Хуучирсан мэдээ: 2018.05.08-нд нийтлэгдсэн

Швед-1958

Хөлбөмбөгийн ДАШТ анх удаагаа Европ тивийн Скандинавын хойгт зохиогдлоо. Өвлийн спорт хөгжсөн боловч Шведүүд хөлбөмбөгийн спортоор бас ч гэж хүчтэй өрсөлдөгчид байж 1950 онд хүрэл медаль хүртэж, 1938 онд IV байранд шалгарч байсан. 1958 оны ДАШТ-нийг Өмнөд Америкийн Аргентин, Чили болон Хойд Америкийн Мексик, Европ тивээс Швед улсууд зохион байгуулах хүсэлтэй байсан бөгөөд 1950 онд Рио-де-Жанейрогийн конгрессоор Швед улсад өгсөн юм. Ийнхүү Скандинавын хойгт анхны бөгөөд одоогийн байдлаар хамгийн сүүлчийн удаа хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулагдсан юм. Шведүүд 1958 оны ДАШТ-нийг зургадугаар сарын 8-29-ний өдрүүдэд 12 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсны хоёр цэнгэлдэхийг ДАШТ-нд зориулан барьсан байдаг.

1958 оны ДАШТ-нд Ази, Африкийн төлөөлөл багтаж оролцож чадаагүй бол Их Британий харъяа Уэльс, Умард Ирландын шигшээ багууд болон хуучин ЗХУ буюу одоогийн Оросын шигшээ багууд анх удаагаа оролцсон. Анх удаагаа оролцсон дээрх шигшээ багууд тун амжилттай оролцож хэсгээс гарч шууд хасагдах шатанд шалгарсан байдаг. Харин эсрэгээрээ Унгарын шигшээ баг хэсгээсээ гарч чадаагүй нь тун хачирхалтай үйл явдал байсан юм. Мөн бас нэгэн сонирхолтой баримт нь дэлхийн аваргын гурван удаагийн алтан медальт цорын ганц тамирчин Бразилын хөлбөмбөгчин алдарт Пелегийн анхны тэмцээн байсан юм. 17 настай Пеле Шведэд болсон ДАШТ-нд анх удаагаа багтан оролцож аваргын алтан медаль хүртсэн.

Тэмцээнд Европ тивээс 12 улс, Өмнөд Америкаас гурав болон Хойд Америкаас Мексикийн шигшээ багууд дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдсөн. Нэгдүгээр хэсэгт хуучин нэрээр Баруун Герман, Аргентин, Чехословак болон Умард Ирландын шигшээ багууд багтаж Германы шигшээ баг нэг хожил, хоёр тэнцээтэй хэсгээ тэргүүлсэн. Харин хоёрдугаар гарахын төлөө Чехословак болон Умард Ирландын шигшээ багууд нэмэлт тоглолт хийн Умард Ирландын 2-1 харьцаатай ялалт байгуулж хасагдах шатанд шалгарсан. Хоёрдугаар хэсэгт Шотланд, Югослав, Франц болон Шотландын шигшээ багууд багтаж Францын шигшээ баг хэсгээ тэргүүлсэн бол Югослав хоёрдугаар хасагдах шатанд шалгарсан. Гуравдугаар хэсэгт зохион байгуулагч Швед улсын шигшээ баг Унгар, Уэльс, Мексикийн шигшээ багууд багтаж Шведүүд тэргүүлсэн. Харин хоёрдугаар хэсгээс гарахын төлөө Уэльс болон Унгарын шигшээ багуудтай нэмэлт тоглолт хийж Уэльс дараагийн шатанд шалгарсан. Ингээд дөрөвдүгээр хэсэгт Бразил, Англи, Австри болон ЗХУ-ын шигшээ багууд багтаж Бразил хэсгээ тэргүүлсэн бол хоёрдугаар ЗХУ-ын шигшээ баг нэмэлт тоглолтонд Английг 1-0 харьцаатай хожиж хасагдах шатанд шалгарч байжээ.

Ингээд тэмцээний аваргаар Пелегийн эх орон Бразилын шигшээ баг түрүүлж анхны дэлхийн аваргын цомоо хүртсэн бол зохион байгуулагч Шведүүд мөнгөн медаль хүртэж 1950 оны хүрэл медалийнхаа өнгийг хувиргаж мөнгөн медаль хүртсэн. Түрүү байр хүртсэн Бразил улс хасагдах шатанд Уэльс улсын шигшээ багийг Пелегийн гоолоор буулган аваад хагас шигшээд Францын шигшээг 5-2 харьцаатай хожиж финалд шалгарсан. Харин Шведүүд ЗХУ-ын шигшээ багийг 2-0 харьцаатай хожин хагас шигшээд мөн баруун Германыг буулган авсан. Аваргын алтан медалийн төлөө тоглолтонд Бразил улсын шигшээ багаа Вава 2 гоол, Пеле мөн 2 гоол оруулсан бол Загалло нэг гоол оруулснаар 5-2 харьцаата ялалт байгуулсан юм.

Швед-1958 ДАШТ тоон хэлээр:

  • 1: Дэлхийн таван удаагийн аварга Бразил улс анх удаагаа дэлхийн аварга цолыг хүртэж байна
  • 12: Шведүүд ДАШТ-нийг 12 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулсан
  • 13: Дэлхийн аваргын мэргэн буучаар Францын шигшээ багийн довтлогч Жюст Фонтэйн 13 гоолоор шалгарсан
  • 16: тэмцээнд Европ, Америк тивийн төлөөлөл 16 улсын шигшээ баг өрсөлдсөн
  • 17: Алдарт хөлбөмбөгчин 17 настайдаа Шведэд болсон ДАШТ-нд Бразил улсынхаа шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж аваргын алтан медаль хүртсэн
  • 22: тэмцээн нийт 22 хоногийн турш зохион байгуулагдсан
  • 35: тэмцээний турш нийт 35 тоглолт явагдсан бөгөөд хэсэг тус бүрт 3 нэмэлт тоглолт явагдсан байдаг.
  • 126: тэмцээний турш орсон гоолын тоо бөгөөд нэг тоглолтонд дунджаар 3.6 гоол орсон

тэмцээний аварга Бразил улсын шигшээ баг

17 настайдаа Бразилын шигшээ багийнхаа хамтаар алтан медаль хүртсэн Пелетэмцээний шигшээ тоглолттэмцээний мэргэн бууч Францын Ж.Фонтайне

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж