Сүхбаатар дүүргийн 13-р хороонд 8х6 хэмжээтэй байшинд “гал гарч дөрвөн хүн нас барсан” гэсэн дуудлага өчигдөр /2018.05.07/ өглөөний 10.27 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу галын шинжээч, шинжээч эмч нарыг оролцуулан хэргийн газрыг шалгахад гэр бүлийн дөрвөн хүн угаартан нас барсан байжээ. Тодруулбал, тус айлын зургаан настай хүү амбаарт цаас шатааж байгаад гал алдсаны улмаас гэр бүлийн гишүүд нь угаартан нас барсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ.
Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр галын улмаас тус тоотод оршин суух 56 настай эрэгтэй Э, 55 настай эмэгтэй Д, 61 настай эрэгтэй Н, 54 настай эрэгтэй Т нар угаартан нас баржээ. Одоогоор хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Мөн тус айлын зургаан настай хүүхэд галд өртөөгүй эсэн мэнд үлдсэн гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.
Э.Ариун