25 жил: Өнгөрсөн ба ирээдүй
М-Си-Эс Группийн Захирлуудын Зөвлөлийн дарга Ж.Оджаргалын “Оны залуу” лекцэд тавьсан “25 жил: Өнгөрсөн ба ирээдүй” илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Мэндчилгээ, талархал
Шилжилтийн 25 жилийн Бизнес, эдийн засгийн шилдгээр тодруулсанд Монголын Залуучуудын холбоо, “Залуу удирдагч” сангийн хамт олонд юуны өмнө талархал илэрхийлье.
Амралтын өдрөөсөө хугаслан, илтгэл сонсохоор ирсэн эрхэм зочид, залуус та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Шилжилтийн гэж тодорхойлсон 20 гаруй жилд Монголчууд бид эдийн засгаа 10 дахин тэлж, хувийн өмчгүй шахам байсан социалист тогтолцооноос өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний 80 шахам хувийг бүрдүүлж буй хувийн хэвшил гэсэн маш том салбартай болсон байна. Энэ үеийг хамтдаа бүтээлцсэн манай үеийн залуучууд, тэдний үүсгэн байгуулсан үндэсний олон зуун компанийг төлөөлүүлэн надад энэ шагналыг өглөө гэж ойлгож байгаа.
Өнгөрсөн 25 жилд олсон амжилт, гаргасан алдаа оноогоо нэг цэгнээд, ирэх 25 жилд бид юунд анхаарч, ямар зорилго, тэмүүлэлтэй байх вэ гэдэг дээр өөрийн бодлыг хуваалцъя.
I. ӨНГӨРСӨН 25 ЖИЛИЙН ОЛОЛТ АМЖИЛТ, АЛДАА ОНОО
Хүүхэд насны мөрөөдөл, ирээдүйн тухай төсөөлөл
Манай үеийнхэнд одоогийнх шиг Facebook, Instagram байсангүй. Харин дурсгалын дэвтэр аялуулдаг байлаа. Хүүхэд бүр нэг дэвтэр нээгээд, ангийнхнаараа аялуулж, дурсгал үлдээдэг, хүүхдүүд голдуу мөрөөдлөө, ирээдүйн талаарх гоё төсөөллөө энэ дэвтэрт зурдаг байсан.
Би ч бусад хүүхдийн адил мөрөөдөмтгий байсан. Нэгэн дэвтэрт Office гээд өндөр байшин зурсан нь Central Tower ч юм шиг. Өөр нэг дэвтэрт Coca-Cola гэсэн бичигтэй байшин, бас дээрээ бараг л М-Си-Эс-ийн лого шиг харагдах таван хошуутай өндөр байшин зурсан байсан. Бүр сүүлд энэ зургуудыг олж хараад би маш их гайхсан, мөрөөдөж чадвал бүтээж болдог юм байна гэж бодох болсон.
Тухайлбал, дурсгалын дэвтэрт буусан нэгэн мөрөөдөл 2001 онд биеллээ олж, дэлхийн 200 гаруй улс оронд үйл ажиллагаа явуулдаг Кока-Кола компанитай бид хамтран ажиллах болсон. Өнгөрсөн хугацаанд манай залуучууд дэлхийд тэргүүлэх үйлдвэрлэл, технологи, маркетингийн шилдэг мэдлэг, туршлагыг Монголдоо нутагшуулж, дэлхийн Кока-Кола-гийн систем дотроо нэр хүндтэй, шилдэг хамт олны нэг болсон нь бидний бахархал.
Бизнесээ эхлүүлэх үед улс орны эдийн засгийн байдал ямар байв?
1990-ээд оны эхэн үе бол шилжилтийн хямрал ид газар авсан, дотоодын нийт бүтээгдэхүүний уналт доод цэгтээ хүрч 1 тэрбум доллараас бага болсон, өөрөөр хэлбэл одоогийнхоос 10 дахин жижиг эдийн засагтай, инфляци жилд 250 хувьд хүрсэн, айл өрхүүд хүнсээ картын хуваарилалтаар авдаг, аж үйлдвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй, барилга, дэд бүтэц зэрэг эдийн засгийн гол салбарууд бүгд гүнзгий хямралд өртсөн үе байлаа.
Ийм л үед найзуудтайгаа нийлж хувийн бизнес эхлүүлж байлаа. Анхны оффис маань Уртцагааны урдхан талд байсан хуучин цэцэрлэгийн байшинд түрээсэлсэн жижиг өрөө байсан юм. Саяхан тийшээ очиж үзэх гэсэн, буулгаад оронд нь өндөр байшин барьсан байна билээ.
Дээд сургууль төгсөж ирээд Төвийн эрчим хүчний системд ажиллаж байхдаа Эгийн голын усан цахилгаан станцын төслийн судалгаагаар Швейцарийн Электроватт компанид 2 сарын хугацаатай ажилласан юм. Усан цахилгаан станц барих юмсан гэсэн мөрөөдөл тээсэн залуухан инженер явахдаа зөвлөгөө өгөх бизнес гэж асуудалд шийдэл эрж хайдаг, эргэлтийн хөрөнгө шаардахгүй, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломжтой оюуны гоё бизнес байдаг юм байна, ийм компанитай болох юмсан гэсэн бодол анх орж ирсэн.
Бизнесийн гарааны хөрөнгө оруулалт
Компани байгуулахад эхлэлийн хөрөнгө байсангүй. Түрээсийн оффистоо 1 ширээ, 4 сандал, 1 бичгийн машин тавиад л бизнесээ эхэлсэн. Гэхдээ шилжилтийн эхэн үед бид мөнгөгүй ч гэсэн мөрөөдөлтэй, мөрөөдлийнхөө төлөө ажиллах эрх чөлөөтэй болсон байлаа. Хоногийн 24 цагаас 15-16 цагийг ажилдаа зориулдаг, заримдаа хонож ажиллах тохиолдол гардаг байлаа. Дээд рекорд нь тасралтгүй 36 цаг ажиллаж байсан. Одоогийнх шиг интернэт байхгүй болохоор мэдээлэл хомс, их цаг зарж тооцоо судалгаа хийдэг байлаа. Ингээд бодохоор бизнестээ оруулсан бидний анхны хөрөнгө оруулалт бол залуу нас, цаг хугацаа юм даа.
Ажлын гараагаа эхлүүлсэн эрчим хүчний салбартаа хийсэн ажлууд
Булган-Мөрөн, Арвайхээр-Баянхонгор, Мандалговь-Тавантолгойг холбосон цахилгаан дамжуулах агаарын шугамууд барьж, төвийн эрчим хүчний системд холбогдоогүй байсан аймгуудыг байнгын цахилгаантай болгож байлаа. Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд ажиллаж байхаас тээж явсан цахилгаан станц барих мөрөөдлөө Ухаа худагийн цахилгаан станцыг барьснаар биелүүлсэн. Энэ бол говийн нөхцөлд тохирсон, хуурай хөргөлттэй, ус бага хэрэглэдэг технологитой, орчин үеийн шийдэлтэй цахилгаан станц юм.
Сүүлийн үед манай залуучууд нар, салхины цахилгаан станц гээд сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн бүтээн байгуулалтад амжилттай оролцож байна.
Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэхэд хамгийн чухал салбар бол мэдээлэл, харилцаа холбооны салбар
Өнгөрсөн 25 жилд харилцаа холбооны салбарт төрөөс зөв бодлого хэрэгжүүлсний үр дүнд, хувийн компаниудын хөрөнгө оруулалтаар өнөөдөр Монголчууд бид дэлхийн аль ч улс орноос дутахгүй, зарим хөгжсөн улс орнуудаас ч түрүүлж алхаж байна.
М-Си-Эс Групп энэ салбарт харьцангуй сүүлд буюу 10 гаруйхан жилийн өмнө орсон ч маш хурдацтай ахиж Юнител маань 4G, Гэр интернэт, IPTV, Look TV зэрэг нийтийг хамарсан олон шинэ үйлчилгээг анх түрүүн орон даяар хэрэглэгчдэд хүргэлээ.
Монгол Улс 4G сүлжээг улс орон даяар нэвтрүүлсэн дэлхийн 25 дахь улс, мөн IPTV-г нэвтрүүлсэн дэлхийн 26 дахь улс орон болсон. Өдгөө орон даяар 170 мянган айл өрхөд Юнивишний үйлчилгээ хүрчээ. Гэр хороолол, хөдөө орон нутгийн айл өрхүүдэд интернэтэд холбогдох боломжийг Гэр интернэт үйлчилгээ бүрдүүлж, одоогоор 70 мянган өрх холбогдоод байна. Зурагтын сувгууд, кино, контентийг хаанаас ч, хэзээ ч үзэж болдог Look TV үйлчилгээг хэрэглэж байгаа хүний тоо 100 мянга хүрсэн байна.
Юнител бол харилцаа, холбооны салбарт үндэсний мэргэжилтнүүд, Монгол инженерүүд бие даан хөгжүүлсэн төсөл. Үүнийг гадны мэргэжилтнүүд ирж үзээд Монгол залуучуудын ур чадварыг үнэлж байгаагаа нуудаггүй юм.
Ухаа худаг бол Монголчууд бие даан хэрэгжүүлсэн уул уурхай, дэд бүтцийн том төсөл
Орчин үеийн дэлхийн жишгийн уул уурхайн том төслийг Монголчууд бид өөрсдөө хэрэгжүүлж чадна, Монголоороо овоглосон нүүрсний брэндийг бий болгож, дэлхийд гаргана гэсэн зорилго тэмүүлэл, итгэл үнэмшилдээ хөтлөгдөн, дэд бүтэц огт хөгжөөгүй, хов хоосон Ухаа худагийн талд бүхнийг “0”-ээс эхлүүлж байлаа. Энэ бол үндэсний хувийн хэвшил манлайлан, бие даан хэрэгжүүлсэн анхны том төсөл юм.
Ухаа худаг төслийн нийт хөрөнгө оруулалт нь 1.2 тэрбум америк доллар давсан. Олон улсын санхүүгийн зах зээлээс босгосон энэ хөрөнгөөр бид Австралийн дэвшилтэт технологийг нутагшуулан, Монголын анхны нүүрс баяжуулах үйлдвэр байгуулж, ус болон цахилгаан хангамж зэрэг уурхайн дагалдах дэд бүтцийг, орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг гэх мэт нийгмийн дэд бүтцийн хамт барьж, төслийн бүтээн байгуулалтыг говь нутгийн хөгжлийн төлөвлөлттэй уялдуулж хийсэн. Ингэснээр өмнө нь түүхийгээр нь гадагш зөөдөг байсан Монгол нүүрсийг дотооддоо нэмүү өртөг шингээн боловсруулж, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц үнээр экспортлох боломжийг бүрдүүлсэн юм.
Гэхдээ энэ бүхнийг М-Си-Эс, Энержи Ресурс дангаараа хийгээгүй, энэ бол Монгол компаниуд, Монгол инженерүүдийн хамтын бүтээл. 4-5 жил үргэлжилсэн Ухаа худагийн бүтээн байгуулалтад давхардсан тоогоор дотоодын 3,000 гаруй аж ахуйн нэгж оролцсон гэхээр хэр том далайцтай төсөл болох нь ойлгогдох болов уу.
Ухаа худаг төслийн гол үнэ цэнэ нь Монгол хүнд хийсэн хөрөнгө оруулалт
Үйлдвэр, уурхайн бүтээн байгуулалттай зэрэгцүүлж Монгол хүнээ сургаж, бэлтгэх шаардлагатай байлаа. Уурхайн төлөвлөлт, нүүрс баяжуулалт, орчин үеийн техник технологи, машин механизмын засвар үйлчилгээ гээд уул уурхай, хүнд үйлдвэрийн нарийн мэргэжлээр 4,000 гаруй Монгол залуучуудыг бид бэлтгэсэн. Эдний дундаас Монголд өмнө нь байгаагүй, цоо шинэ, асар үнэ цэнэтэй инженер, мэргэжилтнүүд бэлтгэгдэн гарсан нь манай үндэсний оюуны том баялаг юм.
IPO хийнэ гэдэг бизнесмэн бүрийн мөрөөдөл
Үндэсний компаниудаас анхлан олон улсын санхүүгийн зах зээлд хувьцаагаа арилжаалах, бонд гаргах хэлбэрээр бид төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай 1.2 тэрбум долларын хөрөнгийг босгож чадсан.
IPO хийнэ гэдэг асар том хариуцлага, олон зуун мянган хувь нийлүүлэгчдийн сэтгэлийг татаж, итгэлийг нь олж, хөрөнгө босгож бизнес хийнэ гэдэг компанийн засаглалын хувьд хүрч болох хамгийн дээд эрэмбэ юм.
Уул уурхайн төсөл нь урт хугацаа шаардсан, эрсдэл өндөр гэдэг нь манай Энержи Ресурсын замналаас харагддаг. Дэлхийн зах зээл дэх коксжих нүүрсний үнийн уналтаас шалтгаалж компани маш хүнд байдалд орсон ч “Монголчууд итгэл дааж чадна, энэ том төслөө өөрсдөө амжилттай удирдах чадвартай” гэдгийг дэлхийд таниулахын төлөө зориглон зүтгэсэн менежментийн багийн шантаршгүй хүчин чармайлт, мянга мянган ажилчдын маань хичээл зүтгэлийн үр дүнд бид тулгарсан бэрхшээлийг даван туулж чадсан.
Мөрөөдсөн бүхэн биелээгүй
Гэхдээ мөрөөдөл бүхэн маань биелсэн үү гэвэл, үгүй. Тухайлбал, улс орныхоо бензин, түлшний хараат байдлыг нүүрс шингэрүүлэх технологиор шийдчих юмсан гэж энэ чиглэлээр дэлхийд тэргүүлэх Герман, Японы компаниудтай хамтарч, судалгаа хийж, 4-5 жилийн хугацаа зарцуулж, нэлээд хэдэн тэрбум төгрөгийн зардал гаргаж зүтгэлээ. Гэвч дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалаад энэ мөрөөдөл минь биелээгүй л явна.
Өнгөрсөн 25 жилд бидний амжилтын үндэс юу байв?
Ер нь аливаа бизнесийг амжилттай авч явахад удирдлагын зүгээс тэнцвэртэй анхаарч байх хоёр үндсэн асуудал байдаг:
– Нэгд, бизнесээ хараатай, оновчтой удирдах
– Хоёрт, тэр бизнесийг хийх сэтгэлтэй, урам зоригтой, мэдлэг чадвартай, тасралтгүй хөгжиж чаддаг хамт олныг бий болгох
Бизнесийн алсаа харааны тухайд бид юм хийвэл аль болох дэлхийн шилдгүүдтэй нь хамтарч ажиллах, тэдний арга, туршлагаас суралцах, тэдний түвшинд алсыг харж, сэтгэдэг байхыг зорьж ирсэн. Тийм ч учраас Кока-Кола, Проктер энд Гэмбл, Шангри-Ла гэх зэрэг дэлхийд тэргүүлэгч брэнд, компаниудтай хамтарч ажиллах болсон.
Хамт олноо бүрдүүлэх тухайд бол ерөнхий потенциал сайтай, зөв хандлагатай, сурах, хөгжих тэмүүлэлтэй, аливаад сэтгэлээсээ ханддаг залуучуудыг ажилд авахыг эрмэлздэг.
Бүх л компанид байх ёстой эдгээр зүйлсээс гадна М-Си-Эс-ийн амжилтанд нөлөөлсөн хамгийн чухал хүчин зүйл бол бидний хоорондын харилцаа юм. Бид анхнаасаа байгууллагын соёлоо бүрдүүлэхдээ хамт олны уур амьсгал, хоорондын харилцаагаа элэгсэг дулаан байлгахад чухал ач холбогдол өгч ирсэн нь өнөөдрийн бидний амжилтын үндэс байсан юм байна.
Амьдралаараа туулж ойлгосон зүйлийг маань Харвардын эрдэмтэд ч бас нотолжээ
Эрүүл энх, аз жаргалтай амьдрахад юу хэрэгтэй вэ гэдгийг Харвардын эрдэмтэд 1940-өөд оноос эхэлж судалжээ. Судалгаандаа тухайн үед дөнгөж арван хэдэн настай байсан 724 залууг сонгон авч, 75 жилийн турш тасралтгүй судалсан байна.
Уг судалгаагаар мөнгө, алдар нэрийн аль нь ч эрүүл, жаргалтай амьдралыг авчирч чаддаггүй, харин гэр бүл, найз нөхөд, хамт олны халуун дулаан харилцаа л хүнийг урт насалж, удаан жаргахад хамгийн чухал гэдгийг тогтоожээ.
Өнгөрсөн 25 жилийг эргэн харахад, бид мөрөөдөлдөө хөтлөгдөн, хийж бүтээхийн төлөө зав чөлөөгүй явахдаа гэр бүл, хамт олон, найз нөхдийнхөө эерэг дулаан харилцаа, сэтгэлийн дэмээр л тулгарсан сорилтуудыг ажралгүй давж, зорьсон хэргээ хамтын хүчээр бүтээж ирж дээ гэж бодогддог.
II. ИРЭХ 25 ЖИЛИЙН ЗОРИЛГО, ТЭМҮҮЛЭЛ
Дараагийн 25 жилд биднийг юу хүлээж байна вэ?
Бид түүхийн огцом өөрчлөлтийн үед тулж ирээд байна. Технологийн хөгжил хүн төрөлхтний түүхэнд урд өмнө нь байгаагүй том хувьсал өөрчлөлтийг авчирч байна. Өнгөрсөн 300 жилийн түүхэнд бий болсон өөрчлөлттэй тэнцэхүйц хэмжээний өөрчлөлт зөвхөн ирэх 20 гаруй жилийн дотор болно гэж ярьж байна.
Технологийн хувьсгалууд хүн төрөлхтний түүхэнд асар том хувьсал дэвшлүүдийг авчирсан. 18-р зуунд уурын хөдөлгүүр зохиогдсоноор аж үйлдвэр хөгжиж, 19-р зуунд цахилгаан хөдөлгүүр бүтээгдсэнээр масс үйлдвэрлэлийн эрин эхэлж, 20-р зуунд компьютерийн ачаар үйлдвэрлэл автоматжсан бол одоо 21-р зуунд дижитал технологиор бүхий л эд юмс хоорондоо сүлжээгээр холбогдох болж, хязгааргүй их боломжууд нээгдэж байна.
Бид өдөр тутамд IoT буюу Internet of Things, Big Data, AI буюу Аrtificial Intelligence, Cloud Technology гэх үгсийг сонсох боллоо. Өнөөдөр сонсож байгаа эдгээр үгс тун удахгүй бидний өдөр тутмын хэрэглээ болно. Хэдэн зуунаар хэмжигддэг байсан хувьсал өөрчлөлт өнөөдөр бараг өдөр тутмын ердийн зүйл болж байна.
Өөрчлөлт бидний төсөөлснөөс асар илүү хурдтай байна
21-р зууныг мэдээллийн технологийн зуун болно гэдгийг 20-р зуунд мэдэж байсан ч ийм хурдацтай хөгжлийг хэн ч таамаглаагүй. 1980 онд алдарт МакКэнзи компанийн хийсэн судалгаагаар 2000 он гэхэд дэлхийн хэмжээнд ердөө 900 мянган үүрэн телефон хэрэглэгчтэй болно гэж таамаглаж байжээ. Гэтэл бодит байдалд энэ тоо 1 тэрбум дөхсөн, 2019 он гэхэд 5 тэрбум хүрэхээр байгаа ба үүнээс бараг 3 тэрбум нь ухаалаг гар утасны хэрэглэгчид байх юм байна.
Дижитал технологи дэлхийг улам бүр “хавтгай” болгож байна
Энэ бүх технологийн хөгжил нь даяаршлыг дараагийн шатанд аваачиж, дэлхий даяар хүмүүс хил хязгаар, газарзүйн байршил үл хамааран гар утаснаасаа дуртай цагтаа, хүссэн зүйлээ, хаанаас ч худалдан авах боломжтой болж байна.
Өнөөдөр дэлхий дээр 3 тэрбум хүн интернэтэд холбогдоод байна. Интернэтийн ачаар жижиг, том бүх компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дэлхий даяар зарах боломжтой болж байна. E-commerce буюу интернэт худалдааг хөгжүүлэхэд интернэт холболт, хүргэлт, төлбөрийн систем гэсэн үндсэн 3 асуудлыг шийдэх хэрэгтэй байдаг. Бид хамгийн чухал буюу интернэт холболтын асуудлаа шийдвэрлэсэн. Дараагийн асуудлуудыг шийдчихвэл бид даяаршлын дараагийн шатанд нэгдэж, зах зээлээ Монголынхоо 3 сая хүнээр хязгаарлах бус, 3 тэрбум хүн, улмаар дэлхийн нийт хүн ам гэж хардаг болно.
Нээгдэж буй боломжуудыг ашиглахад нээлттэй байдал чухал
Далай лам хэлэхдээ: “Монголчууд 20-р зууны эхэнд маш зөв сонголт хийсэн. Түвд, Монгол хоёр 20-р зууны эхэнд ижил нөхцөлд, Манжийн эзэнт гүрний хараат байсан. Монголчууд нээлттэй бодлого явуулж, дэлхий ертөнцтэй холбогдож, улмаар тусгаар тогтнолоо баталгаажуулж авсан. Харин Түвдүүд өөрсдийн хэл, соёлоо авч үлдэнэ гээд хилээ хаасан. Тэгээд өнөөдөр, 100 жилийн дараа, 21-р зууны эхэнд эргээд хартал Түвдүүд том гүрний алслагдсан муж, харин Монголчууд та нар тусгаар улс болж, дэлхийн соёл иргэншилтэй хөл нийлүүлээд алхаж явна. Тэгэхээр нээлттэй байж, бусдыг хүлээн зөвшөөрч, бусдад өөрийгөө таниулж, шинэ мэдээлэл авч, дэлхийтэй нээлттэй харилцана гэдэг бол жижиг улс орнуудын “амьд үлдэх”, хэл соёл, эдийн засаг, тусгаар тогтнолоо хамгаалах ганц арга юм байна” гэсэн гэдэг.
Тиймээс Монголчууд бид 21-р зууны эхэнд тохиож буй боломжуудаа зөв ашиглахын тулд гадаадын хөрөнгө оруулалт, технологи, мэдлэг туршлагыг нэвтрүүлэхэд илүү нээлттэй хандаж, харилцан ойлголцож, хамтран ажиллаж байж, 20-р зуунд сэргээсэн улс төрийн тусгаар тогтнолоо эдийн засгийн тусгаар тогтнолоор баталгаажуулж чадна.
Ирээдүй бидэнд ямар боломжуудыг нээж өгч байна вэ?
1. Уул уурхай улс орны эдийн засгийн гол хөдөлгүүр байсаар байх болно
Интернэтэд холбогдсон нэг хүн гар утас, компьютер, iPad гээд хэд хэдэн дижитал төхөөрөмж хэрэглэдэг болжээ. Цаашлаад юмс интернэтэд холбогдохын хэрээр 2020 он гэхэд 50 тэрбум, 2050 он гэхэд 500 тэрбум төхөөрөмж интернэтэд холбогдоно гэсэн тооцоо байна. Энэ бүгдийг үйлдвэрлэхэд зэс орно. Нэг цахилгаан машиныг үйлдвэрлэхэд дотоод шаталтат хөдөлгүүртэй машинтай харьцуулахад 4 дахин их зэс ордог юм байна. Эрчимтэй дэлгэрч байгаа сэргээгдэх эрчим хүч ч гэсэн зэсийн нэг том хэрэглээ болох юм.
Тэгэхээр зэс хамгийн эрэлттэй, ирээдүйтэй эрдэс баялагийн нэг гэдэг нь тодорхой бөгөөд ойрын ирээдүйд уул уурхай улс орны эдийн засгийн гол хөдөлгүүр байсаар байх юм байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, дэвшилтэт техник, технологийг эзэмшиж, эрдэс баялагаа ухаалаг зөв ашиглаж чадвал бид боломжоо бодит зүйл болгож, эдийн засгаа өсгөж, Монгол Улс дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах болно.
2. Уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхийн тулд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хэрэгтэй
Технологийн ачаар дэлхий даяар хүмүүс бага ажиллаж, их аялах боломжтой болж байна. Бид хөрсөн доорх баялгаа ашиглахаас гадна, хөрсөн дээрх шавхагдашгүй баялаг болох онгон байгаль, нүүдлийн соёлоо түшиглэн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, улмаар улсынхаа эдийн засгийн нэг том тулгуур баганыг босгох хэрэгтэй. Жилдээ 1 сая биш, бүр 5 сая, 10 сая жуулчин хүлээн авах мөрөөдөлтэй байцгаая. Сая сая жуулчид Монголыг зориод ирэхэд нь тосч аваад үйлчлэхэд бэлэн байх маш том салбарыг бид хүн хүчнийх нь хамт хөгжүүлэх хэрэгтэй болж байна. Жуулчид ирэх боломжтой зуны богинохон улиралд залуучууд та бүхэн завгүй хөдөлмөрлөж байж байгалийн үзэсгэлэн, түүхийн дурсгал, өв уламжлал гэсэн шавхагдашгүй баялгаа эдийн засгийн эргэлтэнд оруулж чадна.
3. Эрүүл, органик хүнс экспортлогч орон болох баялаг өгөгдөл Монголд бий
Бүх юм цахимжихын хэрээр хүн төрөлхтөн эргээд байгальдаа ойртохыг эрмэлзэж, органик хэрэглээг эрхэмлэх болжээ. Өнөөдөр хүмүүс органик хүнсний төлөө хэд дахин илүү мөнгө төлөх сэтгэлзүйн бэлтгэлтэй болж, эрэлт нь бодитой нэмэгдэж байна. Монголын хөрсөнд бордоо хэрэглэлгүй ургуулсан хүнсний ногоо, үр тариа, тал нутагтаа тааваараа бэлчсэн малын мах, сүү, арьс шир, ноос, ноолуур гэх зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ бид зөв менежмент, маркетинг хийж чадвал дэлхийн зах зээлд өндөр үнээр нийлүүлэх бүрэн боломжтой. Дэлхийн аль ч улсаас илүүтэй эрүүл, органик хүнс үйлдвэрлэгч орон гэсэн имиж бүрдүүлэх баялаг өгөгдөл Монголд бий.
4. Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломж
Уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг дагасан эдийн засгийн дэд бүтэц хөгжсөнөөр хотод биш хөдөөд ажлын байрууд олноор бий болж, улмаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломж бүрдэнэ. Өнөөдөр нийслэлд тулгамдаад байгаа олон асуудлыг бид хотын дотор бодлого, зохион байгуулалт хийж шийдэхээс илүүтэй, хотоос гадна суурьшлын бүсүүд байгуулж, хүмүүс хөдөө эрүүл агаарт, эдийн засгийн боломжтой орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь оновчтой шийдэл болно.
Бид хойч үеэ дижитал эринд хэрхэн бэлтгэх вэ?
2045 он гэхэд хиймэл оюун ухааны чадвар нь хүнийхээс давна гэж эрдэмтэд таамаглаж байна. Японы эрдэмтдийн таамаглалаар 2030 он гэхэд тус улсын нийт ажиллах хүчний бараг тал хувь нь хиймэл оюунаар солигдох ажээ.
Технологи өндөр хөгжсөн Японд л ийм болно биз гэж бид бодож болохгүй. Хиймэл оюун ухаан, роботчлол гэх зүйлс улс орны хил хязгаарыг үл хамааран нэвтрэх болно. Үйлдвэрлэлийн салбарт хүний ажлын байр буурах хэдий ч нөгөө талдаа үйлчилгээний салбарт олон шинэ ажлын байрууд бий болно гэж үзэж байгаа. 2025 онд шинээр ажилд орох залуучуудын 60 хувь нь өнөөдөр байхгүй цоо шинэ ажил мэргэжлээр ажиллах болно гэсэн таамаглал байна.
Ийнхүү машин хүнээс илүү ухаалаг болж, алдаагүй ажиллаж байхад хүүхдүүддээ бид ямар боловсрол олгож, аль ур чадварыг нь хөгжүүлэх вэ гэдгийг нэн даруй, нухацтай авч үзэх шаардлагатай. Ирээдүйн ажлын байрууд хүнээс бүтээлч сэтгэлгээ, харилцааны ур чадварыг илүүтэй шаардах нь байна.
Гадаад хэл, тэр дундаа Англи хэлийг сайн эзэмшиж, дэлхий ертөнцтэй харилцан холбогдож, интернэтийн далай мэт их мэдээллээс чухам хэрэгтэй мэдлэгээ шүүж, тунгааж авч сурснаар хойч үе маань дэлхийн хөгжлөөс хоцрохгүй, хөл нийлүүлэн алхах болно. Гадаад хэл сурахын хэрээр хүн эх хэл, уламжлалт соёлоо улам илүү хайрлаж, хамгаалдаг гэдэг.
Оюуны өндөр чадамж буюу IQ дээр нь нэмээд EQ буюу сэтгэлийн чадамж, бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлвэл Монгол хүний бүтээмж, үнэ цэнэ дэлхийд гайхагдах болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Ирэх 25 жилд бид юуг анхаарах вэ?
Өнгөрсөн хугацаанд бид нүдэнд харагдах олон сайхан бүтээн байгуулалтыг өрнүүлжээ. Үүний хажуугаар нүдэнд харагдахгүй хэрнээ бидний өдөр тутмын амьдралд хэвшил болж, бүр улс орноороо урагшлах, хөгжихөд саад болж буй маш том ухралт гарсан байна. Энэ бол Монголчууд бидний хоорондын харилцаа. Өнөөдөр харилцан ойлголцож, хамтран ажиллах гэдэг зүйл манай нийгэмд маш ихээр үгүйлэгдэж байна. Наад зах нь замын хөдөлгөөнд хэрхэн оролцож байгаагаас бидний харилцаа, бие биенээ хүндлэх сэтгэл хэчнээн их дор орсныг харж болно.
Дотооддоо төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцахдаа бид ямар алдаа гаргав гэдэгтээ дүгнэлт хийх цаг болсон. Зэс, нүүрсний зах зээлийн үнэ 2017 оноос эхлэн өсч байгаа ч олон улсын биржид бүртгэлтэй, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын хувьд бүгдэд нь нэг ижил, нийтлэг зүйл байгаа нь хувьцааны ханш нь өсөхгүй, 2010-2011 оны түвшингээс хэд дахин доогуур байсаар байна. Энэ бол манай улсын байгаа нөхцөл байдалд олон улсын хөрөнгө оруулагчид ямар дүн тавьж байгааг илтгэх ерөнхий индикатор юм. Юунаас болж бид өнөөдөр ийм байдалд оров? Монголчууд бид яагаад гадаадын хөрөнгө оруулагчдыг хашрааж, үргээх болов? Үүнийгээ засаж залруулахын төлөө хэрхэн хамтдаа хичээн зүтгэх вэ гэх мэтчилэн олон асуултад бид зөв хариулт олж байж цаашид хөгжинө. Дэлхийн жишигт хүрсэн уул уурхайн том төслүүдийг бид гадаадын хөрөнгө оруулалт, дэвшилтэт техник, технологийг ашиглан зөв хөдөлгөх ёстой. Эс тэгвээс, хоцрогдсон арга техник, хортой технологийн уршгаар газар дэлхийгээ шархлуулж, хойч үедээ харамсалтай өв үлдээх аюултай.
Хурдтай хувьсан өөрчлөгдөж байгаа энэ үед өөрчлөлтийг цаг алдалгүй мэдэрч, “хайрцаглагдахгүйгээр” бүтээлчээр сэтгэж чадсан хувь хүн, компани, улс орон хожиж, хөгжих нь тодорхой байна. Хэдийгээр зэс, нүүрс ирээдүйтэй гэж харагдаж байгаа ч хэний ч санаанд оромгүй технологийн нээлт гарч, эдгээр эрдэс баялаг эрэлт, хэрэгцээгүй болохыг хэн ч үгүйсгэж чадахгүй.
Ирээдүйд Монгол хүн, Монгол Улс даяараа эрүүл, жаргалтай аж төрөхөд мөнгөнөөс илүү харилцан хүндлэл, энэрэнгүй сэтгэлийг эрхэмлэдэг болох нь чухал байна. “Бизнес бол өгөхийн ухаан болохоос авахын ухаан биш юм” гэж “Нээлттэй нийгэм” хүрээлэнгийн Д.Энхбатын хэлсэн нь их оносон тодорхойлолт гэж боддог. Бизнесмэн хүн амжилт бүтээлийнхээ амтанд шимтэж, улам ихийг хийх урам зориг орж, дараа дараагийн даваа, нугачааг давах эрч хүчийг олж авдаг болохоос зөвхөн мөнгөний төлөө улайран зүтгэсэндээ энэ бүх ажлыг хийдэггүй юм шүү.
Шилжилтийн 25 жилийн дотор манай хувийн хэвшлийнхэн улс орныхоо эдийн засгийн ачааны хүндийг үүрэх тэнхээтэй болж, хүнээр бол ид гялалзах 25 насан дээрээ явна. Өнгөрсөн хугацаанд ажлын байр бий болгож, татвар шимтгэлээр улсын төсвийг бүрдүүлэхэд компаниудын нийгмийн үүрэг чиглэгдэж байсан бол одооноос нийгэмд тулгамдаад байгаа боловсрол, эрүүл мэнд гэх мэт олон асуудлыг шийдвэрлэхэд нийгмийн хариуцлагаа чиглүүлэх цаг болсон гэж бодож байна.
Ирээдүйд өсөн нэмэгдэх уул уурхай, аялал жуулчлал, органик бүтээгдэхүүний эрэлтийг хангах боломж Монголд байна. Боломжоо зөв ашиглаж чадвал олон шинэ ажлын байрууд нээгдэж, орлоготой, ашигтай бизнесүүд бий болсноор эдийн засгийн өсөлтийг иргэн болгонд, айл өрх бүрт хүртээмжтэй болгох нөхцөл бүрдэнэ.
Дүгнэлт
Дүгнэж хэлвэл, дижитал эрин үе даяаршлыг дараагийн шатанд гаргаж, интернэт сүлжээ бидний өмнө 3 сая биш олон тэрбум хүнтэй асар том зах зээлийг нээж өгч байна. Улам бүр хурдасч буй хувьсал, өөрчлөлтөд хэн нээлттэй, бүтээлчээр хандаж чадна, түүнд боломж нээгдэх болно. Өөрчлөлтийн үр шимийг эдийн засагтаа шингээхийн төлөө уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлж, ажлын байр бий болгож, гадаадын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологийг нэвтрүүлж чадвал өнгөрсөн 25 жилд эдийн засгаа 10 дахин өсгөж чадсан шигээ ирэх 25 жилд мөн дахиад 10 дахин өсгөх бүрэн боломж бидэнд бий. Ингэхийн тулд бид ирж яваа цагийг бүтээх ирээдүй хойч үеэ зөв чиглүүлж сургаж, боловсруулах хэрэгтэй байна.
Төгсгөл
Ингээд, надад олгосон цөөн хоромд багтаан өнгөрсөн 25 жилд өчүүхэн мөрөөдлүүдээ хэрхэн биелүүлсэн өөрийн туршлага, онож, алдаж байж ойлгосон ухаарлаа залуус та нартай хуваалцлаа.
Гартаа атгасан гар утсанд чинь дэлхий багтаж байгаа эрин үеийг эзэгнэж төрсөн залуус та бүхэн мэдээллийн их далайгаас мэдлэг хуримтлуулан, биднээс илүү том мөрөөдөж, мөрөөдлийнхөө төлөө шантралгүй зүтгэвэл хүрэхгүй газар, гарахгүй оргил гэж үгүй шүү гэдгийг захиж хэлье.
Жамбалжамцын Оджаргал
М-Си-Эс Группийн Захирлуудын Зөвлөлийн дарга
Холбоотой мэдээ