ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шинэ бүрэн эрхийнхээ тангаргийг өргөснөөр Дмитрий Медведевийн толгойлсон Засгийн газар огцорлоо. Владимир Путин тавдугаар сарын 7-ны даваа гаригт тангараг өргөсөн. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон ч Ерөнхий сайд болон бусад сайд дараагийн шинэ Засгийн газар томилогдтол үүрэг гүйцэтгэгчээр ажлаа үргэлжлүүлнэ. Шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгч хоёр долоо хоногийн хугацаанд Төрийн Думд өргөн барих учиртай.
Путины тангараг өргөх ёслол Зөвлөлт Холбоот улсын дараах ОХУ-ын Ерөнхийлөгчийн долоо дахь нь бөгөөд шинэ Ерөнхийлөгчтэй холбоотойгоор Засгийн газар 13 дахь удаагаа огцорч буй нь энэ юм. Шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар Путин тодорхой мэдээллийг ил болгоогүй байна. Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ч мөн энэ асуудлаар ам ангайгаагүй боловч Ерөнхийлөгч тангаргаа өргөсний дараа хэзээ ч шинэ Засгийн бүрэлдэхүүнийг танилцуулах боломжтой хэмээн мэдэгдсэн.
Огцорч байгаа Ерөнхий сайд Дмитрий Медведев мөн тодорхой мэдээллийг олон нийтэд өгөөгүй ч “Карьераа дуусгах, эсвэл амрах ямар нэг төлөвлөгөө байхгүй, үргэлжлүүлэн ажиллахад бэлэн” гэдгээ өмнө мэдэгдсэн. Албан бус эх сурвалжийн мэдээгээр өнөөгийн Засгийн газрын тал хувь нь шинэчлэгдэх магадлалтай ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ