Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр /2018.5.8/ жагсаал зохион байгуулж байна. Тэд Засгийн газар, Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайдад хандан дараах шаардлагыг хүргүүлж байна.
- Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг энэ оны хоёрдугаар улиралд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх
- Сувилагчдыг төрөөс дэмжиж, нийгмийн хамгаалал, хүний нөөцийг тогтоох, хүний нөөцийн стандартын дагуу ажиллахад шаардагдах хөрөнгийг 2019 оны төсөвт тусгах
- Эрүүл мэндийн салбарын ажилтны үр дүнгийн мөнгөн урамшууллыг 60 хувьд хүргэх
- Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилтнуудын томуугийн дэгдэлтийн үед ажилласан илүү цагийн хөлсийг олгох.
Дээрх шаардлагыг ажлын гурав хоногт багтаан шийдвэрлэхгүй бол өөрөөр хэлбэл, тавдугаар сарын 11-ны дотор тодорхой хариу ирүүлэхгүй бол эрүүл мэндийн салбарынхан хуулийн дагуу ажил хаях юм байна.
Монголын Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Мягмар:
–Өнөөдрийн жагсаалд Увс, Ховд, Хөвсгөл зэрэг аймгаас хэдэн мянган километр зам туулан ирсэн эмч нар оролцож байна. Бид хийх ажилгүйдээ жагсч байгаа юм биш. Бидний цалин амьдралд хүрэлцэхгүй байна. Ихэнх нь зээлтэй, өрнөөс өрний хооронд амьдарч байна. Гар дээрээ 150-300 мянган төгрөгийн цалин авч байна. Ийм бага цалинтай байхад эрүүл мэндийн салбарт ажиллах хүн алга. Эрүүл мэндийн салбар хүний нөөцийн хомсдолд орлоо. 3-4 сувилагчийн ажлыг нэг хүн хийж, ядарч, туйлдаж, ажиллах хүсэл эрмэлзэл, урам зориг нь мохож байна. Эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлүүлэхээр олон удаа шаардлага хүргүүлж тэмцсээр байхад дүлий мэт хандаж байна. Тиймээс бидний тавьж буй энэ удаагийн шаардлагыг ажлын гурав хоногт багтаан шийдвэрлэхгүй бол хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу ажил хаялт зарлахаа албан ёсоор мэдэгдье”
Р.Ренчиндулам