АНУ, БНХАУ-тай худалдааны асуудлаар тохиролцож чадсангүй

Хуучирсан мэдээ: 2018.05.07-нд нийтлэгдсэн

АНУ, БНХАУ-тай худалдааны асуудлаар тохиролцож чадсангүй

АНУ, БНХАУ-тай худалдааны асуудлаар тохиролцож чадсангүй

Хоёр улсын хооронд явагдаж байгаа худалдааны дайныг зогсоох талаар АНУ, БНХАУ харилцан тохиролцож чадсангүй. Хэлэлцээр Бээжинд хоёр өдөр үргэлжилж, тавдугаар сарын 4-нд өндөр­лөсөн хэмээн Bloomberg бичжээ.

Хэлэлцээрийн дараа америк, хятадын талын аль аль нь албан ёсны мэдээлэл хийсэнгүй.  Гэхдээ агентлагийн судалсан баримт бичгээр бол АНУ хоёр орны хоорондох худалдааны алдагдлыг 2020 он гэхэд 200 тэрбум ам.доллараас доошгүй хэмжээнд бууруулахыг Хятадаас шаарджээ. АНУ  2018 оны эцэс гэхэд Хятадтай хийсэн худалдааны алдагдлаа 375 тэрбум ам.доллар болно хэмээн тооцоолсон байна. Мөн түүнчлэн хэд хэдэн нэхэмжлэлээ Дэлхийн худалдааны байгууллагаас эгүүлж татах, хоёр талын тохиролцооны үр дүнгийн талаар улирал тутмын тайлан ирүүлж байх болзлыг Вашингтон Бээжинд тавьжээ.

Бээжин өөрийн зүгээс БНХАУ–ын компаниуд Америкийн оюуны өмчийг хулгайлсан гэх хэргийн мөрдлөг шалгалтыг зогсоох, хятадын бараа бүтээгдэхүүнд тавьсан 25 хувийн гаалийн татвараа цуцлах, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхол гэдгээр хятадын компаниудыг ялгаварлан гадуурхахыг зогсоох, хятадын компаниудад цахим төлбөрийн зах зээл нээх, хөрөнгө оруулалтын “China International Capital Corp” компанид санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох зэргийг Вашингтоноос шаарджээ.

Хятадын Синьхуа агентлагийн дүгнэснээр, хэлэлцээрийн зарим нэг асуудлаар АНУ, БНХАУ хоёр ямар ч гэсэн зөвшилцөж чадсан ажээ. Тухайлбал, хоёр орны хоорондох тогтвортой харилцаа Вашингтон, Бээжингийн хувьд чухал ач холбогдолтой гэдэг дээр талууд санал нэгджээ. Мөн эдийн засгийн болон худалдааны асуудлыг яриа хэлцлийн тусламжтайгаар шийдвэрлэх хүсэл сонир­холтойгоо АНУ, БНХАУ харилцан нотолсон байна.

2018 онд АНУ Хятадын бараа бүтээг­дэхүүнд хамаа­руулан про­тек­ционист арга хэмжээ авсны дараа Вашингтон, Бээжингийн харилцаа хурцадсан билээ. Хязгаарлалт тогтоох шалтгааны нэг нь худалдааны алдагдлын өндөр түвшин болсон юм.

Д.ЭНХЭЭ

Эх сурваж: Зууны мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж