Экспортыг дэмжих хөтөлбөрт аялал жуулчлалыг багтаасангүй
Дэлхийн зах зээл, улс төрийн нөлөөгөөр савладаг уул уурхайн салбарын экспортод эзлэх жинг бууруулах зорилтыг 2012 оноос хойших Засгийн газрууд тавьж ирсэн. 2013 онд баталсан “Экспортыг дэмжих хөтөлбөр”-т уул уурхайн бус экспортыг 30 хувьд хүргэх зорилт тавьсан ч түүндээ хүрч чадаагүй. Өнгөрсөн оны байдлаар нийт экспортын 79.5 хувийг эрдсийн, 20.5 хувийг уул уурхайн бус салбар эзэлжээ. Тэгвэл Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн хүрээнд ГХЯ-наас экспортыг онилсон шинэ хөтөлбөр боловсруулж, үүндээ олон нийтээс санал авч эхэллээ. Өмнөх хэд хэдэн хөтөлбөртэй ижил уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг өргөжүүлэх зорилготой “Монгол экспорт” хөтөлбөр нь 2018-2022 онд хэрэгжих бөгөөд хоёр үе шаттай. Эхний үе шат нь энэ онд эхэлж, 2019 онд дуусна. Энэ хугацаанд хууль эрх зүй, татварын таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнээс гадна үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмж, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх.
Харин 2021-2022 онд уул уурхайн бус салбарын эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмж, экспортын худалдааг хөнгөвчлөх, зах зээлийг тэлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар хөтөлбөрт тусгажээ. Үүний үр дүнд, ноос, ноолуур, арьс шир, хөдөө аж ахуйн бусад түүхий эдийн нийлүүлэлтийн найдвартай сүлжээ бий болгож, боловсруулалтын түвшинг 60 хувьд хүргэнэ. Хөдөө аж ахуй, хүнсний салбарын экспортын орлогыг 2021 он гэхэд 50 хувиар нэмэгдүүлэх аж. Нийт экспортод хөдөө аж ахуйн гаралтай боловсруулах үйлдвэрлэлийн эзлэх хувийн жин ес байгааг 2021 он гэхэд 15-д хүргэхээр зорьжээ. Харин экспортын сагс дахь уул уурхайн бус бүтээгдэхүүний тоо 150 байгааг 225 болгож ахиулахаар тусгасан байна. Үүнээс үзвэл “Монгол экспорт” өмнөх хөтөлбөрүүдийн бодлогыг залгамжилсан гэж дүгнэж болохоор. Ноос, ноолуурын салбарт ихээхэн ач холбогдол өгч, мах, сүү, чацаргана зэрэг барааны үйлдвэрлэлийг нэмснээр экспортын орлогоо нэмэх боломжтой гэж тооцсон байна.
Хөдөө аж ахуй, хүнсний салбарын экспортын орлогыг 50 хувиар нэмэгдүүлнэ
Тэгвэл дөрвөн жил үргэлжлэх уг хөтөлбөр экспортоо тэлж чадахгүй байгаа үйлдвэрлэгчдэд бодит дэмжлэг болж чадах болов уу. Уул уурхайн бус бүтээгдэхүүний 2017 оны экспортын зах зээлийг авч үзье. Монголчууд Япон, БНСУ, АНУ, Канад болон Европын холбооны гишүүн орнуудад 300 сая ам.долларын ноолуур болон ноосон сүлжмэл эдлэл экспортолжээ. Ер нь уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын 20 орчим хувийг ноосон, ноолууран, арьс ширэн болон нэхий бэлэн бүтээгдэхүүн бүрдүүлж, түүхий болон хагас боловсруулсан байдлаар экспортод гаргасаар байгаа. Мөн БНХАУ болон ОХУ руу “Монгол экспорт” хөтөлбөр байгаа оноосой 70 орчим сая ам.долларын мах, махан бүтээгдэхүүн, 24 сая ам.долларын арьс шир, нэхий эдлэл борлуулсан. Энэ нь манай мах, махан бүтээгдэхүүний экспортын нөөцийн 15 хувийг эзэлж буй. Тиймээс дээрх бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг дэмжих нь эхний ээлжийн оновчтой алхам гэдгийг судлаачид хэлдэг. Уг хөтөлбөрт аймгуудад хорио цээрийн тусгаарлагдсан бүс байгуулах, тухайн бүсийн махны үйлдвэр, лабораторийг гадаадын шууд хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлд хамруулан дэмжихээр тусгасан байна. Үйлдвэрлэгчдийг дэмжихийн тулд экспортод уялдсан худалдаа, үйлдвэрлэлийн сүлжээ бий болгохоор төлөвлөсөн.
• Экспортыг дэмжих хөтөлбөрийг нэг газар зангидаж, хариуцдаггүйгээс хүч тарамддаг тал бий.
• Европын холбоо, АНУ, Канад, ОХУ-ын зах зээлд хэрэглэгчийн эрэлт хэрэгцээний судалгаа хийнэ.
• “Экспортыг дэмжих хөтөлбөр”-т уул уурхайн бус экспортыг 30 хувьд хүргэх зорилт тавьсан ч түүндээ хүрч чадаагүй.
Мөн аль ч төрлийн бүтээгдэхүүн БНХАУ-ын зах зээлээс хараат байдаг тул Европын холбоо, АНУ, Канад, ОХУ-ын зах зээлд хэрэглэгчийн эрэлт хэрэгцээний судалгаа хийх зэрэг шинэ санаанууд багтжээ. Гэхдээ ажлын байр нэмж, экспортыг төрөлжүүлэх том зорилт тавьсан бол онилж буй салбараа зөвхөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр хязгаарлах нь тийм ч оновчтой бус. Тухайлбал, аялал жуулчлалын салбарыг татвар болон бусад хөшүүргээр дэмжих талаар “Монгол экспорт” хөтөлбөрт огт дурдсангүй. Мөн зах зээл нь өргөн, хэрэглэгч олонтой технологийн салбар, инноваци шингэсэн бүтээгдэхүүнийг бодитоор дэмжих асуудлыг орхигдуулжээ. Уг нь Засгийн газрын явуулж буй бодлого, төлөвлөгөөнд дээрх хоёр салбарыг дэмжих талаар байнга дурдагддаг ч “Монгол экспорт” хөтөлбөрийн гадна үлдэв. Хэрэв бодит тооцоо, судалгаатайгаар дэмжвэл аялал жуулчлал уул уурхайн экспорттой тэнцэхүйц ашиг орлого авчирч болохыг эдийн засагчид онцолдог.
Манай улс экспортыг дэмжих хөтөлбөрийг нэг газар зангидаж, хариуцдаггүйгээс хүч тарамддаг тал бий. Ийм жишиг ч “Монгол экспорт” хөтөлбөрт харагдаж байна. Тухайлбал, ноос, ноолуурын салбарыг түлхүү дэмжихээр тусгасан. Харин ХХААХҮЯ-наас “Ноос, ноолуур” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болоод байгаа билээ. Өмнө нь Засгийн газар болон яамдаас ноос, ноолуурын салбарт долоон төсөл хэрэгжүүлсэн ч төдийлэн үр дүнд хүрээгүй. Үүний гол шалтгаан нь байгууллага хоорондын уялдаа холбоо, яам болон албан тушаалтнууд нь хөтөлбөрөө өмчилдөгтэй холбоотой гэдгийг МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш Ч.Нарантуяа судалгаандаа дурдсан байдаг. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу санаачилсан “Монгол экспорт” хөтөлбөрийг улсын төсөв, Хөгжлийн банк, хөнгөлөлттэй зээл, тусламж болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ. Үндэсний хэмжээний цөөнгүй салбарыг хамарсан энэ хөтөлбөрт багагүй хөрөнгө, мөнгө орох нь гарцаагүй. Тиймээс байгаа зөв онож, өмнөх олон хөтөлбөр шиг үр дүнгүй, нэр төдий хөтөлбөр бүү болоосой.
Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ