Хакүхо, Какүрюүтай хаврын баяр Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээн буюу Нацү башё эхлэхэд зургаан өдөр үлдлээ. Зуны тэмцээн дөхсөн ч сүмочид арга хэмжээнд оролцсоор байна. Тавдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрийг “Алтан долоо хоног” хэмээн япончууд хаврын баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү баярыг угтан Токио хотод өнгөрөгч амралтын өдөр “Монголчуудын хаврын баяр”-ын арга хэмжээ болжээ. Баярын арга хэмжээний хүндтэй зочид бол их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар байсан юм. Тэд наадамд оролцсон ард иргэдтэйгээ дурсгалын зураг татуулж, түрүү бөхийн цолыг ч дуудаад амжсан байна. Түрүү бөх болох аймгийн арслан Б.Дамбын цолыг дуудах хүндтэй алба их аварга Хакүход оногджээ. Тэрбээр энэ өдөр өөрийн авьяасыг харуулж, зүүний манлай бөх Б.Дамбын цолыг дуудан баярт ирсэн иргэддээ эрч хүчийг өгчээ.
Мөн Хакүхо, Какүрюү нар хэдхэн хоногийн өмнө “Хүүхэд тэврэх” арга хэмжээнд оролцсон бол энэ удаа “Монголчуудын хаврын баяр”-ын хүндтэй зочноор уригдлаа.
“Монголчуудын хаврын баяр”-ын арга хэмжээ энэ жил 20 дахь жилдээ болж байгаа бөгөөд зохион байгуулагчид, ард иргэд сүмогийн их аваргууддаа амжилт хүсч, удахгүй эхлэх зуны тэмцээнд амжилт хүссэн юм.