Путин Медведевыг улираах саналаа хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.05.08-нд нийтлэгдсэн

Путин Медведевыг улираах саналаа хүргүүлжээ

Путин  Медведевыг улираах саналаа хүргүүлжээ

Улс эх орны хөгжил, иргэн бүрийн амьдралын чанарыг сайжруулахын төлөө бүхнээ зориулах болно гэсэн нь Владимир Путины Ерөнхийлөгчийн шинэ бүрэн эрхийн хугацаандаа хэрэгжүүлэх гол зорилт байх болно гэдгийг түүний өргөсөн тангаргаас ойлгож болно. ОХУ-ын Ерөнхийлөгч өөрчлөлтийг өөрөөсөө гэдэгтээ адил дотооддоо эрчимтэй өөрчлөлт, шинэчлэл хийнэ гэсэн юм. 

Ийнхүү даваа гаригт /2018.05.07/ Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллахаар болов. Түүний тангараг өргөх ёслол хагас цаг үргэлжилсэн бөгөөд ойролцоогоор таван мянган зочид, төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Энэ нь өмнөх тангараг өргөх ёслолоос хоёр дахин их хүн ирсэн гэсэн үзүүлэлт гарчээ. Хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдийн дунд Төрийн бүх захиргааны албан хаагчид, шашны төлөөлөл, иргэний нийгмийн байгууллага, гаднын дипломатууд болон сэтгүүлчид байв. 

Тангараг өргөх ёслол урьдын адил уламжлалт хэлбэрээр явагдсан. Гэхдээ энэ удаагийн ёслолд Соборный талбайд сайн дурын байгууллагын төлөөлөгчид цугласан байсан нь олны анхаарлыг ихэд татав. Путин тангаргаа өргөсний дараагаар сайн дурын байгууллагын төлөөлөгчидтэй богино хугацаанд ярилцаж, зургаа татуулав. Тангараг өргөх ёслол Кремлийн Андреевын танхимд болсон. Үүний дараагаар Владимир Путин ард түмэндээ хандаж үг хэлсэн юм. 

Тэрбээр " Эх орон, түүний олон үндэстэн ард түмэн, олон мянган жилийн түүхийн өмнө би маш том хариуцлагатай албан тушаалд томилогдож буйгаа ойлгож байна. Энэ бүхэн миний амьдралын утга учир тул Орос улсын өнөөдөр, маргаашийн төлөө, энхтайван, хөгжил, цэцэглэлтийн төлөө, агуу ард түмний үргэлжлэлийн төлөө, Орос улсын гэр бүл болгоны сайн сайхан амьдралын төлөө бүхнээ зориулах болно" гэв. Мөн Путин Ерөнхийлөгчийн сонгуульд итгэл хүлээлгэн, дэмжиж, саналаа өгсөн иргэддээ талархаж буйгаа илэрхийлсэн юм. Энэ нь олон улсын тавцанд бидний байр суурийг хамгаалахад маш чухал, эх орны дотоод эерэг өөрчлөлтийн төлөө шийдэмгий алхам хийх болно гэдгээ онцлон тэмдэглэсэн. 

Өмнө нь Владимир Путин гадаад бодлогын асуудалд ихэд анхаарч байсан бол энэ удаад тэр ОХУ-ыг дэлхийн супер-гүрэн болгох чиглэлд анхаарч байна. Ингэхдээ тэр хил хязгаарын аюулгүй байдлыг хангах, дотооддоо шинэчлэл хийхэд бүх хүчээ дайчилна гэж шинжээчид үзэж байна. 

ПУТИНЫ ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛын зочид

Владимир Путины тангараг өргөх ёслолд таван мянган зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирсэн. Гэхдээ Европын голлох улсын тэргүүн нар болон АНУ-ын төлөөлөгчид харагдсангүй ээ. Харин Италийн ерөнхий сайд асан Сильвио Берлускони Путины тангараг өргөх ёслолд хүрэлцэн ирсэн байв. Тангараг өргөх ёслолын эхний эгнээнд патриарх Кирилл болон ХБНГУ-ын экс-канцлер Герхард Шредер, Москва хотын захирагч асан Юрий Лужков нар зогссон байв. 

Мөн ОХУ-ын алдарт тамирчид болох хоккейчин Илья Ковальчук болон хөлбөмбөгчин Игорь Акинфеев, жүжигчид болон саяхан ОХУ-ын иргэншилтэй болсон Стивен Сигал нар хүрэлцэн ирэв. 

ПУТИН ТАНГАРАХ ӨРГӨХ ЁСЛОЛД ЮУГААР ИРЭВ

Владимир Путины тангараг өргөх ёслол аюулгүй байдлыг дээд хэмжээнд хангасан байв. Тэр Кремлийн ордонд болох тангарах өргөх ёслолдоо ОХУ-д үйлдвэрлэсэн "Кортеж" төслийн хүрээнд бүтээгдсэн В776УС77 улсын дугаартай лимузенгээр ирэв. 

"Кортеж" төслийг 2014 оны хоёрдугаар сард олон нийтэд танилцуулж эхэлсэн. Улмаар ОХУ-ны төрийн тэргүүн нарт зориулсан лимузинг үйлдвэрлэх болсон билээ. Энэхүү төслийг автомашины шинжлэх ухааны төв хэрэгжүүлсэн. 

ОХУ-ЫН ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮНЭЭР ДМИТРИЙ МЕДВЕДЕВ ДАХИН ТОМИЛОГДОХ УУ?

Владимир Путин Ерөнхийлөгчийнхөө шинэ бүрэн эрхийн хугацааг албан ёсоор хүлээн авсны дараагаар Дмитрий Медведевын ‘толгойлсон’ Засгийн газар огцров. Улмаар Засгийн газрын бүх сайдууд үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалд шилжсэн. ОХУ-ын хуулийн дагуу шинэ Ерөнхийлөгч албан тушаалаа хүлээн авсны дараагаар өмнөх Засгийн газар нь огцорч, шинэ Засгийн газар бүрдэх учиртай юм. 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шинэ Засгийн газрын тэргүүнээр Дмитрий Медведевийг дахин томилох саналаа Төрийн Думд хүргүүлжээ. Шинэ Засгийн газрын тэргүүнийг өнөөдөр /2018.05.08/ Төрийн Дум хэлэлцэх юм. Үүнтэй зэрэгцээд Дмитрий Медведев шадар сайдуудын үүргийг тодорхой болгон хуваарилах, орлогчдын тоог нэмэгдүүлэх тухай ярьж эхэлжээ. 

ОХУ-ын Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Силуанов Макро эдийн засаг, санхүүгийн асуудал хариуцсан нэгдүгээр шадар сайдын албан тушаалд нэр дэвшээд байна. Батлан хамгаалахын асуудал хариуцсан шадар сайдаар одоогийн Батлан хамгаалах сайдын орлогч Юрий Борисов нэр дэвшжээ. Харин шадар сайдын албан тушаалыг хөдөө, аж ахуйн сайд асан, Воронеж мужийн амбан захирагч асан Алексей Гордеев нэр дэвшив

Харин тээвэр, холбоо, цахим эдийн засгийн асуудлыг Максимов Акимов өөр дээрээ авах бололтой. Түүний нэрийг Дмитрий Медведев нэр дэвшүүлэх санал гаргажээ. Максимов Акимов нь өмнө нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын нэгдүгээр орлогчийн албан тушаалыг хашиж байсан билээ. Засгийн газарт шинээр томилогдох шадар сайдуудын дунд Константин Чуйченко нэр хүртэл яригдаж эхлэв. Тэрбээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалд нэр дэвшиж байна. Тэр өмнө нь Путины туслахаар ажиллаж байсан бөгөөд Кремлийн хяналтын хэлтсийг ахалж байв. 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШИНЭ ЗАХИРАМЖ 

Владимир Путин тангараг өргөх ёслолын дараагаар шууд ажилдаа орсон билээ. Тэрбээр Төрийн Думд Дмитрийн Медведевыг ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг оруулсан юм. Мөн 2024 он хүртэлх ОХУ-ын хөгжлийн зорилтын тухай ‘Майский указ’ зарлигт гарын үсэг зуржээ. 

"Майский указ" бол ОХУ-ыг хөгжүүлэх ойрын амбицтай төлөвлөгөө гэж шинжээчид харж байна. Тус төлөвлөгөөнд дурдсанаар, ОХУ-ыг дэлхийн том таван эдийн засгийн нэг болгох эдийн засгийн өсөлтийг хадгалах, инфляцыг дөрвөн хувьд барих, эрүүл мэндийн үйлчилгээний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, дундаж амьдралтай гэр бүлийг ипотекийн найман хувийн зээлээр хангах, жилдээ 120 сая кв.метр хүртэлх орон сууцны бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, дундаж наслалтыг 78, 2030 онд 80 хүртэл нэмэгдүүлэх амбицтай зорилтууд тусгагджээ. 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж