Аэробикийн тэмцээн өнөөдөр өндөрлөнө

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Аэробикийн тэмцээн өнөөдөр өндөрлөнө

Хятадын Шенжень хотноо үргэлжилж буй оюутны спортын “Универсиад” наадмын байт харваа, ширээний теннис, усан спорт, дугуйн тэмцээнүүд өндөрлөж, эдгээр төрөлд өрсөлдсөн Монголын тамирчид өчигдөр эх орондоо ирсэн юм. Харин өчигдөр шатрын тэмцээн дууссан бөгөөд өнөөдөр Монголын тамирчид таэквондо, аэробик болон буудлагын тэмцээнд өрсөлдөж байна.

Таэквондогийн тэмцээнд Монголын баг тамирчдаас М.Энхбаатар дасгалжуулагчтай  эмэгтэй зургаа, эрэгтэй гурван тамирчин өрсөлдөж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон тэмцээнд эмэгтэйчүүдийн -49 кг-д Н.Долгормаа АНУ-ын тамирчинтай оноолт таарч, эн тэнцүү өрсөлдөн сүүлийн минутад оноо алдан 3:4 харьцаагаар ялагдал хүлээсэн. Энэ жинд ОХУ, БНСУ, Тайванийн тамирчид тэргүүлжээ. Мөн -67 кг-д Ч.Ариунзаяа Египетийн тамирчин Савалитай тулалдан хожигдсон. Ш.Төртулга Перу улсын тамирчинтай тулалдаж оноогоор ялагдсан. Таэквондогийн тэмцээнд нийт 495 тамирчид оролцож байгаа юм. Тэмцээн үргэлжилж байна.

Харин аэробикийн тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Аэробикийн тэмцээнд МУБИС-ийн багш Б.Номин, МУИС-ийн багш Д.Түмэнтөгс дасгалжуулагчтай 17 тамирчин хосын, гурвалсан, холимог баг, бүжгийн аэробикийн төрөлд оролцож байна. Сонирхуулахад, “Универсиад”-ын аэробикийн тэмцээнд Монголын тамирчид анх удаа өрсөлдөж байгаа юм. Тэмцээний гурвалсан төрөлд Б.Өнөржаргал, Г.Болортулга, Б.Золбаяр нар оролцсон бөгөөд энэ төрөлд Хятадын тамирчид 21.550 оноогоор тэргүүлж, БНСУ-ын тамирчид 21.450, ОХУ 21.400 оноогоор удаалсан байна. Стэп аэробикийн төрөлд Б.Батгэрэл, А.Энхпүрэв, П.Хулан, С.Эрдэнэсувд, Э.Галбадрах, Н.Алтан-Очир нар өрсөлдөж, БНХАУ-ын баг 17.750, ОХУ 17.600 БНСУ 17.520 оноогоор медалийн эзэд болж, манай баг 16.600 оноогоор зургадугаар байрт шалгарчээ. Хосын  төрөлд нийт 18 орны баг өрсөлдсөнөөс ОХУ-ын тамирчид Евгений, Кудамова нар  20.800, Румын улсын Андрей Богаты, Тудорил Валентин нар 20.550, Хятад улсын тамирчид Жинхуан Хуан, Ли Тао нар 20.400 оноогоор тус тус медалийн эзэд болжээ. Монголын тамирчид Б.Гандулам, Г.Наранхүү нар 16 дугаар байрт жагссан. Бүжгийн аэробикийн  тэмцээнд манай тамирчид 16.181 онооны гүйцэтгэлтэйгээр 10 дугаар байранд орсон бол БНСУ 19.350, Румын 19.113, Испани 18.883  оноогоор тэргүүллээ.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж