"Дэлхийн дэвжээ бидэнд хол байсан"

Хуучирсан мэдээ: 2018.05.07-нд нийтлэгдсэн

"Дэлхийн дэвжээ бидэнд хол байсан"

"Дэлхийн дэвжээ бидэнд хол байсан"

Өмнөд Африкт болсон пауэрлифтингийн мастерс ангиллын хэвтээ шахалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын найман тамирчин өрсөлдсөнөөс алт, мөнгөн медаль тус бүр хоёрыг хүртжээ. 40-50 насны ангиллын -120 кг-ын жинд өрсөлдөж мөнгөн медаль хүртсэн Ц.Баярхүүтэй ярилцлаа. 

-Та жингээ хассан ч дэлхийн дэд аварга боллоо.  Хэр ширүүн өрсөлдөгч нартай хүч үзэв?

-Өмнөд Африкт мастерс ангиллын пауэрлифтингийн ДАШТ-д амжилттай оролцоод ирлээ. Манай улсаас найман тамирчин оролцсон. Миний бие -120 кг-ын жинд 245 кг-ыг шахаж мөнгөн медаль хүртлээ. Манай жинд нийт дэлхийн найман тамирчин өрсөлдсөн. Би сүүлийн оролдлогоороо медалийн болзол хангалаа. Үнэндээ эхний оролдлогыг амжилттай болгож чадаагүй. Хэдийгээр цаана нь дахин хоёр оролдлого байсан ч гэлээ маш хүнд болж ирсэн. Ер нь ямар ч тамирчинд эхний оролдлогоо алдахад цааш явахад хүнд байдаг. Хоёр дахь оролдлогыг амжилттай болгож, Японы тамирчны урд гарч чадсан. Гэхдээ тухайн үед Тамукараг ялж чадсандаа баяртай байгаа.

-Та Японы тамирчныг ялахад ямар тактик хэрэглэв. Тамукара дэлхийн аварга цолтой шүү дээ?

-Тамукара бол маш сайн тамирчин. Тэр бол дэлхийн аварга. Тиймээс өөртөө маш их итгэлтэй байдаг. Энэ тэмцээнээр ч тийм байсан. Гэхдээ тэр энэ удаад медальгүй гэртээ харьсан даа. Би 260 кг-аар эхлүүлээд Финландын тамирчны араас дагах зорилготой байсан. Гэхдээ боломжгүй юм байна гэдгийг мэдээд өөрийн амжилтаа авч үлдэхийн тулд тактикаа өөрчилсөн. Намайг хоёр дахь оролдлогыг хийхийн өмнө Тамукара дасгалжуулагчийнхаа хамт дэргэд ирж, өөрийгөө мөнгөн медаль дээр буусан гэдэгтээ итгэлтэй байж, түүнийг ч илэрхийлж байлаа. Магадгүй энэ нь намайг унагаах тактик байсан байх. Гэхдээ би өөрийнхөө амжилтыг харуулж чадсан. Тамукара сүүлийн оролдлогоо хийж чадалгүй дөрөвт орсон. Харин Францын тамирчин энэ боломжийг ашиглаж, хүрэл медаль хүртсэн байгаа. Эндээс харахад тамирчин хүн хүч чадлаар өргөөд байх шиг цаана нь оюуны их хүчний хуваарилалт явагдаж байгааг харж болно. Гадаадын тамирчдад энэ байдал анзаарагддаг. Тэд хэтэрхий уналтад орсон үедээ хурдан сэргэх нь бага байдаг нь харагдлаа.

-Монголын пауэрлифтингийн тамирчдын амжилт эрс сайжирч байна. Та бүхнийг олон тэмцээн хүлээж байгаа. Одоо ямар тэмцээнд бэлтгэж байна вэ?

-Пауэрлифтингийн тэмцээн хэрэглэлтэй болон хэрэглэлгүй гэж болдог. Энэ удаа хэвтээ шахалтын төрлөөр явагдсан. Харин ирэх аравдугаар сард суулт, шахалт, таталт гээд бүх төрлөөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээн Монголд болох учраас бид ихээхэн ач холбогдлыг өгч байна. Тиймээс сонгон шалгаруулалтын тэмцээнд амжилттай оролцох нь чухал байгаа.

-Пауэрлифтингийн спортыг монголчуудад зохицсон спорт гэж үздэг. Дэлхийд тэргүүлэх боломжтой гэж үздэг юм билээ. Таны хувьд энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Пауэрлифтингийн спорт Монголд хөгжөөд удаагүй байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд үсрэнгүй хөгжиж байгаа нь тамирчдын амжилтаас харж болно. Энэ спорт дэлхийд хөгжөөд 40-50 жил болчихлоо. Гэхдээ манай улсад шинэ спорт боловч жил ирэх тусам хөгжиж байна. Энэ спорт залуучуудад биеийн хүч чадал өгөхөөс гадна, сэтгэлийн их тэвчээр, оюуны чадамж, өөрийг ялах тэвчээрийг өгч чаддаг. Монгол хүний биеийн онцлогт их тохирсон спорт. Өнөөдрийн байдлаар пара пауэрлифтингийн тамирчдаас гавьяат тамирчин Э.Содномпилжээ дэлхийд амжилттай өрсөлдөж байна. 2012 оноос холбооны үйл ажиллагаа идэвхжиж, энэ спортыг дэмжих төрийн байгууллага болон хувь хүмүүс олон болж ирсэн. Дэлхийн дэвжээ бидэнд хол байсан. Гэтэл одоо Азийн дэвжээнд бүтэн багаараа явж чадвал тэргүүн байрт орох гээд байна. Казахстан, Иран, Японы баг тамирчид бид өгөө аваатай өрсөлдөж байгаа. Тэгэхээр цаашид монголчууд пауэрлифтингийн төрлөөр дэлхийд тэргүүлэх боломжтой.

ПАУЭРЛИФТИНГИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН МОНГОЛД БОЛНО

-Монголын тамирчдын рекорд амжилт үүнийг харуулж байна?

-Тийм ээ, манай тамирчдын амжилт үнэхээр сайжирч байна. Хүнд жингийн тамирчид рекордыг нь эвдээд эхэлчихлээ. Б.Чимидцэрэн дэлхийн рекордыг эзэмшиж, дэлхийн аварга цолоо баталлаа. Мөн Б.Алтангэрэл 2017 онд дэлхийн аварга болж, энэ удаа +120 кг-ын жинд мөнгөн медаль авлаа. Хүнд жинд рекорд эзэмших,  түрүүлэх нь маш хэцүү. Гэхдээ энэ спорт монголчуудад зохицож байгааг тамирчдын амжилт харуулж байна. Цаашид монгол хүний ур чадвар ахиж, монголчуудын спорт болох магадлал өндөр. Бид бас өөрсдийн бие хаа, сэтгэлийн хүчээрээ омогших хэрэгтэй. Гагцхүү төр засгийн дэмжлэг чухал байхаас гадна клуб, холбоодын үйл ажиллагаа чухал байгаа юм. Бүгд нэг баг болж, цогц ажиллагаанд ороод явбал бид багаараа дэлхийд тэргүүлэх боломжтой байна гэж харж байна.

-Пауэрлифтингийн спорт насны хувьд боломжийн харагдаж байна. Магадгүй залуучуудаас гадна мастер ангилалд дэлхийд тэргүүлээд эхэлчихлээ?

-Энэ спорт хүнийг тэмцлийн төлөө, ялан дийлэхийн төлөөх шинж чанарыг харуулж чаддаг гэж хардаг. Яагаад гэхээр 70-80 настай хүмүүс дэлхийн дэвжээнд өрсөлдөж байна. Тэд 200 кг-д сууж, 150 кг-ыг шахаж байна. Мэдээж хүн эрүүл байж, урт удаан наслахыг хүсдэг. Тиймээс энэ спорт их зохиж байгаа нь анзаарагддаг. Мастер ангилал бүр их хүчтэй болчихлоо. Жил ирэх тусам өрсөлдөөн ширүүсч байна. Нээлттэй тэмцээнээс ялгаагүй ахмад тамирчдын амжилт өсөж байна. Энэ нь эр зоригийн спортоос гадна оюун ухааны хатыг суулгадаг спорт юм.

-Монголд пауэрлифтингийн спортыг “Рио 2016” паралимпийн наадмаар Э.Содномпилжээ харуулж чадсан. Түүний амжилт энэ спортыг сонирхогчдын тоог нэмж чадсан болов уу?

-2000 оны эхээр пауэрлифтинг гэж ямар спорт байдаг юм бэ гэж хэлэхэд хэцүү байлаа. Орон нутагт ч гэсэн энэ спортыг таних нь бага байсан. Гэтэл “Рио 2016” паралимпийн наадамд паралимпийн шилдэг тамирчдыг ялж, хүрэл медаль хүртсэн Э.Содномпилжээгийн амжилт олон зүйлийг үгүйсгэж чадсан. Монголчуудын дэлхийд үзүүлж болох спортын төрөл болтлоо хөгжчихлөө. Орон нутагт маш их клубүүд нээгдэж, залуучууд бэлтгэгдэж байна. Энэ хүчийг төр засгаас бодлогоор дэмжих, санхүүжүүлэх, урамшуулах юм бол улам л амжилт ахина. Мэдээж топ спортын төрлүүдэд амжилт гаргасан тамирчдыг цалинжуулах, өндөр шагнал өгөх зэрэг хангамж байна. Гэхдээ пауэрлифтингийн тамирчдаа урамшуулах нь чухал.

-Энэ удаагийн тэмцээнд явах зардлын санхүүжилтийг хэрхэн олсон бэ?

-Пауэрлифтингийн тамирчид жилд 3-4 удаа олон улсын тэмцээнд ордог. Нэг тэмцээнд явахад ойролцоогоор 7-10 саяын зардал гардаг. Энэ удаа мөн л ийм хэмжээний зардал гарсан. Африкт н.Баттөмөр ах, найз нөхөд, клубийн хамт олон, хувь хүмүүсийн дэмжлэгээр яваад ирлээ. Пауэрлифтинг их хэрэглээ шаардсан спорт. Өртөг өндөр ч гэлээ тамирчид амжилтаас амжилт руу тэмүүлсээр байна.

-Олон улсын тэмцээнд явахад монгол тамирчны онцлог байдаг байх. Олон тэмцээний ард гарсан таны хувьд хэлэх зүйл байгаа байх?

-Хүн том сэтгэж байж том явах ёстой. Дэлхийгээр монголчууд явж, тэмцээнд оролцож өөрийнхөө хүч чадварыг харуулах хэрэгтэй. Монгол хүн хаана ч явсан борцтой хоолоо аваад явдаг. Бид өрөөндөө гурилтай шөлөө хийгээд иддэг. Магадгүй зарим нэг гадаадын тамирчид борцны үнэрийг аваад халгах, хаалгаа хаагаарай гэж хэлэх нь байдаг. Гэхдээ бид эндээс эрч хүчийг авч чаддаг. Мөн монгол хүний нэг чанар бий. Монгол хүн дуугүй байж байгаад ганц нэг орилоод тэсрэлт хийх боломжтой байдгийг тэмцээнээс тэмцээнд харлаа.

-Таны хувьд пауэрлифтингийн спортоор хичээллээд удсан байна. Өмнө нь бөхийн спортоор хичээллэдэг байсан гэж сонслоо?

-Би Архангай аймгийн Өндөр-Улаан сумынх. Зураач мэргэжилтэй. Гэхдээ спортын хүн болох хувьтай байж. Надад үндэсний бөхөөр хичээллэж байсан үе байсан. Гэхдээ пауэрлифтингийн спортыг сонгож, сүүлийн 15 жил тууштай хичээллэж байна. Бүх спорт адилхан ялалтын төлөө байдаг. Энэ ялалтад хүрэхийн тулд тухайн хүнийг спорт нь хөгжүүлээд явчихдаг. Мэдээж миний хувьд аль болох бэлтгэлээ хийгээд зорилгынхоо төлөө багштайгаа, тамирчидтайгаа ярилцаж явсан минь өнөөдөр надад ийм том итгэл найдварыг өгч байна. Магадгүй 50 нас хүрч буй намайг хараад бахархах нэгэн байдаг. Ялагдал хүний зорилгыг хурцалж бас хүмүүжүүлж өгдөг. Би өнөөдөр дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль авчихлаа. 280 кг-ыг өргөж байсан бол цааш ахиулж, алтан медалийн төлөө хичээх хэрэгтэйг харуулж байна. Цааш улам л хичээж, амжилтаа ахиулах үлдлээ. Пауэрлифтингийн холбоо болон хамт олон, найз нартаа талархаж байгаа хэлмээр байн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж