Анхаар, дараах газруудад зам хаалттай

Хуучирсан мэдээ: 2018.05.07-нд нийтлэгдсэн

Анхаар, дараах газруудад зам хаалттай

Анхаар, дараах газруудад зам хаалттай

Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар гурван ч газар зам хаасан нь авто замыг өргөтгөх, шороон замыг асфальт болгон сайжруулах, эвдэрч гэмтсэн замыг засаж аюулгүй болгохтой холбоотойгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээ аж.  Энэ тухай тойм мэдээллийг багцлан хүргэе.

Шороон замыг асфальт болгож байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, нэгдүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу Москва хорооллын араар холбох замын ажил эхэлжээ.  Энэ ажилтай холбоотойгоор ПК 00+950 с ПК 01+110-ын хооронд авто замын хөдөлгөөнийг хязгаарласан байна. Тавдугаар сарын 2-ноос эхэлсэн хөдөлгөөний хязгаарлалт ирэх зургадугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ.  Нэгдүгээр хорооллын арын замын хэсэг газар шороогоор байдаг тул түүнийг асфальт болгон сайжруулж буй гэнэ.  Иймээс хөдөлгөөн хязгаарласан дээрх хугацаанд бусад холбоос замыг сонгохыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас сануулж байна.

Замын цагдаагаас Home Plaza хүртэлх зам хаалттай

Авто машины түгжрэлийг бууруулах, төмөр замтай огтлолцсон замын хөдөлгөөний ачааллыг багасгах зорилгоор өнгөрсөн сард Замын цагдаагийн орчимд гүүрэн гарц барих ажил эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Замын цагдаагийн урд уулзвараас “Home Plaza”-гийн хойд уулзвар хүртэлх  замыг хаасан юм. Тус газрын авто замын хөдөлгөөнийг зохицуулахын тулд нийт долоон түр зам гаргасан байгаа тул түүгээр зорчих боломжтой аж.

Гүүрэн гарц барих ажил 1.6 жилийн хугацаатай үргэлжилнэ. Уг ажлыг зургаан хэсэгт  хуваасан бөгөөд эхний хэсэгт төмөр замын 406 дугаар гарам дээгүүр зорчих 470 метр урттай, 16.5 метр өргөнтэй, 4 эгнээ гүүр барих ажлыг эхлүүлсэн юм.

Ус зайлуулах хоолой эвдэрч, зам аюултай болжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11-р хороо, ‘Ургах наран’ хорооллоос Хонхор чиглэлийн авто зам дагуу Бумбат, Цэцээ гүний ам руу салдаг уулзварын баруун талын зорчих хэсгийн ус зайлуулах хоолой эвдэрсэн байна.  Үүнээс болж, авто зам ч эвдрэн аюултай болжээ. Иймээс тавдугаар сарын 5-аас тус хэсгийн замыг түр хугацаанд хааж, засварын ажлыг эхлүүлсэн байна. Ингэхдээ түр зам гаргасан байгаа тул түүнийг сонгон хөдөлгөөнд оролцох боломжтойг Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.  

Яармагийн орчимд авто зам хаана

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн хүрээнд Яармагийн гүүрний хойд уулзвараас Ажилчны гудамж чиглэлийн 250 метр газарт барилга угсралтын ажил хийхтэй холбогдуулан зам хаахаар болжээ.

Тодруулбал, тавдугаар сарын 9-ны 22:00 цагаас эхлэн зам хаах аж. Авто замыг ирэх есдүгээр сарын 3-нийг дуустал хаах шаардлагатай болжээ. Иймээс тухайн замаар зорчдог жолооч нар өөр зам сонгон хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж