Жирийн нэгэн ажилтан байсан бол аль хэзээний тойрохоо зуруулчихсан, хуулийн хамгаалалт дор УИХ-аас эргүүлэн татах болзлоо аль хэдийн хангачихсан авч, Төрийн ордонд алхалж яваа хэд хэдэн гишүүн бий.
Монголын бүх хуулиудад бараг “гар хүрсэн” гэж томордог хашир хуульч Ц.Нямдорж хүртэл муу нэр луу данстай тэднийг “Хуулийн мухардал” гэх үгээр хаацайлах болсон нь ангийн нөхрийн хувиар өмгөөлж буй юм биш, тэдний оронд явагдах нөхөн сонгуульд рейтингээрээ хоёрдугаарт жагсаж байгаа Н.Энхбаярт нэг суудал алдана гэж болгоомжилсных.
Хэрэвзээ МАН-ын Д.Гантулгыг эргүүлэн татвал араас нь АН-ын Д.Мурат, Б.Наранхүү нарын асуудал босох учраас аль, аль нам тэдэнтэй хариуцлага ярихаас түдгэлзэх болсон билээ.
Үндсэн хуулийн өөрчлөх хэрэггүй гэх мянга, мянган шалтгааныг нэг хэсэг нь тоочдог бол нөгөө хэсэг өөрчлөх түмэн үндэслэлийн нэг нь Ц.Нямдоржийн шалтагласан хуулийн мухардал гэж онцолж байна. Мажоритар системээр сонгууль явагддаг нөхцөлд хууль, шүүхийн хаалга татаад байгаа гишүүдтэйгээ аль ч нам хариуцлага ярихад төвөгтэй. Харин сонгуулийн систем нь пропорциональ байсан тохиолдолд МАН-ын Д.Гантулгатай У.Хүрэлсүх, АН-ын Б.Наранхүү, Д.Мурат нартай С.Эрдэнэ хариуцлага тооцож чадах байв. Энэ нь Н.Энхбаярт суудлаа алдах вий гэсэн айдас аль, аль намд байхгүй гэсэн үг.
Эцэст нь яван явсаар өнөөх хуулийн мухардлын үндэс нь Үндсэн хууль болох жишээтэй. Үндсэн хуулийг яагаад өөрчлөх ёстойг улстөрчид хангалттай тоочиж, өнгөрсөн хугацаанд шалтгааныг нь хангалттай харж, амсаж байгаа болохоор тэр тухай ярих нь илүүц. Өнөөдөр л гэхэд ахин нэг засгийг огцруулах, танхимаас нь шүд сугалах асуудал яригдаж байгаа нь Үндсэн хуулийг яагаад өөрчлөх ёстой вэ гэдгийн хамгийн том шалтгаан.
Гол нь нэг нам үнэмлэхүй олонх байгаа дээрээ өөрчлөх нь зөв үү, зөв бол өөрчлөлтийг яаж хийвэл Монголын хөгжил болоод монголчуудын амьдрал, нийгэм, эдийн засагтай хэрэгтэй вэ гэдгээ л ярилцах хэрэгтэй гэсэн үг.
Парламентад суудалтай гурван нам, МАН, АН, МАХН-ын зүгээс Үндсэн хууль өөрчлөхийг зуун хувь дэмжиж байгаа. Гагцхүү яаж өөрчлөх вэ гэдэгт санал нийлэх, нийлэхгүй асуудал намуудад нь байх нь зүйн хэрэг. МАХН-ын зүгээс Үндсэн хуулийг өөрчлөх шинэ төсөл хүртэл боловсруулчихсан бол эрх баригчид ингэж өөрчлөхөөр хуулийн төслөө ил болгосныг эндээс уншина уу.
Тангараг өргөснөөсөө хойш УИХ, Засгийн газар руу байнгын довтолгоо хийж буй Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс баруун аймгуудад ажиллаж байгаа гол шалтгаан нь Үндсэн хуулийн өөрчлөлт. Саяхан явуулсан АТГ-ын даргыг санал асуулгаар тодруулсан нь нэг ёсондоо Ерөнхийлөгчийн зүгээс явуулж буй тандалт судалгаа ч гэж хэлж болохоор. АТГ-ын даргыг хууль зөрчин халах үндэслэл УИХ-д байхгүй, хэрэвзээ Х.Энхжаргал өргөдлөө өөрөө өгөөгүй бол Ерөнхийлөгчийн оруулж байгаа Д.Даваа-Очироор түүнийг солих боломжгүй. Энэ тохиолдолд ард түмний сонгосон хүнийг АТГ-ын даргаар томилсонгүй гэх улс төрийн бай нь УИХ болно гэж тооцсоных ч биз.
Ямар ч байсан Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гэх институци тойрсон хэрүүлээ цэгцлэх ёстой гэдэгт МАН, АН, МАХН санал нэгдэх болсон.
Яригдаж буй өөрчлөлтийн хүрээнд тавигдаж буй ганц асуулт нь Ерөнхийлөгчийн засаглал уу, парламентын засаглал уу. Эрх баригч намын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Энэ жилдээ багтааж Үндсэн хуулийг өөрчлөх болно” гэснээс харахад Сүүлчийн парламент уу, сүүлчийн Ерөнхийлөгч үү гэх нэг асуулт тавигдаж таарна.
Мэдээж, аль, аль намд Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжих цөөн тооны хүмүүс байгаа ч намууд сонгодог парламентын засаглалыг бэхжүүлэх нь зөв гэдэгт олонхиороо санал нэгджээ. Гол нь МАН үнэмлэхүй олонх дээрээ Үндсэн хуулийг өөрчлөхөд л итгэхгүй байгаа болохоос.
Яагаад Х.Баттулга сүүлчийн Ерөнхийлөгч байж мэдэх, магадгүй С.Эрдэнэ, У.Хүрэлсүх нарын хэн нь анхны супер Ерөнхий сайд болохоос илүү Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийх хамгийн том өөрчлөлт бол тогтолцооны гажгаа эмчлэх. Үндсэн хуулийг өөрчлөх захиалга нь өөрөө нэг хүний эсвэл нэг нам, фракцийн хүсэл зорилго, эрх мэдлийн гишгүүр биш, нийтийн зорилго, Монголын хөгжлийн суурь гэж томоор харах ёстой болов уу?