Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/100 дугаар захирамжийн дагуу Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, АШУҮИС хамтран эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал , нотолгоонд суурилан судалгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох зорилгоор “Эрүүл мэндийн салбарын хөгжил, шинэчлэл 2018” онол практикийн хурлыг 4 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.
Онол практикийн хуралд дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Тунгаа, Эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү болон зочин илтгэгчээр АШУҮИС-ийн НЭМС-ийн захирал дэд профессор Д.Даваалхам, Сонгинохайрхан ЭМТ-ийн эмч Н.Мэнджаргал, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны “Орхон түшээ мөрөн” ӨЭМТ-ийн дарга Б.Анхтуяа нар оролцов.
Онол практикийн хуралд эмнэлзүй, нийгмийн эрүүл мэнд, сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлээр 19 илтгэлийг аман болон ханан илтгэл хэлбэрээр хэлэлцүүлэхэд 18 дугаар хорооны “Гэрэлт Манал” ӨЭМТ-ийн эмч Б.Нямбилэг нарын “СБД-ийн 20 дугаар хорооны 40-65 насны хүн амын дундах халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийн судалгаа” тэргүүн байранд, дотрын сувилагч О.Хишигжаргал нарын “Сүхбаатар дүүргийн хүн амын дундах давсны хэрэглээг судлах нь” хоёрдугаар байранд , Салбар амбулатори 1-ийн мэдрэлийн эмч Д.Янжмаа нарын “Сургуулийн бага ангийн сурагчдын анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэг, нөлөөлөх хүчин зүйл, эмнэлзүйн онцлогийг тодорхойлсон нь” гуравдугаар байранд, тусгай байранд 7 хорооны “Энх Сүндэр” ӨЭМТ-ийн эмч Г.Байгалмаа нарын “Улаанбаатар хотын өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж буй дадлагажигч эмч нарын ажлын байран дах хөдөлмөр урамшууллын тэнцвэргүй байдал ба сэтгэл ханамжийг судалсан нь” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.
Ханан илтгэлээр тэргүүн байранд Эрүүл мэндийн төвийн Дархлаажуулалтын кабинетын сувилагч А.Амарцэнгэл нарын “Дархлаажуулалтын өмнөх эмчийн үзлэгийн тэмдэглэлд хийсэн судалгаа”, удаах байранд Эрүүл мэндийн төвийн Нэгдсэн лабораторийн эмч Б.Номин – Эрдэнэ нарын “Гепатит С вирусын ийлдэс судлалын шинжилгээнд хэрэглэгдэж буй түргэвчилсэн оношлуурын чанарыг үнэлсэн нь” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.
Тус хурлын илтгэлийг АШУҮИС-ийн ӨАУ-ны тэнхимийн эрхлэгч Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Мягмарцэрэн, АШУҮИС-ийн эх барих эмэгтэйчүүдийн тэнхимийн багш Анагаах ухааны доктор, профессор Д.Мөнхцэцэг, НЭМС-ийн Эмпидемлоги-биостатистикийн тэнхимийн багш, Анагаах ухааны доктор Д.Гантуяа нар шүүн тунгааж, цаашид анхаарах асуудлын талаар зөвлөгөө өгсөн юм.
Эх сурвалж: СБД