Нэг сэдэв, найман эх сурвалж: Шүлхий | News.MN

Нэг сэдэв, найман эх сурвалж: Шүлхий

Хуучирсан мэдээ: 2018.05.08-нд нийтлэгдсэн

НЭГ СЭДЭВ 8 ЭХ СУРВАЛЖ

Нэг сэдэв, найман эх сурвалж: Шүлхий

Нэг сэдэв, найман эх сурвалж: Шүлхий

NEWS агентлаг “Нэг сэдэв, найман эх сурвалж” булангийн шинэ дугаарыг хүргэж байна. Энэ дугаараараа бид малын гоц халдварт шүлхий өвчний эргэн тойронд хөндөх болно.


Сүүлийн жилүүдэд шүлхий өвчний халдвар хэд хэдэн аймаг, мөн нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоосон. Социализмын үед таслан зогсоож чадсан малын гоц халдварт энэ өвчний халдвар ийнхүү ойр ойрхон, олон газарт зэрэг гарч байгаагийн учир юу вэ, хэрхэн тэмцэх вэ, үр дүнтэй арга юу вэ, ямар бодлого барьж байгаа талаар найман эх сурвалжаас тодрууллаа.

Шүлхий бол олон улсын мал амьтны халдварт өвчний “А” ангилалд багтдаг, богино хугацаанд сум, аймаг, улс дамжин тархах аюултай, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг, олон улсын худалдааны хорио цээр тавигддаг өвчин.

60 гаруй сая толгой малтай Монгол улс экологийн цэвэр, эрүүл, амттай махтайгаараа бахархдаг. Гэвч ам хэлээрээ бахархах нэг хэрэг, 60 сая малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, үр шимийг нь хүртэх нь өөр хэрэг. Засгийн газар болгоны Ерөнхий сайд, хөдөө аж ахуйн салбар хариуцсан сайд нь монгол малын махыг экспортод гаргана хэмээдэг ч ул суурьтай ажил болсон нь өнөө хэр үгүй. Монгол малын махыг авах хүсэлтэй улс орнууд хоёр хөршөөс эхлээд байгаа ч малын халдварт өвчнөө дарж чадахгүй байгаа нь гол тээг болсоор байна. Гэтэл Монгол улс чамгүй их махны нөөцтэй. Тухайлбал, 34 сая хонь байгаа нь маханд шилжүүлснээр 61,4 мянган тонн, 31сая ямаа буюу 47 мянган тонн, хоёр сая үхэр буюу 27 мянган тонн, 291 мянган адуу буюу 43 мянган тонныг экспортод гаргах нөөцтэй.

УИХ 2017 оны намрын чуулганаараа Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Генетик нөөцийн тухай хуулиудыг баталсан нь ирэх зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Эдгээр хууль малын эрүүл мэндийн алдагдсан хяналтыг төрд буцаан авчирна гэж албаны хүмүүс найдаж байгаагаа илэрхийллээ.

Мөн шүлхийн вакцин тойрсон наймаа, шахааны талаарх мэдээллийг эх сурвалжаас нь хүргэж байна.

2017 оны нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд 13 аймаг, 44 сум, дүүрэгт гарсан малын гоц халдварт шүлхий өвчний улмаас 15571 толгой малыг 10 тэрбум төгрөг зарцуулан устгажээ.

Харин энд нэг зүйлийг онцлоход Онцгой байдлын газар шүлхийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.


8 ЭХ СУРВАЛЖ ХЭН БЭ?

  1. Шүлхийн цаг үеийн мэдээ
  2. Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуяг
  3. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг
  4. Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга М.Адилбиш
  5. Мал эмнэлэг, үржлийн газрын, Мал эмнэлгийн  хэлтсийн дарга Б.Цолмон
  6. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Д.Батжаргал
  7. Засгийн хүсэл VS шүлхийн гачаал
  8. Шүлхийн вирус мутацид орж өөрчлөгдөх нь хялбар

ЭХ СУРВАЛЖ 1

2018 он гарсаар 5798 малыг устгалд оруулжээ

2018 он гарснаас хойш Монгол Улсын 12 аймгийн 42 сум, нийслэлийн нэг дүүрэгт шүлхийн халдвар бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм хэрэгжүүлжээ.

Мал эмнэлэг, үржлийн газраас гаргасан мэдээгээр 614 өрхийн 7634 толгой мал шүлхий өвчний эмнэл зүйн шинж тэмдэгтэйгээр өвчилж, үүнээс 5798 толгой малыг зориудын устгалд оруулсан байна.

2018 оны тавдугаар сарын 5-ны байдлаар Архангай аймгийн Хотонтын сум дамнасан голомт /Хотонт, Өгийнуур/, Ихтамир, Өвөрхангай аймгийн Өлзийт, Зүүнбаян-Улаан сум зэрэг нийт хоёр аймгийн таван суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна.

Эх сурвалж: Мал эмнэлэг, үржлийн газар

ЭХ СУРВАЛЖ 2

“Вакциныг өндөр үнээр төрд шахдаг байсныг зогсоосон”

Шүлхий өвчинтэй тэмцэх арга нь зөвхөн вакцин уу, ОХУ-аас нийлүүлж байгаа вакцины чанар ямар байна вэ? Монгол Улс дотооддоо шүлхий өвчинтэй тэмцэх вакцин үйлдвэрлэх боломжтой юу зэрэг асуудлаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуягтай ярилцлаа.

-Шүлхий өвчинтэй тэмцэх арга нь зөвхөн вакцин хийх л юм уу. Дэлхий нийт энэ төрлийн өвчинтэй ямар аргаар тэмцдэг юм бэ?

-Вакцин бол шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дархлаа тогтоодог болохоос тэмцдэг арга биш. Шүлхийн вирус нь А, О, Ази-1, С, САТ-1, САТ-2, САТ-3 гэсэн дархлаа төрүүлэх чанараасаа хамаарч дотроо 40 гаруй дэд хэвшилд задардаг.

Мал энэ өвчний халдвар авсан тохиолдолд аль хэвшлийнх вэ гэдгийг дээж авч, олон улсын лавлагаа лабораториор шинжлүүлсний дараа түүнд нь тохирсон вакциныг захиалж, тарьдаг. Вакцин тарихад малд 100 хувь дархлаа тогтдоггүй, 80 гаруй хувийн л дархлаа тогтдог. Өөрөөр хэлбэл, шүлхий өвчин гарсан тохиолдолд тэмцэх гол арга нь хорио цээр гэж ойлгох хэрэгтэй.

Аль ч улсад мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарахад тухайн газарт нь хорио цээрийг хатуу чанга тавьдаг. Хорио цээрийг хэдий сайн тавина, халдварыг цааш тархаахгүй тухайн орчинд нь нам дарах боломжтой.

-Монголд өнөөдөр 13 аймгийн 40 гаруй суманд малын шүлхий өвчин дэгдсэн нь хорио цээрийг сахиулж чадсангүй гэж дүгнэж болох уу. Нийслэлд хүртэл шүлхий өвчин гарсан?

-2010 онд анх Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт шүлхий өвчин дэгдэхэд хорио цээрийн дэглэмийг маш сайн тавьсан. Тухайн бүс рүү хүн нэвтрүүлдэггүй, гаргадаггүй. Хоол ундыг нь хилийн цэсэд хүргэж, цаанаас нь зориулалтын хувцастай хүн ирж аваад, тээврийн хэрэгслийг бүрэн ариутгаж, ажиллаж байсан. Богино хугацаанд зардал багатай дарж чадсан.

Одоо бол хариуцлагагүй байдал дэндсэн. Хорио цээрийн дэглэм тогтоосон бүсээс өвс, тэжээл зөөнө, отор нүүдэл хийнэ. Хурал хийнэ, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулна. Ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн гүйцэд хийдэггүй. Өвөлжөө, хаваржааг 100 хувь ариутгах ёстой ч энэ ажлыг дутуу дулимаг хийдэг. Иргэдээс “Улаанбаатар хотоос гарч байгаа болон орж ирж байгаа авто машины дугуй руу уусмал цацаад гишгүүрийг үлдээлээ” гэдэг гомдол ирдэг. Ариутгал халдваргүйжүүлэлтийг ямар төвшинд хийж байна вэ гэдгийг л харуулсан бодит үнэн.

Мөн хүмүүсийг уураар ариутгаад явуултал хатгаа авах, тэндээс эхлээд асуудал үүсэх гээд хаа, хаанаа хариуцлагатай хандах шаардлага тулгараад байна.

-Цаашдаа яах вэ. Бүх малаа энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр урьдчилан сэргийлж вакцинжуулалтад хамруулах юм уу. Эсвэл өвчин гарсан тохиолдолд л Орос руу вакцин захиалж тарина гэсэн үг үү. Хариуцлагыг ч бас чангатгах шаардлага тавих ёстой болж байна?

-Хуучнаа санагалзаж байгаа юм биш шүү. 1990 оноос өмнө жил бүрийн тавдугаар сарын 1-ээс аравдугаар сарын 20-ний хооронд Монгол Улсын мал аж ахуйн салбарт хийх хаврын 13 ажил, намрын найман ажил хуульчлагдсан байсан. Хөдөөд амьдардаг найман настнаас 80 настан бүгд мэддэг, түүндээ бэлтгэдэг байлаа. Энэ тогтолцоо руу орох хэрэгтэй.

Эхнээсээ зарим ажил хийгдэж байна. Засгийн газар, салбарын яам мал, амьтны гоц халдварт өвчинд онцгой анхаарал хандуулж, шат, шатанд үүрэг хариуцлага хүлээдэг байх тогтолцоонд шилжүүлж байна. Тухайлбал, Засгийн газрын гишүүд, Онцгой комиссын гишүүн нэг бүрийг аймаг хариуцуулъя. Улиралд хоёроос доошгүй удаа хариуцсан аймагтаа ажиллана. Ажлын хэрэгжилт ямар төвшинд байгааг газар дээр нь очиж шалгана. Аймаг бүрийн сумдын тоо өөр. Зарим аймаг 26 сум, зарим нь 13 сумтай. Аймаг болгон дээр тухайн аймгийн Онцгой комиссын дарга нь шат, шатны агентлагийн дарга нараар сумдыг хариуцуулна. Төлөвлөсөн ажил хугацаандаа хийгдээгүй бол шат, шатанд нь хариуцлага тооцно.

Мал эмнэлэг, үржлийн газар тарилга хийх календарчилсан төлөвлөгөө гаргаснаа бүх аймаг, нийслэлийн хувийн мал эмнэлэг, төрийн мал эмнэлэгт хүргүүлж байгаа. Тэр календарьт заасан хугацаанд багтааж вакцинаа хийнэ.

Хэрэв бид шүлхийн, цусан халдвартын, боом, бруцеллёз зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, төр даадаг вакцинаа цаг хугацаандаа олгоогүй, тасалдуулсан, чанаргүй вакцин хүргүүлсэн бол хариуцлагаа хүлээнэ.

Хүргүүлсэн вакциныг цаг хугацаанд нь тариагүй бол малын эмч нар хариуцлагаа хүлээнэ. Тарилга зохион байгуулахад малаа бүрэн хамруулаагүй, барьж хүлж өгөөгүй, хашаа хороогоор хангаагүй бол малчин хариуцлага хүлээнэ.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд бүх хариуцлагыг заасан байгаа. Тухайлбал, хотонд нь шүлхий өвчний шинж тэмдэг илэрлээ гэхэд малын эмчдээ хоёр цагийн дотор мэдээлэх үүрэгтэй. Хэрэв энэ тухай мэдэгдээгүй, хорио цээрийн дэглэм тогтоосон байхад нүүсэн,  үзлэг шинжилгээнд хамрагдаагүй малыг өөр аймгийн нутаг руу аваад явсан, үүнээс болж, мал, амьтны өвчин дэгдээсэн, энэ нь  мэргэжлийн байгууллагаар тогтоогдох юм бол малчинд нөхөн олговор олгохгүй. Харин ч дээрх өвчний улмаас гарсан ажиллах хүчнээс эхлээд бүхий л зардлыг малчнаар төлүүлнэ.

-Төр хариуцдаг вакцины тухай та ярилаа. Ямар вакциныг төр, ямар вакциныг малчин хариуцах үүрэг хүлээдэг юм бэ. Жилд хэдий хэмжээний зардал төсөвт суулгадаг вэ?

-Малын 77 нэр төрлийн өвчин байдаг. Эдгээрээс гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 40 гаруй вакцин, туулгалтыг төр, 20-иод төрлийнхийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлдэг. Үлдсэн 20 орчим өвчний эсрэг туулгалт, угаалга, вакцин зэргийг малчин хариуцдаг.

Энэ жил 25.6 тэрбум төгрөг тавигдсаны 14 тэрбум төгрөгөөр дотоод, гадаад вакцин худалдан авч байна. Дотоодоос буюу Биокомбинатаас 40 гаруй нэр төрлийн вакцин авдаг.

-Шүлхийтэй тэмцэхэд төсвөөс хэдэн тэрбумыг зарцуулж байна вэ?

-Гоц халдварт өвчин, халдварт өвчинд 14 тэрбумыг зарцуулна. Одоогийн байдлаар 4.3 тэрбумыг зарцуулаад байгаа.  Үйлчилгээний зардал мөн багтсан.

-ОХУ-аас буцалтгүй тусламжаар вакцин нийлүүлж байна. Энэ нь хэчнээн толгой мал вакцинжуулах боломжтой вакцин бэ?

-Бид 4.5 сая тун вакцин авсан, арилжааны журмаар 3.2 сая тун вакцин авна. Ирэх есдүгээр сард арилжааны вакцинаа хүлээн авна. Тэрний наана ОХУ-ын буцалтгүй тусламжаар 1.4 сая тун вакциныг таван сардаа багтаан авна.

ОХУ-аас буцалтгүй тусламжаар нийлүүлж байгаа вакцин нь зөвхөн энэ оноос эхэлсэн юм биш.

Засгийн газраас малаа эрүүлжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 2011-2016 оны хооронд ОХУ-аас 23 сая тун вакцин авч, малдаа тарьсан. Энэ нь 100 хувь буцалтгүй тусламжаар ирсэн вакцин юм. Нийт өртөг нь 8 сая гаруй ам.доллартай тэнцэнэ. 60 гаруй сая толгой малыг вакцинжуулсан. Дээрх хугацаанд шүлхий өвчин гараагүй.

-Шүлхийн вакцин чанартай эсэх асуудал өнгөрсөн хугацаанд нэлээд хөндөгдлөө. Нийлүүлэлт нь мафийн системд шилжсэн ч гэх шиг эрүүгийн чанартай зүйлүүд ч нэлээд яригдлаа. Бодит мэдээллийг өгөөч, вакцины чанарт хяналтыг хэрхэн тавьдаг юм бэ?

-ОХУ-аас мэргэжлийн хүмүүс нь манайд ирж, шүлхий гарсан таван аймгаас 1800 дээж авч, нийлүүлсэн шүлхийний эсрэг вакциных нь идэвх ямар байна вэ гэдгийг судлаад, мэдээгээ ирүүлсэн. Үйлчлэл нь 86 хувьтай байгаа. Дээрээс нь бид тусламжийн вакциныг ч арилжааны вакциныг ч шалгах ёстой. Мэргэжлийн хяналт, цагдаа, лабораторийн хүмүүс оруулсан хөндлөнгийн хүмүүс гаргаж ажлын хэсэг томилоод огт шүлхий гараагүй 500 малыг тусад нь ялгаад ОХУ-аас нийлүүлсэн вакциныг тарьсан. Цус ийлдсийг авч өсөлт бууралт нь ямар байна вэ гэж вакцины идэвхийг тогтоож байгаа. Бид ч оролцдоггүй, хөндлөнгийн байгууллага шалгадаг юм.

Ер нь бол энэ асуудлаас болж, хоёр улсын харилцаанд ч сөргөөр тусаж байна. Монгол дахь ОХУ-ын Элчин сайдын яамнаас мэдэгдэх хуудас ирүүлсэн. “Хамтын ажиллагааны хүрээнд вакцин нийлүүлсэн. Гэтэл танай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мафижлаа гэх мэдээлэл цацагдлаа, шалгаж тогтоо” гэсэн.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт хандан вакцинтай холбоотой асуудлыг шалгаж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Шалгалтын дүн гарсан, зөрчил гараагүй.

Хоёр дахь шалгалт дахиад саяхан хийгдэж эхэллээ. Цагдаа, мэргэжлийн хяналтынхнаас бүрдсэн баг. Нэгэнт энэ асуудлыг шалгаж байгаа болохоор вакцин хуурамч гэж ярьсан, мэдээлэл цацсан хүмүүсийг ч давхар шалгах ёстой.

-Вакциныг анхны үнээс нь хоёр, гурав дахин нугалж, “шахдаг” гэдэг нь үнэн юм уу?

-Юуг нь нуух вэ, Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль гарахаас өмнө вакциныг дэндүү өндөр үнэтэй төрд шахдаг наймаа байсан. Улсад хохирол учруулдаг байсан учраас 2017 онд нэг ч тун вакциныг тендерээр худалдаж аваагүй.

Бид Засгийн газраас вакциныхаа чанарт хариуцлагаа хүлээе, шууд худалдан авалтыг бидэнд өгчих. Тендер зарлах хугацаа ч үгүй байна гэдгээ хэлсэн.  Худалдан авахын өмнө Засгийн газраар шийдвэр гаргуулдаг. Чанарыг нь түрүүн ярьсан горимоор шалгуулдаг.

-Тендергүйгээр шууд вакцин авахаар үнэ хэр буурч байна?

-Тендерээр шүлхийн нэг тун вакциныг 1600 төгрөгөөр авч байсан бол шууд худалдан авалтаар 813 төгрөг болсон. Тендерээр мялзангийн эсрэг нэг тун вакцин 154 төгрөгөөр авч байсан бол шууд худалдан авалтаар 51 төгрөг болж буурсан. Өмнө нь тендерээр авч байсан үйлдвэрээс авахад үнийн ийм ялгаа гарсан.

-Вакцин тээвэрлэлтэд хяналт тавьж чаддаг уу. Малчны хотонд хүрэх хүртэл ч нэлээн зайтай шүү?

-Вакциныг оросууд өөрсдийн тээврийн зардлаар Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд тээвэрлэж авчирдаг. Мэргэжлийн байгууллагуудаас оролцсон хүмүүс хяналт тавьж, вакциныг хүлээн авдаг. Бүх индикатор нь дотроо байгаа, шалгалтын тестүүд нь ирж байгаа. Тэр бүгдийг нь хянаад шалгана. Онгоцноос буулгаад бүх аймгийн төвийн лаборатори хүртэлх процесс чанарын хяналттай, технологийн орчинд, зориулалтын тээврийн хэрэгслээр хүргэдэг. Харин аймгаасаа суманд, сумаасаа Дорж гуайн суурьт хүргэхэд асуудалтай. Энийг би нуухгүй.

-2 градус хүртэлх орчинд байх ёстой вакциныг сумын малын эмч мал тарихаар -35 градусын хүйтэнд мотоцикл дээрээ дүүрээд л аваад явдаг. Гадаа -25 хэм зааж байхад айлын орон доогуур өнөөх вакцин байж байх жишээтэй. Оросууд манайд өвөл вакцин өгөх сонирхолгүй. “Яагаад танайх өвөл вакцин тариад байгаа юм бэ? Тавдугаар сараас хойш вакцин авч, тарьж байгаач ээ. Өвлийн хүйтэнд вакцин тарих чинь чанарт нөлөөлнө” гэж хэлдэг.

Гэвч өвлөөр шүлхий дэгдэхээр яах ч арга байдаггүй. Аймгийн Засаг дарга нар өдөр, шөнөгүй утасдаж, вакцин нэхдэг. УИХ-ын гишүүн нь хүртэл вакцинд оролцдог болсон.

Бид энэ жилээс тавдугаар сарын сарын 1-ээс наймдугаар сарын 20- гэхэд вакцинаа татан авч дуусгана. Үе шаттай авч эхэлж байна.

-Дотооддоо шүлхийний эсрэг вакцин хэзээнээс үйлдвэрлэдэг болох вэ. Биокомбинат үйлдвэр вакцин үйлдвэрлэдэг, энэ үйлдвэр шүлхийн эсрэг вакцин үйлдвэрлэж чадахгүй байгаа нь технологи нь хоцрогдсоных уу, эсвэл гадаадад захиалснаас өндөр үнэтэй тусдаг юм уу?

-Биокомбинат 1972 онд ашиглалтад орсон үйлдвэр. Өнөөдөр барилга нь актад орсон ч үйлдвэрлэл нь явж байна. 44 нэр төрлийн эм, био бэлдмэл үйлдвэрлэдэг. Тус комбинатын одоогийн үйлдвэрлэж байгаа вакцины чанар, савлагаа нь хоцрогдсон, муудсан.

Вакцинаа 500 граммын савлагаатайгаар үйлдвэрлэдэг. 200 хоньтой айлд очоод өнөөх вакциныг тарихад 200 грамм нь хаягддаг. 50, 100 граммын савлагаатайгаар үйлдвэрлэх боломжгүй байдаг. Шинжлэх ухаан хөгжсөнөөр улс орнууд нэг вакцинаар 2-3 төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой вакцин үйлдвэрлэдэг болсон.  Энэ тал дээр манайх хоцрогдсон. Тийм учраас Унгарын Засгийн газарт хандаад 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Биокомбинатыг шинэчлэх асуудал тавьсан юм. Харамсалтай нь, шийдэж чадалгүй арван жил ярилаа. Унгар улсын Засгийн газар хөнгөлөлттэй зээл олгоё гээд тендер зарлагдах шатан дээрээ очиход тухайн үеийн Биокомбинатын удирдлагууд “ашиггүй” гээд зогсоосон.

Харин өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас 25 сая ам.доллар дахин яригдаад аль, аль нь техникийн шийдлүүддээ хүрсэн. Одоо Биокомбинатын хуучин барилгыг өргөтгөн шинэчлэх биш тусдаа шинээр вакцины үйлдвэр барина. Хуурай болон шингэн вакцин үйлдвэрлэнэ. Жилдээ 15-20 сая тун хуурай, 10-15 сая тун шингэн вакцин үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр баригдах юм. Дагаж Олон улсын лавлагаа том лабораторитой, тэнд ажиллах боловсон хүчнээ сургах зэрэг хэд, хэдэн ажил давхар явна. Ажил төгсгөлийн шатандаа буюу тендер зарлахад бэлэн болж байна. Бүх бичиг баримт, техникийн тодорхойлолт дээрээ хоёр тал тохиролцсон. Болж өгвөл ирэх зургадугаар сард барилгын шавыг нь тавиулах санаатай байна.

-Үйлдвэр ашиглалтад орсон нөхцөлд шүлхийний эсрэг вакцин үйлдвэрлэх үү?

-Шүлхийнээс бусад вирусын төрлийн бүх вакциныг үйлдвэрлэдэг болно. Шүлхийг үйлдвэрлэхэд технологи нь гайгүй ч аюулгүй орчин өндөрт тавигддаг учраас 25 сая ам.долларт шүлхийний вакцин үйлдвэрлэх боломж байхгүй байгаа.

Эхний ээлжинд бусад вакцинаа шийдье. Экспортолдоггүй юм аа гэхэд ядаж дотоодынхоо хэрэгцээг хангадаг болох нь нэн чухал юм. Дараа нь Унгар улстай дахин яриад шийдэж болно. Арга бий, бүр болохгүй бол захиалаад, хуурай бэлдмэлийг авч ч болно. Өөрөөр хэлбэл, шүлхийн омог хэвшилд нь таарсан хуурай вакциныг захиалж авчраад, энд ээ шингэлээд вакцинаа үйлдвэрлэдэг технологи байж болно.

Шинэ үйлдвэртэй болоход Ерөнхийлөгч ч анхаарал хандуулж, Засгийн газар ч шахаж ажиллаж байгаа, биднийг. Ажил болгочихвол маш том асуудлыг шийднэ.

-Шүлхий гарлаа гэж мэдээлэх нь хэр зөв юм бэ. Энэ нь эдийн засагт сөргөөр нөлөөлөх үү?

-Шүлхий өвчний талаарх мэдээллийг түгээх нь тодорхой журамтай байдаг. Эхлээд тухайн өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд малын эмч болон нутгийн удирдлага, төр, захиргааны байгууллагад мэдэгдэнэ. Лабораторийн шинжилгээний дүнг баталгаажуулсны дараа Монгол Улсын Малын ерөнхий эмч Б.Цолмон дээр бүх шинжилгээ болон холбогдох байгууллагын захирамжууд ирсний дараа хэвлэл мэдээллээр мэдээлж болно гэсэн журам үйлчилж байгаа. Энэ журамд өөрчлөлт орж болзошгүй. Учир нь, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль 2017 оны арванхоёрдугаар сард УИХ-аар батлагдсан. Энэ хуулиар мал, амьтны халдварт өвчин гарсан, сэжиг илэрсэн тохиолдолд шуурхай арга хэмжээ хэрэгжүүлэх, оношийг баталгаажуулан нийтэд мэдээлэх, хорио цээр, хязгаарлалтын бүс тогтоох, уг бүсэд цогц арга хэмжээ хэрэгжүүлэх асуудлыг тусгаж өгсөн. Түүнчлэн мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд оролцогчдын үүрэг, хариуцлагын зааг ялгааг уг хуулиар илүү тодорхой болгож өгсөн. Мөн “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуульд төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллага, хувийн мал эмнэлэг, мал эмнэлгийн лаборатори, иргэн, хуулийн этгээд тэдгээрийн эрх үүрэг, малын эмчид итгэмжлэл олгох үйл ажиллагаа, мэргэжлийн ёс зүй, мал эмнэлгийн байгууллагын чиг үүргийг илүү нарийвчлан тусгасан. Уг хууль ирэх зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.

Г.НЭРГҮЙ

У.ОРГИЛМАА

ЭХ СУРВАЛЖ 3

Б.Батзориг: Малын эрүүл мэндийн алдагдсан хяналтаа төр эргүүлэн авна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригтой малын халдварт өвчний талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон малчдын хариуцлагын асуудлаар ярилцлаа.

-Өнгөрч буй өвөл хэд хэдэн аймаг болон нийслэлд малын халдварт өвчин гарсан. Одоо нөхцөл байдал ямар байна вэ?

-Монгол Улсын мал өсч, өнгөрсөн онд 66,2 сая толгой мал тоолуулсан. Өмнөх оноос 7,6 хувиар өссөн. Энэ жил 22 сая толгой төл хүлээж авахаас, мал төллөлт 50 хувьтай, төл бойжилт 98,6 хувьтай байна. /Энэхүү ярилцлагыг 2018 оны дөрөвдүгээр сарын 27-нд авав/ Одоо бид малынхаа тоонд бус чанарт анхаарах бодлого барьж ажиллана. Малын үйлдвэр угсааг сайжруулах, нэгж малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх чанарт анхаарна. Монгол Улс газар тариалангийн бүс, хот суурин газраа түшиглэж эрчимжсэн мал аж ахуй, хөнгөн үйлдвэрээ хөгжүүлэх, гурван сая иргэнээ экологийн цэвэр хүнсээр хангасан хөдөө аж ахуйг хөгжүүлэхээр ажиллаж байна. Мал нэг бүрээс авах ашиг шимийг нэмэгдүүлж, малын гаралтай бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах, экспортлохыг зорьж байна. Ингэхийн тулд чанарын асуудлыг ярих хэрэгтэй. Тиймээс бид УИХ-аар хоёр суурь хууль болох Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Генетик нөөцийн тухай хуулиудыг намрын чуулганаар батлуулсан. Хууль ирэх зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Түүний өмнө Мал эмнэлгийн ерөнхий газар гэх агентлаг байгуулагдана. Ингэснээр малынхаа эрүүл мэндийн алдагдсан хяналтыг төр өөртөө бүрэн авах боломжтой болох юм. Малын гаралтай халдварт өвчин гарсных нь дараа тэмцдэг байсан бол хууль хэрэгжсэнээр урьдчилан сэргийлдэг болох юм. Хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор Засгийн газраас урьдчилан сэргийлэх ажлаа тогтмол хийх, мал сүргээ болзошгүй өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх технологийн ажлыг орон даяар бүх нийтийн арга хэмжээ авдаг байхаар шийдвэрлэсэн. Засгийн газар, орон нутгийн төрийн захиргааны болон мэргэжлийн байгууллага, малчид гээд бүх нийтээрээ хариуцлагатай, хяналттай байх ажлаа хийнэ. Жил бүрийн тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх бүх ажлыг орон даяар нээлттэй хийнэ. Мал өвчлөхгүй байснаар малаас гарах түүхий эд чанаржина.

-Төрөөс тодорхой хэмжээний арга хэмжээ авч байгаа боловч нөгөө талдаа малчдын хариуцлагагүй байдал, халдварт өвчин гарсан тохиолдолд нуун дарагдуулах зэрэг хариуцлагын асуудал хөндөгдөж байна?

-Өмнө өгүүлсэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд төр нь ч, малчид нь ч хариуцлагатай байхаар зохицуулалт хийж өгсөн. Ялангуяа төрөөс тодорхой малын өвчнөөс сэргийлэх угаалга, тарилга, вакцин зэрэг арга хэмжээ авах хугацаанд малчин өөрөө санаачилгатай хамруулах ёстой. Хэрэв туулга хийлгээгүй, вакцин хийлгээгүйгээс халдварт өвчин гарвал хохирлыг малчин гаргахаар тусгасан. Өмнө нь өвчин гарахад төрөөс санхүүжилт гаргаж, ариутгах, устгах, өвчтэй мал устгавал нөхөн төлбөр олгох гэх мэт хариуцлагын асуудлыг тусгасан. Мөн нөхөн олговор олгохгүй байх зэрэг зохицуулалт орсон. Тиймээс бид хуулийн хэрэгжилтэд анхаарч, орон даяар бүх нийтийн аян болгон зарлаад байна. Энэ аянд иргэн, малчид холбогдох байгууллагууд гээд бүгд оролцоод явах ёстой юм.

-Малчдыг илүү хариуцлагатай болгож байна гэсэн үг үү?

-Хуульд малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг товлосон хугацаанд хийхээр заасан. Зайлшгүй шаардлагаар хэрэгжүүлэх мал эмнэлгийн арга хэмжээнд мал, амьтнаа тогтоосон хугацаанд хамруулаагүйгээс бусдад учирсан хохирол болон тухайн арга хэмжээг нөхөн хэрэгжүүлэхэд зарцуулсан зардлын малчин хариуцахаар хуулийн 6.5-д тодорхой тусгасан. Малчин малаа тээвэрлэхдээ орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ авах үеэр сэг зэм устгах тусгай цэг байгуулах, цуглуулж устгахыг хуульд заагаад өгчихсөн. Ер нь бол малчид нь ч төр ч хариуцлагатай байхын тулд халдварт өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг илүү нарийвчилж, тодорхой болгосон. Мал эмнэлгийн байгууллагаас халдваргүйжүүлэх, урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авахдаа малчдад тогтмол мэдээлэл өгч, малчид ч тогтмол хамрагдаж байх ёстой. Халдварт өвчний сэжигтэй байдал үүссэн л бол гарах, явах, нүүх, малаа тусгаарлах гээд малчдын хариуцлагатай холбоотой заалтуудыг хуульчилсан.

-Малын халдварт өвчинтэй тэмцэхэд боловсон хүчин дутмаг. Мөн нөгөө талаар малчид мэдээлэл муутай байдаг гэсэн шүүмжлэл их байдаг?

-Сүүлийн үед малын халдварт өвчинтэй тэмцэх боловсон хүчний бодлого алдагдсан. Тиймээс төр үүн дээр анхаарал хандуулж, залгамж халааг нь бэлтгэж, дэмжинэ.

Малын халдварт өвчин, шүлхий өвчин гарч байна гэдэг нь малын эрүүл мэндийн хяналт алдагдсаных. Өвчин гарахад тэмцдэг биш урьдчилан сэргийлдэг байх нь чухал.

Мөн энэ жил бид вакцинаа дотооддоо үйлдвэрлэх үйлдвэр барихаар Унгарын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл авах гэж байгаа. Тус үйлдвэрийн ТЭЗҮ удахгүй бэлэн болно. Тэгэхээр бид өвчин гарсан үед вакцин худалдаж авна гэж хүлээх биш дотооддоо үйлдвэрлэж, хэрэгцээнийхээ тодорхой хувийг хангаад явах боломж бүрдэнэ. Түүнээс гадна үйлдвэрлэж чадахгүй энэ цаг үед вакцины асуудлыг зөвхөн нэг л улсаас авдаг байх нь зөв. Тэгэхгүй бол хаанаас орж ирээд, ямар үр дүнтэй, хариуцлагын асуудал ярихад ч хүндрэлтэй болдог. Хуульд энэ зохицуулалтыг ч хийж өгсөн.

-Малчид халдварт өвчнөөр өвчлөөгүй ч онд ороогүй малаа шүлхий тусгаж, нөхөн төлбөр авч байна гэсэн яриа байна. Энэ бодитой юу?

-Энэ бодитой биш байх. Онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага ажиллаж байгаа үед ийм зүйл болох боломжгүй. Ер нь бол нэг үеэ бодвол малчид маш их хариуцлагатай болсон.

-Малын халдварт өвчөөр өвчилсөн малыг устгалд оруулснаар улсын төсвөөс хэдэн төгрөгийн нөхөн төлбөр олгосон бэ?

-НҮБ-ын зөвлөмжийн дагуу шүлхийтэй газрууд гурван аргаар шүлхийтэйгээ тэмцдэг. Сүргийг бүхлээр нь устгах, тухайн өвчин гарсан газрын малыг устгах, тэнхэлгүй байгааг нь устгах гэсэн арга бий. Монголд бол тэнхэлгүй, хүндэрснийг нь устгалд оруулдаг. Зөвхөн 2017 оны нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд 13 аймаг, 44 сум, дүүрэгт гарсан малын гоц халдварт шүлхий өвчний улмаас 15571 толгой мал зайлшгүй шаардлагаар зориудын устгалд оруулсан. Үүнд нийт 10 тэрбум төгрөг зарцуулсан байгаа. Энэ бол эдийн засгийн хувьд маш хохиролтой. Тиймээс л урьдчилан сэргийлдэг, тэмцдэг арга барилаа өөрчилж, төр малын эрүүл мэндийн хяналтаа хийгээд явах юм.

Ш.ОЮУНЧИМЭГ

ЭХ СУРВАЛЖ 4

“Нийслэлд шүлхий бүрэн дарагдсан гэж хэлж чадахгүй”

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн гуравдугаар сард шүлхийн халдвар илэрч, хорио цээрийн дэглэм тогтоохоос аргагүйд хүрсэн. Энэ үед хэрхэн ажилласан талаар Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга М.Адилбиштэй ярилцлаа.

-Нийслэлд гарсан шүлхийн халдвар намжлаа. Дахин тархахгүй гэж ойлгож болох уу? Хэдий хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоож байж, аюулгүй болгов?

-Өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд оршин суух иргэний таван үхрийн гуравт шүлхий өвчний шинж тэмдэг илэрлээ гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Сонгинохайрхан дүүргийн Мал эмнэлгийн газар хамтран ажилласан. Өвчилсөн мал нь шинжилгээгээр шүлхий болох нь батлагдсан тул гуравдугаар сарын 28-нд хорио цээрийн дэглэм тогтоож, голомтод байсан үхрүүдийг бүгдийг устгалд оруулсан. Хорио цээрийн дэглэмийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд буулгасан. Дэглэм хэрэгжих хугацаанд мал, амьтан нэмж өвчлөөгүй. Гэхдээ бүрэн дарагдсан гэж хэлж чадахгүй.

-Нийслэлд шүлхий өвчин гарсан нь юунаас болов?

-Нийслэлд гарсан шүлхийн хувьд тухайн иргэн шүлхийн голомтоос таван үхэр аваад түүнийгээ вакцинд хамруулалгүй нуусан байсан.

-Дээрх шиг алдаа гаргаж буй иргэнд ямар хариуцлага тооцдог вэ?

-Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль шинэчлэгдэж, 2018 оны зургадугаар сарын 1-нээс хэрэгжих гэж байна. Хуулиар малчид, иргэдийн хариуцлагыг өндөрсөж байгаа. Малаа вакцинд хамруулаагүйгээс халдварт өвчин үүссэн, тархсан тохиолдолд түүнтэй тэмцэх зардлыг малчин хариуцахаар хуульд туссан.

-Шүлхийн халдвартай малыг устгаж, малын эзэнд нөхөн олговор олгодог. Гэтэл нөхөн олговроо аваагүй гэж гомдоллож байгаа хүн олон байна. Нөхөн олговрыг хэрхэн авах вэ?

-Нөхөн олговрын хэмжээ хуульд зааснаар зах зээлийн үнийн 90 хүртэлх хувьтай тэнцүү байдаг. Улсын эдийн засгийн байдлаас шалтгаалан нөхөн олговор урт хугацааны дараа иргэнд очиж байх шиг байна. Ерөнхийдөө иргэн нөхөн олговор авахдаа тухайн дүүргийнхээ Онцгой байдлын газарт хүсэлт гаргах хэрэгтэй.

-Нийслэлийн хэмжээнд вакцинжуулалт эхэлсэн гэж сонссон. Хэчнээн тооны малыг вакцинд хамруулаад байна вэ?

-Нийслэлд 500 гаруй мянган толгой мал бий. Товлолт вакцин тавдугаар сарын 1-нд эхлэх байсан ч нийслэлд шүлхий гарсан тул дөрөвдүгээр сарын 20-нд эхэлсэн. Эхний ээлжид 130 толгой малыг вакцинжуулалтад хамруулаад байна.

-Өнгөрсөн жил шүлхийн вакцинд 8.7 тэрбум төгрөг зарцуулсан. Гэвч энэ жил шүлхий гарсан. Бүр вакцин хийлгэсэн мал хүртэл шүлхийгээр өвчилсөн гэх мэдээлэл байна. Энэ нь вакцины чанартай холбоотой юу, үгүй юу?

-Вакциныг аль ч орноос, дурын байгууллага оруулаад ирдэггүй. Маш олон шалгуур үзүүлэлтээр шүлхийн вакциныг оруулж ирдэг. Вакциныг үйлдвэрлэхэд хугацаа хэрэгтэй байдаг. Үүнээс шалтгаалаад бидний хүссэн хугацаанд, хүссэн хэмжээгээр ирдэггүй. Нарийн шалгуураар орж ирж байгаа вакциныг чанаргүй байсан, улс муу ажилласан гэж хэлж болохгүй. Өнгөрсөн жилийн хувьд Энэтхэг болон ОХУ-аас тосон суурьт вакцин, хөнгөн цагааны усан исэлт вакцин зэрэг гурван төрлийн вакцин захиалж, малд хийсэн. Вакцин хийлгэсэн мал шүлхийгээр өвчилсөн тохиолдол гарсныг би мэдэхгүй.

-Нийслэлчүүд хүнсэндээ шүлхийн вакцинтай мах хэрэглэж байгаа юм биш биз. Үүнд хяналт тавьж байна уу. Энэ тохиолдолд хүний биед ямар сөрөг нөлөөтэй вэ. Шүлхийн вакцин хийлгэснээс хойш хэд хоног мах, сүүг нь хэрэглэж болохгүй вэ?

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар эдгээрт хяналт тавьж байгаа. Ямар ч вакцин биеэс гадагшлах хугацаатай. Шүлхийн вакцин хийлгэснээс хойш тухайн малын мах, сүүг 14-21 хоног хэрэглэж болохгүй. Хориотой хугацаанд тухайн малын мах, сүүг хэрэглэсэн тохиолдолд эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.

-Улсын хэмжээнд 7.1 сая тун шүлхийн вакциныг малд хийх ёстой. Гэтэл 66.2 сая толгой малтай. Вакциныг хэрхэн хуваарилдаг юм бол?

-Вакциныг бүх малд хийж, хангалттай хэмжээнд байлгах боломжгүй. Тиймээс судалгаа явуулж, хаана, хэдэн толгой малыг вакцинд хамруулахыг шийдвэрлэдэг.

Р.РЕНЧИНДУЛАМ

ЭХ СУРВАЛЖ 5

Хорио цээрийн дэглэмийг сахидаггүй нь өвчин тархахад нөлөөлсөн

Шүлхий өвчин олон аймагт тархахад юу нөлөөлсөн талаар Мал эмнэлэг, үржлийн газрын, Мал эмнэлгийн  хэлтсийн дарга Б.Цолмонтой ярилцлаа.

-Энэ жил шүлхий олон аймагт тархсан шалтгаан нь  юу вэ?

-Өнгөрсөн жилийн зун зуншлага муу байснаас шалтгаалан төвийн болон баруун бүсийн малчид зүүн болон говийн бүсэд отор нүүдэл их хийсэн. Баруун болон төвийн бүсийн малчид малаа вакцинжуулалтад хамруулах нь бага байдаг. Ийн отор нүүдлээр өөр аймагт ирээд мал нь халдвар авсан. Зарим малчин нь өвчтэй малаа аваад өөр аймаг руу  нүдэлсэн байдаг ч юм уу, өөрийн аймагтаа буцаж очдог ч юм уу малын шилжилт хөдөлгөөнөөс үүдэн тархалт хурдацтай явсан.

Хоёрдугаарт, суманд тогтоосон хорио цээрийн дэглэм хэрэгжилт хангалтгүй байна. Хорио цээрийн дэглэм хэрэгжих хугацаанд тухайн бүсэд хүн, малын шилжилт хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах,  малаа хариулахдаа  өөр айлын малтай нийлүүлэхгүй байх зэрэг шаардлага тавигддаг. Газар дээр нь очоод шалгахаар энэ нь ор нэр төдий.

Хорио цээрийн дэглэмийг бүрэн утгаар нь хэрэгжүүлж чадаагүй нь өвчний халдварыг тархаахад нөлөөлсөн. Вакцинжуулалт хийлээ гээд Монгол Улсын бүх малыг аварчих юм биш гэдгийг малчид сайн ойлгох хэрэгтэй. Отор нүүдэл хийх гэж байгаа бол тухайн орон нутагтаа эхлээд мэдэгддэг, малаа урьдчилан үзлэгт хамруулдаг байх шаардлагатай.

-Малчид малаа вакцинжуулалтад хамруулдаггүй гэлээ. Тэгвэл тухайн малчдад ямар хариуцлага тооцдог юм бэ?

-Зөрчлийн тухай хуульд зааснаар  улсын байцаагч хариуцлага тооцно. Торгуулаад өнгөрөх эсвэл үнэхээр тухайн хүний буруутай үйлдлээс болж өвчин тархсан байна гэж үзвэл учирсан хохирлыг төлөх хүртэл арга хэмжээ авдаг. Одоогоор ингэж арга хэмжээ авахуулсан хүн байхгүй. Хорио цээрийн дэглэм зөрчсөн малаа нуусан зэрэг зөрчлүүд ихээр илэрдэг. Малчид үүргээ дутуу ухамсарласнаас болоод ийм нөхцөл байдал үүсч байна.

-Шүлхийтэй малтай харьцсан хүний хувцсанд өвчний вирус хадгалагддаг гэж үнэн үү?

-Тийм ээ. Шүлхийтэй малтай харьцсан л бол хувцас нь вирусээр бохирлогддог. Вирус нь 98 хоног өвчин үүсгэгч чадвартай байдаг. Шүлхий өвчний вирус, вирусээр бохирлогдсон эд зүйлээр дамжин халдварлана. Бүр өвчилсөн малын шээс, баас, сүү гэхчлэн гарч байгаа бүх шингэн зүйлээр вирусээ гадагшлуулна. Дээрээс нь нэмээд сүрэг дотроо агаар дуслын замаар өвчний халдвар дамжина. Өвчилсөн үхэр машин шөргөөлөө гэж бодоход  тэр газраар өөр  машин явчих юм бол бохирлогдсон эд зүйл болоод явчихна. Малаа нэг худаг дээр усалдаг байх нь хүртэл энэ өвчнийг тараадаг. Тэр болгон дээр нь ариутгал халдваргүйжүүлэлт хийдэг. Энэ өвчинтэй тэмцэхэд их хариуцлагатай хандах хэрэгтэй.

 Э.СОСОРБУРАМ

ЭХ СУРВАЛЖ 6

“Баталгаатай хэлье, шүлхийтэй малын мах зардаггүй”

Улаанбаатар хотын хүнсний хэрэглээнд шүлхийгээр халдварлагдсан малын мах зарагдахгүй гэсэн баталгаа байгаа эсэх, вакцин хийлгэсэн малын махыг хүнсэнд хэрэглэх нь аюултай эсэхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Д.Батжаргалаас тодрууллаа.

-Шүлхийгээр халдварласан малын мах Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрүүдэд зарагдахгүй гэсэн баталгаа байгаа юу?

-Нийслэл хотод шүлхий өвчнөөр өвчилсөн малын мах орж ирдэггүй. Энэ бол баталгаатай. Яаж баталж байна вэ гэхээр шүлхий өвчин гарсан аймаг, сумдад хорио цээрийн дэглэм тогтоодог. Шүлхий гарсан газраас голомтоос мал аж ахуйн гаралтай түүхий эд гаргахыг түр хориглодог.  Монгол Улс сүүлийн хоёр жил ОХУ-д үйлдвэрлэсэн вакциныг хэрэглэж байна. Энэ вакцины зааварт юу гэж заасан байдаг вэ гэхээр малд тарьсны дараа хэзээ ч хүнсэнд хэрэглэж болно гэсэн заалттай юм. Зарим вакциныг мал тарьснаас хойш 7-14 хоногийн дараа хүнсэнд хэрэглэж болно гэсэн заалттай байдаг.

-Шүлхийн вакцин хийлгэсэн малын махыг хүнсэнд хэрэглэх нь аюултай юу?

-Нийслэлд орж ирж байгаа мах бол тухайн орон нутгаасаа гарал үүслийн гэрчилгээтэй ирдэг. Тэр дундаа мал амьтны халдварт өвчин гараагүй бүс нутгаас мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангасан байна гэсэн бичигтэй ирдэг.

Үүнд аймаг, нийслэлд Мэргэжлийн хяналтын газар, сум, орон нутагт Мал эмнэлгийн ажилтнууд хяналт тавьдаг. Мөн авто тээврийн шалган бүртгэх товчоо буюу замын хяналтын постууд давхар хяналт тавьдаг.

-Вакцин хийлгэсэн махыг хүнсэнд хэрэглэж байгаагаа хэрхэн мэдэх вэ?

-Вакцин тарина гэдэг чинь малын биед тодорхой хэмжээгээр гаднын биет орж байна гэсэн үг шүү дээ. Манай Биокомбинатад үйлдвэрлэдэг зарим вакциныг тарихад тэр хэсэг нь идээлэх, буглах, улайх зэрэг нөлөө үзүүлсэн байдаг. Энэ нь тодорхой хугацааны дараа шимэгдээд алга болдог. Гэхдээ одоо бол ОХУ-аас оруулж ирсэн вакциныг хэрэглэж байгаа.

Т.ДАВААНЯМ

ЭХ СУРВАЛЖ 7

Засгийн хүсэл VS шүлхийн гачаал

Хэрэв эрх баригчдынх нь амлалт бүхэн ажил хэрэг болдогсон бол Монголын эдийн засаг аль хэзээний солонгорч байх байв. Харамсалтай нь, дэлхийн хоёр том эдийн засгийн дунд орших Монголын эдийн засгийн бүтэц нь өрөөсгөл, ганц тод өнгөтэй. Тэр нь уул уурхай.

Төсвийн дийлэнхийг нь уул уурхай бүрдүүлж буйг саяхан Төрийн ордонд шагналаа авсан татвар төлөгч “Топ 100” аж ахуйн нэгжийн топуудын жагсаалтаас харж болохоор. Харин Монголын эдийн засгийн уламжлалт салбар болох мал аж ахуйн салбар нь ДНБ-ий дөнгөж 18 орчим хувийг бүрдүүлж байна. Экспортын хүнсний бүтээгдэхүүний дөнгөж 16 хувийг махан бүтээгдэхүүн эзэлж байна.

Статистик харвал, Монгол Улс 25 сая толгой малтай байхад жилдээ 40 мянган тонн мах, гурван сая амьд мал экспортолдог байжээ. Гэтэл өнөөдөр хүн амынхаа тооноос даруй 20 дахин их, 66 сая толгой мал маань ямар ч үнэ цэнэгүй “бүтээгдэхүүн” болон хувирсан.

Ноос, ноолуурыг эс тооцвол малын гаралтай бүтээгдэхүүн, бүр онцолбол, махны экспорт эдийн засагт жин дарахгүй хэвээр байгаа. Хэрэглээнийхээ 80 хувийг импортоор авдаг монголчууд мах, сүү, гурил, хүнсний ногоогоо дотоодоосоо хангадаг бөгөөд илүү гарсан мах, малаа экспортод гаргах сонирхолтой. Гэвч, махны экспортыг нэмэгдүүлэхийн тулд олон улсад тавьдаг ганцхан шаардлагыг хангасан байх ёстой. Тэр нь эрүүл мах.

Мал эмнэлэг, үржлийн газраас гаргасан мэдээгээр энэ 2018 он гарсаар 614 өрхийн 7634 толгой мал шүлхийгээр өвчилж, үүнээс 5798 толгой малыг зориудын устгалд оруулсан байна.

4500 орчим мал өвчилж, үүний 3200-г устгалд оруулжээ. Жилийн дөрвөн улирал дамжин шүлхий, боом, мялзан, эргүү өвчин 21 аймагт ээлж дараалан гарч, үүнийг хэвлэлийнхэн сенсаац болгон дэврээдэг нь Засгийн газрын гачлан болоод байгаа. Уг нь махаа экспортолж, солонгорсон эдийн засагтай болох нь засаг болгоны хүсэл. Даанч, малын өвчлөл энэ салбарын гамшиг болсон.

“Махны экспортод хамгийн ихээр нөлөөлж байгаа зүйл бол малын өвчлөл. Мөн малчдын мал бэлтгэх арга их учир дутагдалтай. Махаа бэлтгээд ачаад гаргах дэд бүтэц, боомтууд хөгжөөгүй. Тиймээс махны экспорт зөвхөн урд хойд хоёр хөршдөө адууны мах гаргахаар хязгаарлагдаж буй”-г Махны холбооны захирал Б.Очирбат ярьж байна.

Гаалийн ерөнхий газрын мэдээллээр өнгөрсөн онд ОХУ-д 560 тонн үхрийн мах, БНХАУ, ОХУ, Казакстан, Япон улсад 24900 тонн адууны мах, Иран, Катар улсад 2472 тонн хонь, 27892 тонн ямааны мах экспортолж, 137 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. 2017 оны арванхоёрдугаар сарын байдлаар БНХАУ-д адууны мах экспортлох эрхтэй найман аж ахуйн нэгж, хонь ямаа, үхрийн мах экспортлох эрхтэй  зургаан аж ахуйн нэгж, дулааны аргаар боловсруулсан мах экспортлох эрхтэй таван аж ахуйн нэгж, нядалгааны эрхтэй найман аж ахуйн нэгж ОХУ-д мах махан бүтээгдэхүүн экспортлох эрх бүхий магадлан итгэмжлэгдсэн 29 аж ахуйн нэгж, Вьетнам улсад дулааны аргаар боловсруулсан хонь, ямаа, үхрийн мах экспортлох эрх бүхий магадлан итгэмжлэгдсэн дөрвөн аж ахуйн нэгж байна.

Өмнөх таван жилтэй харьцуулахад өнгөрсөн онд махны экспорт долоо дахин нэмэгджээ. Гэхдээ энэ нь 66 сая толгой малтай Монголын хувьд сэтгэл ханах ашиг биш. Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа Р.Бурмаагийн “мөрөөдөж” байсанчлан махаа зараад нэг тэрбум ам.доллар олдоггүй юм аа гэхэд ядахдаа малынхаа гуравны нэгийг экспортод гаргаж байж ашиг нь гарна.

Монголд махны экспортын нөөц хэр их вэ. Энэ асуултад салбарын яамнаас өгсөн тоог сонирхуулъя. Хонь 34 сая толгой буюу маханд шилжүүлснээр 61,4 мянган тонн, ямаа 31сая толгой буюу маханд шилжүүлснээр 47 мянган тонн, үхэр хоёр сая толгой буюу маханд шилжүүлснээр 27 мянган тонн, адуу 291 мянган толгой буюу маханд шилжүүлснээр 43 мянган тонныг экспортод гаргах нөөцтэй гэсэн үг.

Экспортод гарч буй махны дийлэнх нь адууны мах. Гэтэл манай улсад хамгийн их өсч байгаа бог малын махны экспорт хязгаарлагдмал байдаг аж. Энэ нь малын халдварт өвчинтэй холбоотой бөгөөд шүлхий тусдаггүй битүү туурайт адууны махыг Орос, Хятад авах сонирхолтой байдгийг салбарын яам тодотголоо.

Махны экспорт, мал аж ахуйн чиглэлээр олон тэрбумын төсөвтэй олон төсөл хэрэгждэг ч үр дүн муутай байгаа нь “Нэмүү өртгийн сүлжээ үүсгэх дамжлагаар хамруулж хийдэггүй, дээр нь махны үйлдвэрүүд нь эргэлтийн хөрөнгөгүй, мах бэлтгэдэг газрууд нь шаардлага хангадаггүй, малчид, үйлдвэрлэгчдийн уялдаа холбоогүй байдал нь нөлөөлдөг”-ийг махны холбооныхон шүүмжилж байна.

Махны экспортыг өсгөхийн тулд нэн түрүүнд малаа эрүүлжүүлэх, сайн чанарын вакцин нийлүүлэх, махны үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, эргэлтийн хөрөнгийг сайжруулах гээд мах бэлтгэлийн гинжин тогтолцоогоо эргэн харах шаардлагатай болжээ гэсэн үг. Саваа бэлтгэхгүй байж саалиа яриад, ирсэн дарга, явсан газар болгондоо хадаг, яндар бариад байх хэрэг байна уу?

Ж.НЯМСҮРЭН

ЭХ СУРВАЛЖ 8

Шүлхийн вирус мутацид орж өөрчлөгдөх нь хялбар

Шүлхий нь олон улсын мал амьтны халдварт өвчний “А” ангилалд багтдаг, богино хугацаанд сум, аймаг, улс дамжин тархах аюултай, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг, олон улсын худалдааны хорио цээр тавигддаг өвчин аж.

Олон улсад уг өвчнийг “арфоса” эсвэл туурай ба амны өвчин гэж нэрлэдэг бол монголоор шүлхий гэдэг. Шүлхий өвчний үүсгэгч вирус нь Пикорновиридэ ангийн Афтовирус зүйлд хамаарах А, О, Ази-1, С, САТ-1, САТ-2, САТ-3 гэсэн долоон төрлийн вирусээр үүсгэгддэг. Өвчний вирус мал, амьтны эсэд нэвтэрч олон саяар үржсэнээр цусанд шинэ бөөм үүсгэдэг байна.

Германы бактерлогич Фридрих Лёффлер 1897 онд анх өвчнийг вирусээр үүсгэгддэг гэдгийг нотолжээ. Тэрбээр шүлхий өвчнөөр халдварласан амьтны цусыг “Chamberland” шүүлтүүрээр шүүсний дараа ч шингэн нь эрүүл малыг өвчлүүлэх чадвартай байгааг илрүүлсэн байна.

Халдвар авсан мал, амьтан хоёроос зургаан өдрийн турш өндөр халуурч, аман дотор, туурайны завсар биеийн бусад нимгэн арьстай хэсэгт яр үүсч, доголох шинж тэмдэг илэрдэг. Шүлхийг бусад ижил, төстэй шинж тэмдэг бүхий өвчнөөс ялгаж танихын тулд лабораторийн шинжилгээ хийх шаардлагатай байдаг. Уг өвчнөөр үхэр, хонь, ямаа, гахай зэрэг гэрийн тэжээвэр хөхтөн амьтанд халдварлахаас гадна буга, гөрөөс, хандгай, анааш зэрэг зэрлэг амьтад халдварладаг.

Лабораторийн туршилтаар харх, хулгана, тахиаг зохиомлоор халдварлуулах оролдлого амжилттай болжээ. Гэхдээ уг өвчин нь хүнд халдварлаж, өвчлүүлэх нь ховор. Шүлхийн вирус хүний ходоодны хүчилд идэгдэж устдаг боловч махыг залгих явцад халдварлах боломжтой. Одоогоор шавьжаар дамжин халдварласан тохиолдол гараагүй. Шүлхий нь мал, амьтны шүлс, ялгадас, цусаар бохирдсон өвс тэжээл, хэвтэр, мал арчилгааны техник хэрэгсэл зэргээс гадна хүн амьтны хөл, автомашины дугуйгаар хэдэн км дамнан халдварлах боломжтой байдаг. Шүлхий илэрсэн тохиолдолд хорио цээр тогтоон, халдвар авсан сүргийн малыг өвчтэй, сэжигтэй гэж ялгахгүйгээр бүгдийг устгалд оруулж, ойр орчны малд хяналтын шинжилгээ хийж эерэг урвалтай мал илрээгүй тохиолдолд 3 сарын дараа “эрүүл” гэсэн статусаа сэргээдэг.

Тэмцэх гол арга нь вакцин

Шүлхий өвчин нь дэлхийн олон оронд тархаж, олон сая мал, амьтныг халдварлуулж, эдийн засгийн асар их хохирол учруулдаг учраас олон улсын анхааралд байдаг. Өвчний халдвараас сэргийлэх гол арга нь вакцинжуулалт бөгөөд халдвар гарсан нөхцөлд өвчинтэй мал, амьтныг устгалд оруулан, голомтод хөл хорио тогтоож, бүс нутагт худалдааны хориг тавих шаардлагатай байдаг. Үүний тулд өвчний талаарх мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлж, бүс нутагт тархсан халдварын тандалт судалгаанд анхаарлаа хандуулж, хяналтаа сайжруулах хэрэгтэй. Шүлхий өвчинтэй тэмцэх санхүүгийн 90 гаруй хувийг вакцин худалдан авах, вакцинжуулах үйл ажиллагааны зардал эзэлдэг. Иймд үр дүнтэй, тохирсон вакцин сонгох нь чухал. Өвчний вирус мутацид орж өөрчлөгдөх нь хялбар тул вакцины үйлчилгээг сулруулдаг аж. Сүүлийн үед эрдэмтэд вирусыг олшроход гол нөлөө үзүүлдэг бичил уургийг олж илрүүлснээр ирээдүйд вакцины хүч, нөлөөг нэмэгдүүлэхэд  хэрэгтэй мэдээллийг цуглуулж эхэлжээ.

Дэлхийн улс орнууд шүлхийтэй тэмцсээр байна

Дэлхийн II дайны дараа шүлхий өвчин дэлхий даяар өргөн тархжээ. Өвчний халдвар 1996 оноос хойш дэгдэлт хэлбэрээр Ази, Африк болон Өмнөд Америкийн зарим хэсэгт гарах болжээ. Орчин үед хүн амын нягтаршил нэмэгдсэнээр халдвар тархах боломж улам нэмэгджээ. Хойд Америкийн орнууд хяналтын систем сайтайн ачаар халдвараас ангижирч чадсан гэж үздэг. АНУ-д хамгийн сүүлд 1929 онд шүлхий өвчин гарсан бол Их Британид 2001 оны эхэнд өргөн хүрээтэй халдвар гарч, зургаан сая гаруй малыг устгасан ба удалгүй Нидерланд, Францад тархжээ. Үүний улмаас АНУ нь Европын холбооны 15 орноос халдварын эрсдэлтэй малын бүтээгдэхүүний экспортыг зогсоож байв. Өдгөө шүлхийн А болон О төрлийн вирусын дэгдэлт Зүүн Өмнөд Азийн орнуудад илэрсэн бол Ази-1 төрлийн вирус 2009 оноос хойш (өнгөрсөн онд Мьянмарт илэрснийг эс тооцвол) бүртгэгдээгүй байна.

Өмнө нь вакцины тусламжтайгаар халдвараас ангижирсан Япон, Өмнөд Солонгос зэрэг Зүүн Азийн хэд хэдэн оронд 2010-2011 онд шүлхий дахин илэрчээ. Ази-1 вирусын “V” төрөл 2005 онд Хятад, Монгол, ОХУ, Хойд Солонгос, Вьетнам  улсад илэрчээ. Энэ төрлийн вирус нь 1970-1980 онд Энэтхэгт анх бүртгэгдсэн байв. Монгол Улсын зүүн хэсгийн аймгуудад 2017 оны дөрвөөс есдүгээр сарын хооронд шүлхийн “O” вирусээр үүсгэгдсэн халдвар гарсан.

Бэлтгэсэн Б.АНХТУЯА

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-05-08 80.110.68.31

Асуудалыг иж бүрэн судалж бичиж. Мэргэжилтнүүд нь ч мундаг хариү өгч.Супер

Avatar

зочин 2018-05-08 202.179.25.122

МУ-ын төр гэж нэг тогтворгүй 2-3-н авилгад идэгдсэн намууд, харийн хөрөнгө оруулагчийн тоглоом болсон юм нь улсын болон эдийн засгийнхаа хөгжлийг тодрохойлж чадахгүй байна. МАА , ХАА нь хаана, хаана нь уурхай хөгжихөө шийдэж зааж өгөхгүй уурхайн компаниудын захиалгаар бичсэн хууль журыг нь баталж хэрэгжүүлэхийг оролцдох юм. Яг шүлхий гараад байгаа юм эсвэл уурхайн усны бохирдлоор мал өвчилж үхээд байна уу? Зарим малын өвчин цацрагийн нөлөөллөөр өвчилсөнтэй адил симптомтой байдаг гэдэг. Газрын хэвлийд нь боловсруулж олборлох уурхайн технологи хортой, түүний нөлөөг тогтоож, хэмжиж, хянаж чадах алба байна уу?

Avatar

зочин 2018-05-08 202.179.25.122

7 төрлийн шүлхий үүсгэгч вирус байдаг бөгөөд вакцин нь тухайн вируустаа тохирсон байхгүй бол нэмэр болохгүй гэнэ л дээ. Тэгтэл манай хулхи вакцин шахаачид тэрийгээ мэддэг болов уу? Энэ өвчин салахгүй байхыг хараад шахааны вакцин авч байгаа төр нь вируусын төрөлдөө таарсан юм авч мэдэх боловс уу гэсэн айдас л байна даа\n\n

Avatar

Зочин 2018-05-08 202.21.126.30

Нийслэл, аймгийн төвүүдээс малтай иргэдийг яаралтай нүүлгээч ээ. Эрдэнэт хот бол одоо бүр амар, малын бэлчээр болсон. Хотын дотор үхэр, адуу бэлчээд, ногоон байгууламжийг нь идээд л… Малыг нь хашиж байгаад малчдыг нь олигтойхон торгочиход аяндаа цэгцрэх асууудал шүү дээ.

Avatar

dabaa 2018-05-08 59.153.115.95

uneheer dampuursan uabdal gej eniig helne, asuudliig sniidewh cnadbargui humuusiin tailbariig hardaa, niisleld ni hurtel snulhii garcn bna, uunii toloo hen hen hariutslag huleesen be, hen cn huleegeegui, tegeheer uahab, hariutslaggui bdal urgeljleed l bna

Avatar

Зочин 2018-05-08 150.129.143.79

Maliin mah oruulj ireed hotin tobdoo bumbug teseldg uls ulaanbaatar l bh

Avatar

Зочин 2018-05-08 66.181.189.72

3 жилийн өмнө байхаа.арай чүү орос руу мах гаргах болоход яааг гаргах газар сэлэгэд шүлхий гарсан. Орсууд ч шүлхий гарсан учир авахгүй гээд аваагүй .нэг иймэрхүү зүйл нилээд их гарч байгааг тэр вакцин олуулдаг хүмүүс албаар гаргаж бизнес хийдэг гээд нэр устай нь ярьдаг.мундуг уяач луйварчин байдаг гэдэг.Үүнийг хэдэн жил хэн гэгч хүн энэ вакцин оруулж байсанг зарлаад тагнуул шалгах ёстой шүү! Энэ ортой байх шүү.Төрд хар хайрцагний нууц гэж баймаар юмаа.арай чүү гуйж байгаад мах юм гаргах гэрээ хийгээд тэр хүмүүс нь сүрхий хүн болоод хэлэнгүүт хэдэн сэтгүүлч санаатай залуусдэлхийгээр нэг л орилчихдог .тэгээд бид хохирдог.чухал зүйлүүдээ жаахан нуухгүй бол бид дэлхийн хаана байгаа билээ жаахан бол махан толгойнуудаа

Avatar

Лагерь малын бэлчээр биш 2018-05-08 202.21.113.146

Лагерь малын бэлчээр биш, лагерийн хог зооглогч хөөрхий үнээнүүдийг эзэдтэй нь хамт бэлчээр лүү нь илгээ

Avatar

ЛАГЕРЬ ОРЧНЫ БОХИРДЛЫН ШИНЭ ФРОНТ 2018-05-08 202.21.113.146

ХОТЫН СУУРЬШЛЫН БҮС ТУХАЙЛБАЛ ЛАГЕРИЙН ОРЧИМ, ДОТОР БАЙГАА МАЛТАЙ АЙЛУУДЫН МАЛ НЬ ХҮҮХДИЙН ТАЛБАЙ, ДЭЛГҮҮР, ХООЛНЫ ГАЗАР, ХҮМҮҮСИЙН ЗОРЧИХ ХЭСЭГТ БЭЛЧИЖ, ЭСВЭЛ ХАЖУУ ХАВИРГАНЫ АЙЛУУДЫН ХАШАА ХОРООГ БУЮУ ӨМЧИД ХАЛДАН ДОТОР НЬ МАЛБЭЛЧИЖ МАЛЫН БААСААР ДҮҮРГЭЖ БАЙНА. ХОГ ИДСЭН МАЛНУУД ЭНД ТЭНДГҮЙ. ЭНЭ ТОХИОЛДОЛД ЮУН ХАЛДВАР ХАМГААЛАЛ, БИДНИЙ ХООЛ УНД, ГУТАЛ, ГАР ХӨЛ БИТҮҮ НЯН ШИМЭГЧДЭЭР ХАЛДАЖ БАЙНА, БИД МАЛЫН ХОРООНД ҮНЭЭ МАЛТАЙ АМЬДРААД БАЙНА УУ, ЭНИЙГ ШИЙДЭЖ ДЭЭРХИ АЙЛУУДЫГ МАЛЫН БЭЛЧЭЭРТЭЙ ГАЗАР ЛУУ НЬ ЯВУУЛАХГҮЙ БОЛ ЛАГЕРЬ ГЭДЭГ ГАЗАР ОРЧНЫ БОХИРДЛЫН ШИНЭ ФРОНТ БОЛЛОО

Avatar

Хамаг будлианы шалтаг Тендерийн хуулийг хүчингүй болгох шаардлагатай 2018-05-08 202.9.40.189

Бүх байгууллага шаардлагатай бүх зүйлээ дотоод, гадаадын үйлдвэрээс нь шууд худалдан авдаг зохицуулалт хийх нь зөв.

Avatar

Irgen 2018-05-08 66.181.188.62

Tender gedeg chini ali ch tuvshnii darga nariin udej yyh neg bolomj shuudee.Tender gej hamgiin chanargyi,une ihtei em,tariag shahaj ashig oldog ni todorhoishdee.

Avatar

Зочин 2018-05-08 202.131.245.243

ХЭХЭ-гийн тарьсан гай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж