Ц.Сандуй триатлоны холбоог удирдана

Хуучирсан мэдээ: 2018.05.08-нд нийтлэгдсэн

Ц.Сандуй триатлоны холбоог удирдана

Ц.Сандуй триатлоны холбоог удирдана

Монголын триатлоны холбооны бага хурал өнгөрөгч амралтын өдрүүдэд Олимпийн хорооны байранд болжээ. Энэхүү хурлаар холбооны үйл ажиллагааны тайланг сонсч, 2018-2021 онд мөрдөн ажиллах стратегийн төлөвлөгөөг баталсан байна. Хурлаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, холбооны ерөнхийлөгчөөр Ц.Сандуйг улираан сонгожээ. Тэрбээр Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн юм. Мөн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр “Эйртранс” компанийн ерөнхий захирал Т.Чулуунхүүг сонгосноос гадна дэд ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүдийг ч мөн сонгосон байна.

Усанд сэлэх, дугуй унах, гүйх зэрэг тэсвэр хатуужлын спортын нэг болох триатлон олимпийн наадамд албан ёсоор багтсан. Сүүлийн жилүүдэд манай улсын тамирчдын амжилт эрс сайжирч олон улсад томоохон амжилтыг гаргаад байгаа. Мөн триатлоны тэмцээний олон улсын шүүгчид төрөн гарсаар байна. Дотоодын өрсөлдөөнийг нэмэгдүүлж, эх орноо төлөөлөн тив, дэлхийн тэмцээнд гаргах тамирчдыг сонгон шалгаруулах чухал тэмцээний нэг бол улсын аварга шалгаруулах тэмцээн байдаг. Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээнийг Архангай аймгийн Өгийнуурт зохион байгуулсаар ирсэн. Энэ жилийн аваргуудаа тодруулах тэмцээний тов гарсан байна. Өгийнуурт долдугаар сарын 27-29-ний өдрүүдэд сонирхогчид болон элит ангилалд аваргуудаа тодруулахаар болжээ. Мөн энэ жилийн хөтөлбөрт багийн буухиа багтсан байна. Триатлоны холбооноос улсын аварга шалгаруулах тэмцээний зааврыг удахгүй гаргаж, бүртгэлээ авч эхлэх аж.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж