З.Энхболд тодорч, С.Эрдэнэ бүдгэрэв

Хуучирсан мэдээ: 2018.05.08-нд нийтлэгдсэн

З.Энхболд тодорч, С.Эрдэнэ бүдгэрэв

З.Энхболд тодорч, С.Эрдэнэ бүдгэрэв

“Сант Марал” сангийн судалгааны дүнгээр Монголын топ улстөрчдийг Ерөнхийлөгч Х.Баттулга 33 хувийн саналаар тэргүүлсэн нь Ерөнхийлөгчийн институцид нь өгч буй үнэлгээ огтоос биш бөгөөд Ардчилсан намын үйл ажиллагаатай бүүр ч ойртохгүй. Зөвхөн Ерөнхийлөгчийн өөрийнх нь  халаасны оноо. Гэхдээ энэхүү судалгаагаар гарсан рейтинг монголчуудын Ерөнхийлөгчид тавьж буй дүн гэж эндүүрэх хэрэггүй биз. Зөвхөн мянган хүний дунд явуулдаг судалгааны байгууллагуудын тайланд итгэж яваад “босоо” С.Ганбаатар Баянзүрх дээр өвдөг шороодсоныг энд сануулъя.

Ерөнхийлөгчийн хувийн рейтинг сайн байгаа нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын үйл ажиллагаатай, идэвхтэй улс төртэй нь хамааралгүй юм. Гэвч, үе үехэн олон нийтийг гайхашруулсан бодлого, шийдвэр ярьж, Ерөнхийлөгчийн өмнөөс  хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр “үзэгдэх” болсон З.Энхболдын дүр тодорч, С.Эрдэнийн шинэчлэл эсрэгээрээ бүдгэрч байна.

Жилийн өмнө, арав гаруй жил завсарласан Их хурлаараа С.Эрдэнийг намын даргаар сонгосон нь үнэн боловч нийлбэр дүнг нь харвал З.Энхболд Ардчилсан намын ахмад хэвээр, тус намд хийгдэж буй шинэчлэл зөвхөн түүний зурсан зураг, бодсон томъёоллоор явагдаж байна. Тэр С.Эрдэнийг намын дарга болгосон, Х.Баттулгыг Ерөнхийлөгч болгосон. Түүний дараагийн улс төр юу вэ?

Чухам эндээс л З.Энхболдын тодорч, С.Эрдэнийн бүдгэрч буй шалтгааныг олж болно.  Уралдсан юм шиг, хэлэлцсэн ч юм шиг мэдээллээ ар араас нь зарласан судалгааны байгууллагуудын тайланд Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүх айргийн тавд багтсан бол Ардчилсан намын дарга С.Эрдэнийн бараа сураг ч алга. Намын дарга нь айргийн тавд биш юм аа гэхэд арав дотор багтаагүй нь С.Эрдэнийн хэрэгжүүлж буй шинэчлэлд  иргэд, олон нийтээс өгч буй үнэлгээ. С.Эрдэнэ гэх тугийн дор Ардчилсан намынхан нэгдэж, нэг цул  болно гэдэг анхнаасаа л боломжгүй, ойлгомжгүй байсан. Гэвч бодлогын шинэчлэл нэрийн дор бодлого ярьдаг бүхнээ бодлогоор шахаж эхэлсэн Ардчилсан намд өнөөдөр үзээд өгье гэхнээ өөдтэйхөн бодлого, үзэл баримтлал, адаглаад л ардчилал нь алга. Харин ч фракцитай байхдаа Ардчилсан нам нээлттэй, нээлттэй байхдаа ардчилалтай, ардчилалтай байхдаа бодлоготой байжээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Ардчилсан намд өрнөсөн шинэчлэл, дотоод сонгууль бол ердөө  “Алтангадас”-ын задрал дээрх “Шонхор”-ын дэвэлт, З.Энхболдоос С.Эрдэнэд тамга тэмдгээ нэр төдий шилжүүлсэн үйл явц байв. Өөрөөр хэлбэл,

шинэчлэлийн дор шилний цаанаас чихэр долоолгосон З.Энхболд С.Эрдэнэд албан ёсоор тамга тэмдгээ шилжүүлсэн ч Ардчилсан нам түүний албан бус сүүдрээс өнгөрсөн хугацаанд гарч чадсангүй. Энэ нь 2020 онд С.Эрдэнийг Ерөнхий сайд болгож, өөрөө Ерөнхийлөгч болох З.Энхболдын ирэх жилүүдийн улс төрийнх нь төлөвлөгөөний нэг хэсэг нь байж болохыг бас үгүйсгэхгүй.

Товчхондоо бол, Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, Д.Ганболд, Н.Батбаяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг гэсэн аль өнгөтэй, өөдтэй болгоныг намаасаа зайлуулсан нь ирэх 2020 оны сонгууль угтсан С.Эрдэнийн гараар хийлгэж буй З.Энхболдын улс төр гэж хэлэх, харах, хардах хүмүүс ч цөөнгүй байгаа. Ирэх 2020 онд ялна гэдэгтээ бүрэн итгэчихсэн,  ялалтынхаа хундагыг эртнээс бэлтгэх болсон С.Эрдэнийн намынхан өнөөдөр алаагүй баавгайн арьсаа өвчөөд, хуваагаад, зодолдоод эхэлсэн бололтой. Ялангуяа ирэх 2020 онд С.Эрдэнийн нам яллаа гэхэд хамгийн түрүүнд хамгийн том бялууг хүртэх хүмүүс нь МоАХ-ынхан болоод  “Шонхор”-ынхон гэлцэх. Гээд, сонгууль болтол лай ч байна, зай ч байна.

Удирдлагын хэвтээ тогтолцооноосоо босоо тогтолцоо руу шилжиж, шинэчилж яваа АН-д нэг фракцийн дарангуйлал тогтлоо гэсэн шүүмжлэл ч гарах болсон. Үүнийг батлах мэт С.Эрдэнэ дарга өөрөөсөө өөр бодолтнуудыг, өөрийнхөө өрсөлдөгчдийг замаасаа зайлуулж эхэлсэн нь АН-д ан цав үүсгээд байгааг ч жирийн гишүүд нь шүүмжилж байна.  Тиймээс намаасаа салж, шинэ нам байгуулах асуудал Ардчилсан намын дунд аль эртнээс яригдаж буй. Хэрэв АН доторх суурь буюу тектоник хагарал улам томрох юм бол  С.Эрдэнэ дарга хатуу гараар барих гээд ч чадахгүй биз. Өнөөдрийн улс төрийн өрөг дээрх нүүдлийг харахад З.Энхболд тодрохын хэрээр С.Эрдэнэ төдийгүй, Х.Баттулга Ерөнхийлөгч  ч бүдгэрч байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж