Цаг агаар дулаарахаар хүмүүс шингэн зүйл уух нь нэмэгддэг. Ингэхдээ ямар зүйл уухдаа анхаарах цаг болжээ. Учир нь, чихэрлэг зүйл уух нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, улмаар таргалалтын шалтгаан болж байна. Стандартын дагуу насанд хүрсэн хүн өдөрт 33 грамм сахар хэрэглэх нормтой байдаг юм байна. Гэтэл Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан судалгаагаар бидний бараг өдөр бүр хэрэглэдэг кока кола буюу хийжүүлсэн ундааны 500 граммд л гэхэд 54 грамм сахар агуулагддаг юм байна.
Сонирхуулахад, Монгол Улсын хүн амын насанд хүрэгчдийн 54.4 хувь нь илүүдэл жин, таргалалттай байна. Харин 6-11 настай хүүхдийн 22.2 хувь нь илүүдэл жинтэй, 6.4 хувь нь таргалалттай байна. Тиймээс хүүхдийнхээ ууж, идэж байгаа зүйлд анхаарал хандуулах цаг болжээ. Учир нь 10 хүүхэд тутмын найм нь чихэрлэг ундаа, шарж болгосон хоол хүнс хэрэглэж байна.
Р.Ренчиндулам