Вашингтон Капиталс давдаггүй даваагаа давж бүсийн финалд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.05.08-нд нийтлэгдсэн

Вашингтон Капиталс давдаггүй даваагаа давж бүсийн финалд шалгарлаа

Вашингтон Капиталс давдаггүй даваагаа давж бүсийн финалд шалгарлаа

Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг (ҮХЛ) буюу NHL-н плэй-оффын хоёрдугаар шат өндөрлөх шатандаа ороод байна. Энэ шатанд үнэхээр үзүүштэй, сонирхолтой тоглолтууд мөсөн талбайд явагдаж байгаа бөгөөд тэр дундаа NHL-н сүүлийн хоёр жилийн аварга Питтсбург Пингвинс болон Вашингтон Капиталс багуудын тоглолт олны анхаарлын төвд байсан. Учир нь Питтсбург Пингвинс баг сүүлийн хоёр улирал аварга авахдаа яг энэ шатанд Вашингтон Капиталс багийг буулган авч байсан.

Энэ жил гурав дахь улиралдаа дарааллан энэ шатанд таарсан хоёр багийн тоглолт цуврал зургаан тоглолтонд шийдэгдлээ. Өнөө өглөө цувралын зургаа дахь тоглолт Питтсбург Пингвинс багийн талбайд болж зочин баг Вашингтон Капиталс баг 2-1 харьцаатай нэмэлт цагт ялалт байгуулсан. Хоёр багийн тоглолтын эхний үед гоол ороогүй бөгөөд хоёрдугаар үед зочин баг Вашингтон Капиталсаас А.Чейссон эхний гоолыг оруулсан. Улирлын турш чимээгүй байсан Канад залуу А.Чейссон чухал үед багийнхаа эхний гоолыг оруулж, плэй-оффын эхний гоолоо оруулсан юм. Удалгүй талбайн эздээс К.Летанг тэнцээний гоолыг оруулж бүх зүйл шинээр эхэлсэн.

Ингээд өөр гоол оролгүй цаг сунгахад А.Овечкин тасалсан бөмбөгөө Е.Кузнецовт гаргаж өгөхөд Орос залу Евгений гайхалтай төгсгөлийг хийж М.Мюррейгийн хаалганд ялалтын гоолыг оруулсан. Ийнхүү Вашингтон Капиталс баг давдаггүй даваагаа давж плэй-оффын хагас шигшээ буюу бүсийн аваргын шигшээд шалгарлаа. Мөн А.Овечкин плэй-оффт анх удаагаа С.Кросбиг ялж байна. Вашингтон Капиталс баг плэй-оффт 2008-2009, 2015-2016, 2016-2017 онуудад Питтсбург Пингвинс багт хожигдон улирлаа өндөрлүүлж байсан.  

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж