Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авсангүй

Хуучирсан мэдээ: 2018.05.08-нд нийтлэгдсэн

Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авсангүй

Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авсангүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2018.05.08/ Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон, Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын даргаар Д.Даваа-Очирыг, дэд даргаар Ж.Батсайханыг тус тус томилуулах тухай саналыг хэлэлцэх үеэр ‘Ерөнхийлөгч хууль зөрсөн санал УИХ-д өргөн мэдүүлсэн’ гэсэн асуудлыг хөндөж, энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэв. 

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд дээрх асуудалд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:  

Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлд зааснаар АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрх дуусах хоёр хэлбэр байгаа. Нэг нь  огцруулах, нөгөө нь чөлөөлөх . Огцруулах үндэслэл нь гэмт хэрэгт холбогдож, шүүхээр хэрэг нь нотлогдсон бол гэж заасан. Харин чөлөөлөхөд гурван үндэслэл байна. Нэгдүгээрт өөрөө албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, хоёрдугаарт, эрүүл мэндийн шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон, гуравдугаарт бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тохиолдолд гэж заасан.

АТГ-ын дарга Х.Энхжаргал, н.Нямдорж нарын хувьд өргөдөл өгөөгүй,  эрүүл мэндийн хувьд албан үүргээ гүйцэтгэх боломжтой,  бүрэн эрхийн хугацаа нь дуусах болоогүй. Эргэлзээ байхгүйгээр АТГ-ын дарга, дэд дарга нарыг УИХ-аас  томилсон. Томилсон тогтоолыг нь үзэхээр Авлигын эсрэг тухай хуулийн 21.1-дэх заалтыг үндэслэн  зургаан жилийн хугацаатайгаар томилсон байгаа.  Бусад хүмүүсийн тайлбарлаж байгаачлан, Авлигын эсрэг тухай хуулийн 21.5-ыг үндэслэн нөхөн томилсугай гэсэн заалтыг үндэслэл болгоогүй. Ийм учраас АТГ-ын удирдлагуудыг хууль эрх зүйн хувьд чөлөөлөх эрх нь нээгдээгүй байна гэж үзэж байна.

Цаашлаад УИХ Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэх юм бол Авлигын эсрэг хууль, Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчих болно.

Ерөнхийлөгчийн энэ асуудал нь Үндсэн хууль зөрчсөн зүйл рүү орох вий гэдэг болгоомжлолыг төрүүлж байна. Мөн  АТГ-ын дарга, дэд даргыг Авлигын эсрэг хуульд хуульд зааснаас бусад үндэслэлээр огцруулах болон чөлөөлөхийг хориглоно гэж заасан.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

Авлигын эсрэг хуулийн 21.1-д АТГ-ын дарга, дэд даргыг зургаан жилийн хугацаатайгаар томилно, 21.5-д АТГ-ын дарга, дэд даргыг нөхөн томилбол 21.1-д заасны дагуу бүрэн эрхийн хугацаа нь дуустал үргэлжилнэ гээд тодорхой заасныг Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналд зориуд мушгин тайлбарласан байна. Нөхөн томилогдвол гээд хугацаагаар нь заагаад өгсөн асуудал гэсэн юм. 

Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилсан Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргаж, байнгын хорооны гишүүд дэмжсэнээр хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж