"Сугалаанаас хожсон мөнгөөрөө байр авах байх"

Хуучирсан мэдээ: 2018.05.07-нд нийтлэгдсэн

"Сугалаанаас хожсон мөнгөөрөө байр авах байх"

"Сугалаанаас хожсон мөнгөөрөө байр авах байх"

Монгол Улсын Татварын ерөнхий газраас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг зохион байгуулж талархлаа илэрхийлдэг. Энэ өдрийн хүрээнд зохион байгуулах ерөнхий үйл ажиллагааны талаар өнөөдөр /2018.05.07/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн хуралд  Татварын ерөнхий газрын дэд дарга Б.Заяабал, Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал, Татвар төлөгчтэй харилцах газрын дарга Д.Цогзолмаа нар оролцож сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.


Энэ үеэр Татварын ерөнхий газрын дэд дарга Б.Заяабал өнгөрсөн оны тоон мэдээллийг өгөв. Тэрбээр “Сүүлийн үеийн статистик тоон мэдээллийг хүргэе гэж бодож байна. Статистик мэдээнээс харахад татвар төлөгчөөр бүртгэгдсэн нийт хуулийн этгээд 172.562 байна: Эндээс 2017 онд татвар төлөлт хийгдсэн хуулийн этгээдийн тоо нь 58029 хуулийн этгээд байгаа гэв. 

2018 оны дөрөвдүгээр сарын байдлаар 71.9 сая баримт бүртгэгдсэн

Иргэдийн хувьд 1.689.699 иргэн МТА-д татвар төлөгчөөр бүртгэгдсэн байна. Эдгээрээс 2017 онд 1.459.113 иргэн тодорхой хэмжээгээр татвараа төлсөн. Үлдэж байгаа 23686 иргэн татвар төлөөгүй байгаа гэсэн үг юм.

Хоёрдугаарт, НӨАТ-ын тухай хууль хэрэгжээд гурав дахь жилдээ орж байна. 2017 оны жилийн эцсээр бид нар 654.168 иргэнд 78.1 тэрбум төгрөгийн буцаан олголт олгохоор тооцож байсан. Өнөөдөр буцаан олголтын дүн мэдээ нь 631.323 иргэнд 77.7 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгоод явж байна. НӨАТ-ын хуулийн хэрэгжилт дээр бид нар онцгой анхаарч ажиллаж байгаа. Нийтдээ 188 мянга орчим цэгүүдэд баримт олгох ёстой гэж үзэж байна.

2016 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулиар татвар төлөгч нарт хоёр төрлийн урамшуулал олгож байгаа. Нэгдүгээрт, сугалааны тохирол хэлбэрээр олгож байгаа. Хоёрдугаарт, албан татварын 20 хүртэлх хувийг буцаан олгож байна. Нийтдээ энэ хууль хэрэгжсэнээс хойш 2016 онд иргэд 91.8 сая ширхэг худалдан авалтын баримтыг цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн байдаг. Тодруулбал, 2016 онд 86154 иргэн азтан болж 3.5 тэрбум төгрөгийн сугалааны хонжвор олгосон байгаа. 2017 онд 119260 иргэнд 5 тэрбум төгрөгийн сугалааны урамшуулал олгогдсон. Харин 2018 оны дөрөвдүгээр сарын байдлаар 57318 иргэнд 3.4 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон. Эхний дөрвөн сарын байдлаар 71.9 сая баримтыг бүртгүүлсэн юм.

Түүнчлэн 2017 онд Монгол Улсын төсвийн тухай хуулиар 3.2 их наядын төсвийн орлогыг оруулах төлөвлөгөөтэйгөөр бид  ажилласан. Жилийн эцсийн байдлаар 3.8 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Харин 2018 оны дөрөвдүгээр сарын байдлаар бид нар төлөвлөгөөний дагуу нэг их наяд төгрөгийг улсын төсөвт оруулах ёстой. Одоогийн байдлаар 1.5 их наяд төгрөгийн орлогыг төсөвт оруулсан гэв.

Цаасгүй бүртгэлийн системд шилжиж байна

Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал “ААН илгээгүй, үнийн дүн зөрүүтэй гэсэн төлөв байгаа. Үүнийг шийдэхийн тулд  бид нар ажиллаж байна. Тухайн иргэн ААН ирүүлээгүй гэсэн төлөвийг устгаад дахин давтагдашгүй дугаарыг оруулах ёстой. Хэрэв дахин бүртгэгдээгүй бол манай татварын албанд холбогдох хэрэгтэй. Мөн бид нар Монголын банкнуудын холбоотой хамтран цаасгүй бүртгэлийн системд өнөөдрөөс шилжиж байгаа. Та бүхэн худалдан авалт хийхдээ утасныхаа дугаарыг оруулсан нөхцөлд баримт нь имейлээр очих үйлчилгээ албан ёсоор нэвтэрч байгаа гэдгийг хэлмээр байна. Мөн ухаалаг утасгүй иргэддээ зориулаад үүрэн телефоны операторуудтай хамтраад бүртгэлийг хялбараар хийх болсон байгаа. Өнгөрсөн долоо хоногт “Мобиком”-той хамтраад үүнийг туршаад явж байна. Цаашид бүх операторуудыг энэ үйлчилгээнд нэвтрүүлнэ.

‘Сугалаанаас хожсон мөнгөөрөө байр авах байх’

Дашрамд, он гарсаар нийт 108.483.246 баримт хэвлэгдэж, үүнээс 71.965.001 нь баталгаажсан аж.

Дөрөвдүгээр сарын сугалааны тохирлоор 10 сая төгрөгийн азтанаар Хөвсгөл аймгийн мөрөн сумын иргэн Г.Чинзориг тодорсон юм. Харин супер шагнал буюу 100 сая төгрөгийн азтанаар хоёр сугалаа тодорсон бөгөөд журмаараа дээрх шагналыг хоёр азтан тэнцүү хувааж авсан аж. Супер шагналын эзнээр Баянгол дүүргийн 18-р хорооны иргэн С.Энхжаргал, Сонгинохайрхан дүүргийн долоодугаар хорооны иргэн Э.Туул нар тодроод байгаа юм.

НӨАТ-ын 50 сая төгрөгийн сугалааны азтан Э.Туул “Би сувилагчаар 19 дэх жилдээ ажиллаж байгаа. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө цаг наргүй зүтгэдэг. Энэ ажлын минь буян ирж азтан болсон юм болов уу гэж бодож байна. Би өнгөрсөн сард 1700 төгрөгийн үнэтэй “Амтлаг” тараг зээ охиндоо авч өгөөд азтан боллоо. Би одоогоор гэр хороололд амьдарч байгаа. Тийм учраас хожсон мөнгөөрөө байр авах байх гэж бодож байна. 50 сая төгрөгийн азтан болсондоо маш их баярлаж байна.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж