Хаврын улс төрийн халуурал намууд дунд ид дундаа өрнөж байна. Олон нийтэд ил болохгүй ч АН, МАН-ынхан тогоон дотроо жинхэнэ утгаараа түлхэлцэж байна. Ялангуяа МАН дотор нийслэлийн МАН-ыг авах “тулаан” хамгийн хурцадмал өрнөж буй. 60 тэрбумын хэргээр цоллуулсан Ц.Сандуй ажлаа өгснөөс хойш нийслэлийн МАН-ын хороо түр даргатай байгаа. МАН-ын 28-р их хурлаас хойш буюу Ц.Сандуй ажлаа өгснөөс хойш нийслэлийн МАН-ыг хэн толгойлох вэ гэдэг өнөөдрийг хүртэл тодорхойгүй байсаар ирсэн. Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, бага хурлын товоо тогтлоо. Нийслэлийн МАН-ын 34-р бага хурлыг ирэх зургадугаар сарын эхээр хуралдуулж, 369 төлөөлөгч оролцуулахаар ярилцжээ. Нийслэлийн МАН-ын хурлаар МАН-ын шинэ дарга тодорно.
нийслэлийн МАН-ын хурлыг зургадугаар сарын 7-нд товлон хуралдуулахаар бэлтгэж байгаа гэнэ. Нийслэлийн үүр, намын анхан шатны байгууллагаас 369 төлөөлөгч сонгогдож, намын хорооны даргаа сонгох хуралд оролцох юм.
Чухам хэн нь өөрийн төлөөлөгчөө илүү их сонгож чадна тэр хүн саналаа хайрцаглаж, өрсөлдөх боломж бүрдэх юм. Тиймдээ ч үүр, намын анхан шатны байгууллагын төлөөлөгчдөө горилогчид нь тойлж эхэлсэн сурагтай. Гэхдээ түүний өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ тодорхой болгож, нэр дэвшүүлэх учиртай, өмнөх хуралдаануудын жишгээс харвал.
Хүн амын тал хувь нь оршин суудаг нийслэл бол нийт сонгогчдын дийлэнх гэсэн үг. Тиймээс нийслэлд ялалт байгуулж чадвал нам олонх болох бүрэн боломжтой гэдгийг 2016 оны сонгууль тод харуулсан. Тиймээс л нийслэлийн МАН-ын дарга хэн болохоос ирэх сонгуулийн дараах нийслэлийг гартаа авах, намд нөлөө бүхий эрх мэдэлтэй болох тулаан хурцдаж буй биз ээ. Энэ тулаанд хамгийн боломжтой болон өөрөө санаархаж байгаа хүн бол Нийслэлийн намын хорооны түр дарга буюу Хотын дарга. Түүнээс гадна одоогийн НИТХ-ын дарга С.Амарсайхан, Ц.Сандуй болон санаархагчид олон бий. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр иргэд тэр дундаа МАН-ын гишүүд намаа 60 тэрбумаас цэвэрлэнэ гэж хамгийн их хашгирсан. Тиймээс ч Ц.Сандуй шахалтад орж, өөрийн хүсэлтээр огцорсон. Тэгвэл одоогийн шинэ дарга хэн байх вэ гэдэг нийслэлийн намын дотоод ойлголцлоос шууд хамаарна. Гэвч УИХ дахь бүлэг шигээ хоёр, гурав талцсан тэдний хэн нь илүүрхэх вэ гэдгээс шинэ намын дарга тодорхой болох нь. Тэр хооронд нийслэлийн МАН-ын гишүүд нь бүр эвдрэлцчихгүй бол шүү дээ.
Ш.ЧИМЭГ