Олон улсын гэрээг соёрхон батлахыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2018.05.08-нд нийтлэгдсэн

Олон улсын гэрээг соёрхон батлахыг дэмжив

Олон улсын гэрээг соёрхон батлахыг дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2018.05.08) хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаан 9 цаг 50 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлсэн юм. Байнгын хорооны дарга О.Содбилэг тусгай ажилтай байсан тул хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил даргалав.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Засгийн газраас энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле танилцуулсан юм.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санаачлан ургамлын генетик нөөцийг хадгалж хамгаалах, тогтвортой ашиглах замаар дэлхий дахины хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээ (ХХААУГНОУГ)-г 2001 онд баталж, 2004 оноос үйлчилж эхэлсэн агаад одоогийн байдлаар дэлхийн 144 орон нэгдээд байгаа аж. Энэхүү гэрээ нь хүнс хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийг хадгалах, сургалт, судалгаа, шинэ сорт бүтээх зорилгоор тогтвортой ашиглах, түүнийг ашигласнаас бий болсон ашгийг Биологийн олон янз байдлын конвенцийн зарчимтай уялдуулан шударга, тэгш хуваарилах замаар хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил, хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэжээ.

Хөрс, уур амьсгалын өөр өөр бүсэд дасан зохицсон таримал болон тэдгээрийн зэрлэг овог, төрөл зүйлийн генетик нөөцийг хамгаалах, хадгалах, ашиглах, мэдээллийн сан байгуулах ажлыг эрчимжүүлэхэд төрөөс тодорхой бодлогоор дэмжихээс гадна олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг хүртэх боломжийг бүрдүүлж ажиллах зайлшгүй шаардлагатай гэж Засгийн газар үзсэний үндсэн дээр уг асуудлыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөн, улмаар гэрээг соёрхон батлуулахаар оруулж ирсэн байна.

Уг гэрээг соёрхон баталснаар манай орны газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэхэд нэн шаардлагатай ган халуун, өвчин хортонд тэсвэртэй, ургац өндөртэй, чанартай хүнс, тэжээлийн шинэ таримал, түүний сортуудыг бий болгох, сайжруулахад дэлхийн таримал ургамлын генетик нөөцийг чөлөөтэй ашиглах, мөн гэрээний дэргэдэх сангаас хөрөнгө, санхүүжилт авах боломж бүрдэнэ. Түүнчлэн ургамлын генетик нөөцийг хадгалж, ашиглах ажлыг сайжруулахад шаардлагатай техник, технологийн дэмжлэг авах, боловсон хүчнээ чадавхижуулах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэг болон бусад донор байгууллагуудын дэмжлэг хүртэх өргөн боломж нээгдэнэ Засгийн газар үзэж байгаа аж.

Хуулийн төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Б.Энх-Амгалан, Н.Оюундарь, Д.Лүндээжанцан нар салбарын яамны холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Мөн уг асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Асуулт асууж, санал хэлсэн гишүүд дэлхий дахинд хүнсний аюулгүй байдал, эрүүл хүнсний асуудал чухалчлагдаж байгаа ийм үед цөөн хүн амтай манай улсын тухайд бусад улс орны хүнсний ургамлын, тэр дундаа генетик нөөцийг өргөн ашиглах, хилээр оруулж гаргахыг нээлттэй болгох нь зохистой эсэхийг сайн нягтлах, үүний оронд харин өөрийн орны хөрсөнд тарьж ургуулсан, байгаль, цаг ууртаа дасан зохицсон үр, сортоо улам баталгаажуулж хүн амынхаа хүнсний хэрэгцээг бүрэн хангах, түүнчлэн хүн амын удмын санд сөргөөр нөлөөлөхүйц хүнс, ургамлын үр, сортоос сэргийлэхийн тулд олон улсын чанарын шаардлага хангасан лабораторитой болоход салбарын яам онцгой анхаарах нь чухал гэдгийг сануулж байлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэ гэрээ соёрхон батлагдсанаар дэлхий дахины ургамлын гаралтай хүнсний 84 хувийг хангаж байгаа таримал ургамлын 64 төрлийн генетик нөөцийг манай улс гишүүн орны хувьд дэлхийн таримал ургамлын генбанкнаас авч ашиглах замаар өөрийн орны байгаль, цаг уурын онцлогт тохирсон шинэ сорт бий болгох чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг өргөн хүрээтэй хийх, энэ үндсэн дээр хүн амынхаа хүнсний хангамж, тариалангийн нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, дээрх 64 төрлийн таримал ургамлын генетик нөөцөөс шилж сонгон авч селекци хийх замаар өөрийн орны байгаль, цаг уурын онцлогт зохицсон, ган, зарим өвчин, хортонд тэсвэртэй шинэ сорт бий болгох боломж бүрдэнэ, тийм шаардлага ч тулгарч байгаа гэлээ.

Мөн Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн Генетик нөөцийн секторын эрхлэгч Т.Атарсайхан дэлхийн хэмжээнд эрдэмтэн судлаачдын гуч гаруй жилийн судалгааны үр дүнд таримал ургамлын 70 орчим төрлийн 20500 генетик нөөц бүхий генбанк бүрдсэн байдаг. Энэ гэрээ нь гишүүн орнууд дээрх генетик нөөцийн цуглуулгаас шилж сонгон авч судалгаа, селекцийн эх материал болгон ашиглахад чиглэж байгаа юм гэсэн хариулт өгсөн бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун манай улсын тухайд үр тарианы 26, төмс, хүнсний ногооны 80 гаруй сорт байдаг. Ургац алдсан тохиолдолд итгэмжлэгдсэн лабораториудаар шинжилгээ хийлгэсний үндсэн дээр гаднаас үр, бордоо оруулж ирж хэрэглэдэг. Манай лабораториуд ерөнхий шинжилгээг сайн хийж байгаа, харин нарийвчилсан шинжилгээнд хүрэлцээ, чадамж, чанарын баталгаа хангалттай бус гэдгийг хэлж байв.

Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хуулийн төслийг соёрхон батлуулахаар тогтов.

Дараа нь Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж дэмжив. Засгийн газраас өнгөрсөн сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн тул уг тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалангаар ахлуулан байгуулахаар зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар боллоо.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярын санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн “Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан ч Түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах гишүүдийн нэрсийг тодорхой болгосны дараа хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг маргаашийн хуралдаанаар хийхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж