Монголын Хүний төлөө нам, “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагаас өнөөдөр /2018.05.07/ мэдээлэл хийлээ. Тэдний энэ удаагийн хэвлэлийн хурал Ц.Нямдоржтой холбоотой нээлттэй сонсгол зохион байгуулах, Ард түмний шударга шүүх байгуулах тухай байлаа.
Дээрх нам, төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт “Бид Монгол Улсад шударга ёсыг тогтоох, иргэдийн хяналт бүхий тогтолцоог бүрдүүлж, эх орондоо эзний ёсоор элбэг хангалуун, эв нэгдэлтэй, эрүүл саруул амьдрахын төлөө ажиллаж байгаа. Зорилгодоо хүрэхийн тулд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хууль болон Зөвлөлдөх санал асуулгын тухай, Нийтийн сонсголын тухай хуулийн хүрээнд Монгол Улсын хууль зүйл дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбоотой асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулна. Зөвхөн Ц.Нямдоржоор хязгаарлалгүйгээр эргэлзээтэй хүн бүрд нээлттэй сонсгол зохион байгуулдаг жишиг зохион байгуулах хүсэлтэй байна. Хоёрт, Ард түмний шүүх байгуулна. Олигарх, бүлэглэл, эрх баригч улс төрийн намуудаас хараат бус ард түмний шүүх байгуулж, авлигажсан төрийн алба, шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчдыг илрүүлэх, цээрлүүлэх ажлыг зохион байгуулна. Монголын Хүний төлөө намын зорилго, үйл ажиллагааг ухуулан сурталчилна’ гэлээ.
Мөн тэрбээр “Хуйвалдааны сайд Ц.Нямдоржоос шударга ёсыг эхэлье. Ц.Нямдорж УИХ-ын дарга байхдаа хоёр ноцтой зүйл хийсэн байдаг. Нэгдүгээрт, хууль зассан байдаг. Хоёрт, “Эрдэнэт”-ээс өөрийн хүүд тендер авч өгсөн байдаг. Гэвч иргэд түүнийг шударга хүн гэж ярьж байна ” гэсэн юм.
Р.Ренчиндулам