Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 93 жилийн ой, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын 40 жилийн ой энэ онд тохиож байна. Эдгээр түүхэн ойг угтсан олон арга хэмжээ Улаанбаатар хот болон орон нутагт зохион байгуулагдаж байна. Хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд өнөөдөр /2018.05.08/ хүндэтгэлийн цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаа боллоо. Мөн олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын түүхэн ойд зориулсан арга хэмжээ цувралаар болж байна.
“Найрамдлаар хөглөгдсөн авьяастнууд” хандивын тоглолтыг “Улаанбаатар палас” концертын танхимд зохион байгуулжээ. Өнгөрөгч ням гаригт болсон урлаг, соёлын одод оролцсон тоглолтын орлогыг хүүхдийн хөгжлийн хөтөлбөрүүдийг шинэчлэх, орчинг сайжруулахад зориулагдах юм байна. Тодруулбал, “Хараацай” театр хүүхдийн амралтын төв байранд ая тухтай амрах нөхцлийг сайжруулахаар болжээ. Мөн энэ жил хүүхдийн урлагийн олон наадмыг зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа аж. “Найрамдлаар хөглөгдсөн авьяастнууд” хандивын тоглолтонд үе үеийн бүлгийн удирдагч багш нар, авьяаслагч сурагчид урлагийн тоглолтоо сонирхуулсан. Мөн олны танил урлаг, соёлын одод оролцож шилдэг уран бүтээлээ толилуулжээ. Дуучид, жүжигчид, хөгжимчид гээд урлагийн одод ая дуугаараа мэндчилж, “Найрамдал”-д амарч байсан дурсгалтай үеээ дурссан юм. Тухайлбал,
Гавьяат жүжигчин Н.Ариунболд:
–Бид урилгаар тоглож байна. Энэхүү хандивын тоглолтоор олсон орлого хүүхдийн хөгжлийн хөтөлбөрт хамгийн түрүүнд зарцуулагдана. Хүүхэд багачуудын амралтын орчныг сайжруулж, тэдний хүмүүжилд нөлөөлөхүйц зүйл хийхэд тусалж байгаад баяртай байна. Урлагийн бидэнд сайхан сэтгэгдэл үлдээлээ. Энэ тоглолтод хүрэлцэн ирсэн урлаг, соёлын төлөөлөл болсон уран бүтээлчид бүгд “Найрамдал” төвтэй холбоотой.
Жүжигчин Т.Бархүү:
–Миний дурсамжтай мөч “Найрамдал”-д өнгөрч байлаа. 2002, 2003 оны зуны бүлгэмийн удирдагч багшаар ажиллаж байсан. Тухайн үед Соёл урлагийн их сургуулийн жүжигчний ангийн оюутан байлаа. Зуны амралтаар хүүхдүүдтэй ажиллаж, их зүйл сурч авсан даа. Миний ажлын гараа эндээс эхэлж байсан болохоор “Найрамдал” төвтэй байнга холбоотой байдаг гэсэн юм.
Цаашид Монголын хүүхдийн ордон байгуулагдсаны 60 жилийн ой, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор байгуулагдсаны 40 жилийн ойг угтсан олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Түүний нэг нь олон улсын хүүхдийн урлагийн их наадмыг хийхээр болжээ.