Америкийн Нэгдсэн Улсын экс ерөнхийлөгч Барак Обамагийн засаглалын үед Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн улсууд болох АНУ, ОХУ, Их Британи, Франц, БНХАУ, ХБНГУ гэсэн зургаан улс Тегерантай хамтран Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээг байгуулсан үйл явдал гурван жилийн өмнө тохиосон билээ.
Гэрээнд заагдсаны дагуу гишүүн улсуудын зүгээс Ираны газрын тосонд тавигдсан байсан хоригийг хүчингүй болгож, газрын тос экспортлох эрхийг нь нээж өгсний хариуд Иран улс дотооддоо хэрэгжүүлж буй цөмийн хөтөлбөрүүдийг зогсоох тохиролцоо хийгдсэн юм.
Тэгвэл АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Доналд Трамп Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээг өмнөх ерөнхийлөгчийн хамгийн утгагүй алхам хэмээн үзсэний үндсэн дээр уг гэрээний хэрэгжилтийг эргэн харах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэнээс хойш сүүлийн хоёр сард газрын тосны үнэ тасралтгүй өссөөр 2014 оноос хойших хамгийн өндөр үнийг үзүүлж, тавдугаар сарын 4-ний өдрийн байдлаар нэг баррель газрын тосны үнэ 73,89 ам. доллартай тэнцээд байна. Энэ үнийг энэ 2018 оны эхэн үетэй харьцуулбал даруй 16 хувиар өсөөд байгаа нь газрын тосны зах зээлийг шинжээчдийн хамгийн их анхаарал татсан объект болгон хувиргаад байгаа юм.
Газрын тосны үнийн өөрчлөлт сүүлийн 6 сарын байдлаар
Учир нь, 2015 онд хийгдсэн гэрээний хүчин төгөлдөр байдал алдагдах эрсдэлтэй тулсан даруй Ираны экспортолж буй газрын тосны хэмжээ илтэд буурсан нь ийнхүү дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийг хөөргөдөх шалтгаан болжээ.
Ираны нэг өдөрт экспортолсон газрын тосны хэмжээг 1000 дахин багасган харуулав.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын дунджаар Иран улс өдөрт 2,87 сая баррел газрын тосыг экспортолсон гэсэн үзүүлэлт гарсан байна. Энэ нь өмнөх сараас нэг сая орчмоор буураад буйг графикаас харж болно. Дэлхий даяар Доналд Трамп Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээг хүчингүй болгох уу, аль эсвэл хэвээр хадгалах уу гэсэн том асуултын хариуг тавдугаар сарын 12-нд олон нийтэд ил болгоно гэсэн хүлээлтээр өдөр хоногийг өнгөрөөж байна.
Хэрэв энэхүү гэрээ хүчингүй болж, Ираны газрын тосны экспортод тавьсан хориг дахин хэрэгжиж эхэлбэл Ираны газрын тосны нийлүүлэлт ердөө нэг өдөрт л гэхэд нэ сая баррелаар буурна гэсэн эрсдэл бийг энэ дөрөвдүгээр сарын үзүүлэлт харуулсан билээ. Нөгөө талаас авч үзвэл олон улсад Ираны цөмийн зэвсэг хэмээх толгойн өвчин дахин тулгарах эрсдэл бий. Үүсээд буй нөхцөл байдлын талаар Д.Трамп хэлэхдээ “Юу болохыг харж л байя. Олон хүмүүс миний юу хийж байгааг мэдэх юм шиг аашилдаг. Гэхдээ би та нарт юу хийж байгаагаа тайлагнах бодолгүй байна” хэмээн мэдэгдсэн юм.
Г.СҮМБЭЭ
Эх сурвалж: CNN