа энэ цаг үед мэргэжлийн боловсон хүчин чухал гэдгийг ч салбарын сайд нь онцолж байв.
Тэрээр “Петрочайна Дачин Тамсаг” ХХК удирдлагуудад ч олборлолтын операторыг заавал орон нутгаас авах, туслан гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах болон худалдан авалтаа ил тод нээлттэй болгох, байгаль орчны нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийж, замын бүтээн байгуулалтаа дуусгах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахих, Монгол Улсын хууль, дүрэм журмын дагуу явуулахыг үүрэг болгосон байна. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд олборлогч компани орон нутагтай харилцан ойлголцож, цаашид нэгнээ дэмжиж ажиллах нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд чухал нэмэр болохыг хэллээ.
Хөөтийн уурхайгаас лити зэрэг ховор элемент илэрчээ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын дараагийн танилцсан газар орнод аймгийн Матад сумын нутагт орших Хөөтийн уурхай. 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай “Буман- Олз” ХХК геологи хайгуул, уул уурхайн ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2009 оноос хойш хөрс хуулалт, нүүрс олборлолт хийж байгаа тус компани ил уурхайн аргаар ашиглаж болох 11.1 сая тонн нүүрсний батлагдсан нөөцтэй аж. Өнгөрсөн жилийн байдлаар нийт 126.1 мянган тонн нүүрс олборлож, үүнээс 93.8 мянган тонныг нь БНХАУ руу экспортолж, үлдсэнийг нь дотоодын хэрэгцээнд нийлүүлжээ. “Буман- Олз” ХХК-ны лицензийн талбайд лити зэрэг ховор элементүүд илэрсэн тул геологийн ажлыг эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа захирал Д.Цогтжаргал хэлж байв. Мөн тэрбээр “Матад сумын төвөөс 40 км зайд манай уурхай байрлаж багаа тул сумыг шинээр төлөвлөн, барьж байгуулах ажлыг бүрэн дэмжиж байгаа. Төрөөс ямар шийдвэр гарна бид түүнийг дагах болно” гэлээ. Сайд Д.Сумъяабазарын зүгээс Матад сумыг жишиг сум болгон хөгжүүлэх боломжтой талаар хэлсэн юм.
Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг баталсан хөтөлбөрийн хүрээнд Хөөт- Бичигтийн чиглэлийн 234 км төмөр зам, 34 км төмөр зам ашиглалтад орвол байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө буурч, бүс нутгийн хөгжил дэвшилд эергээр нөлөөлж, ажлын байр нэмэгдэх, бүтээмж өсөх зэрэг олон давуу тал бий болохыг компанийн удирдлагууд онцоллоо. Одоогийн байдлаар компанид 130 гаруй монгол хүн ажиллаж байна. Цаашид уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлж жилд 45-50 сая м3 уулын цул олборлож, жилд 7-10 сая тонн нүүрс олборлон борлуулах төлөвлөгөөтэй байгаа аж.
Т.ОД