Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулж буй “Шүүн таслах ажиллагаа дахь иргэдийн оролцоо” зөвлөгөөн өнөөдөр / 2018.05.08/ болж өндөрлөлөө. Тодруулбал, шүүхийн байгууллагад ил тод нээлттэй байх зарчмыг бэхжүүлэх зорилгоор шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчдийг оролцуулдаг. Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь анхан шатны шүүхээр эрүү, иргэний болон захиргааны хэрэг маргааныг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанд олон нийтийг төлөөлөн оролцож, санал дүгнэлт гаргах эрхтэй гэж заасан байдаг. Энэ асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарын бичгийн дарга Т.Мэндсайхантай цөөн хором ярилцлаа.
-Шүүх байгууллагад хяналт тавих иргэдийн оролцоо хэдийнээс бий болж эхэлсэн бэ?
–Дэлхийн ихэнх улс оронд шүүх ажиллагаанд иргэдийн төлөөлөгчдийг оролцуулдаг жишигтэй. Тухайлбал, Европын ихэнх улс орнуудад энэ жишиг үйлчилдэг. Манай улсад 1992 оны Үндсэн хуулийн 52.2-д “Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна” гэж тусгажээ. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2012 онд шинээр баталж, иргэдийн төлөөлөгчдийг сонгох журам, эрх үүрэг, хариуцлагыг нарийвчлан зохицуулсан юм. Энэ хууль үйлчилсэн 2015-2017 онд 10.5 мянган хүн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон.
-Шүүхэд хяналт тавих иргэдийн төлөөлөгчдийг хэрхэн сонгох вэ?
–Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийг 25 нас хүрсэн хүмүүсээс түүврийн аргаар санамсаргүй байдлаар сонгодог. Жилд дунджаар 16-20 мянган иргэд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож тэдгээрээс 3-5 мянга нь шүүх хуралдаанд биечлэн орох төлөвтэй байна.
-Тэдгээр сонгогдсон хүмүүсийн бүрэн эрх нь ямар байдаг вэ?
–Шүүхийн иргэдийн төлөөлөгч санал дүгнэлтээ гаргах эрхтэй байдаг. Бид нарын хүсээд байгаа зүйл бол иргэдийн төлөөлөгчдийн эрх мэдлийг нэмэх ёстой. Энэ саналыг бид нар хуулийн байгууллагад хүргүүлсэн.
-Төлөөлөгчөөр оролцож буй хүмүүсийн цалин хөлсийг хэрхэн шийдвэрлэдэг вэ?
–Цаг заваа зориулаад ирж байгаа учраас тодорхой хэмжээнд урамшуулал өгдөг. Тэр урамшууллыг хөдөлмөрийн хөлсний доод түвшнээр тооцож олгодог. Дээрээс нь томилолтоор ирж очих бүх зардлыг шүүхийн байгууллага гаргаж байгаа. Тэдгээр хүмүүс иргэдийг төлөөлөөд шүүх хуралд оролцож байгаа учраас бүх зардлыг бид хариуцах ёстой.
-Шүүхийн байгууллагад иргэд ямар байдлаар хяналт тавих эрхтэй байдаг вэ?
–Иргэдийн төлөөлөгч хавтаст хэрэгтэй танилцах эрхтэй. Шүүх хуралдааны талуудаас асуулт асуух эрхтэй. Мөн шүүх хуралдаан дууссаны дараа санал дүгнэлтээ цаасан дээр бичээд уншиж сонсгох эрх бий. Гэвч энэ санал дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн авч үзэх үү, үгүй юу гэдэг нь эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна. Бусад оронд төлөөлөгчдийн санал дүгнэлт нь хуралдаанд эцсийн шийдвэр болох эрхтэй байдаг. Бид нарын үзэж буйгаар иргэдийн төлөөлөгч нь шүүн таслах ажиллагаанд тодорхой хэмжээнд эрх мэдэлтэй байх ёстой.
-Өнөөдрийн зөвлөгөөнд хэчнээн хүн оролцож байгаа вэ? Төлөөлөгчдөөс гаргаж буй саналыг хэрхэн дэмжиж байна вэ?
-Өнөөдрийн зөвлөгөөнд нийслэлийн хэмжээнд төлөөлөгчөөр оролцсон 120 гаруй хүмүүс цугларсан байна.
Энэ үеэр Ноён уулын хэрэгтэй холбоотой шүүх хуралдаанд төлөөлөгчөөр оролцсон Б.Батчулууны сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “Би Ноён уултай холбоотой шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон. Би одоогоор хоёр жил дамнан хуралдаанд оролцож байна. Шүүх хуралд орж байхад шүүхийн дүгнэлт гаргаагүй, ажиглагчийн байр сууриар голчоор хандах гээд сууж байна. Иргэдийн төлөөлөгч гэдэг бол олон нийтийн хараа хяналт, ил тод байлгахын тулд сонгогдсон хүмүүс гэж ойлгодог. Хүний хувь заяаг шийдэж байгаа асуудалд хариуцлагатай байх хэрэгтэй гэж бодсон” гэв. Мөн өнөөдрийн зөвлөгөөнөөс гаргасан санал зөвлөмжийг УИХ, Засгийн газарт хүргүүлэх аж.
Э.Ариун