Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Хуучирсан мэдээ: 2018.05.07-нд нийтлэгдсэн

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 23341дуудлага, мэдээлэл ирсний 17895 нь зөрчлийн шинжтэй байна. Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эсрэг гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор өнгөрсөн сард сургалт, уулзалт, өдөрлөг, хэлэлцүүлэг зэргийг 315 удаа 27271 иргэнийг хамруулж, 338 удаагийн нэгдсэн болон хэсэгчилсэн үзлэг шалгалтыг зохион байгуулж, 841 зөрчил илрүүлж, 399 мэдэгдэл, шаардлага хүргүүлж биелэлтийг тооцон ажиллав. “Эмзэг цэг” хяналт шалгалтын нэгдсэн арга хэмжээний батлагдсан хуваарийн дагуу өдөр бүр нийслэлийн Цагдаагийн газрын болон дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн алба хаагч нар шөнийн 02:00-06:00 цагийн хооронд тогтмол хяналт шалгалт хийн ажиллаж байна. Арга хэмжээ эхэлснээс одоог хүртэлх хугацаанд нийтийн орон сууц, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчимд үйл ажиллагаа явуулж, иргэдийн ая тух, аюулгүй байдлыг алдагдуулж байгаа баар, ресторан, цэнгээний 20991 газрыг /давхардсан тоогоор/ шалгаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлсэн” гэлээ. 

“Өнгөрсөн сарын 20-ны өдрөөс энэ сарын 3-ны өдөр хүртэл Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 2647 дуудлага мэдээлэл хүлээн авч 770 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй дуудлага 117 бүртгэгдэж Зам тээврийн хэргийн улмаас 2 хүний амь нас хохирч, 142 хүн гэмтсэн байна.  Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол -23.5 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байх бөгөөд нэгдсэн, хэсэгчилсэн арга хэмжээг нутаг дэвсгэрийн хэмжээнд тодорхой үр дүнтэй зохион байгуулж ажилласан” гэж Замын цагдаагийн алба, нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмүрэн “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын танилцуулга” хийв. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 132, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 20, нийт 152 удаагийн дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын хэлтэс, анги үүрэг гүйцэтгэж, 102 иргэнийг авран хамгаалсан.  

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны дуудлага 3 дахин өссөн, объектын гал түймрийн дуудлага 11.4 хувиар буурсан, нийт аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын тоо 1.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/278 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай соёл, урлаг, үзвэр үйлчилгээ, зах, томоохон худалдааны төвийн  барилга, байгууламжид НОБГ, НМХГ, НЦГ-аас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн хяналт, шалгалтыг 2018 оны 04 дүгээр сарын 02-23-ны өдрүүдэд зохион байгууллаа. Шалгалтаар худалдааны төв 38, соёл урлаг, үзвэр үйлчилгээний 11 аж ахуйн нэгж, байгууллагын нийт 49 барилга, байгууламж хамрагдаж, Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, норм нормативыг зөрчсөн нийт 386 зөрчил илрүүлэн, шалгалтын явцад  43 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 343 зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн албан шаардлага 36, мэдэгдэл 14-ийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Хяналт шалгалттай холбогдуулан шалгалтын дүн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 2018 оны 05 дугаар сарын 03-ний өдөр танилцуулж, хэлэлцүүлсэн бөгөөд Галын аюулгүй байдлын  тухай хууль тогтоомж, дүрэм, стандартыг зөрчсөн  “Барс-1”, “Барс-2”, “Драгон”, “Баянзүрх” худалдааны төвүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчлийг арилгуулах шийдвэр гарсан” гэв.

“Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу хяналт шалгалт Энхтайваны гүүрнээс замын цагдаагын уулзвар хүртэл нарны замын дагуу машин, дугуй ил задгай худалдаа эрхэлдэг иргэд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг Нийслэлийн Газрын албатай хамтран газар дээр нь шалгаж Газрын тухай хуулийн 27.1, 27.4 дэх заалтыг зөрчин зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж, үйлчилгээ эрхэлсэн зөрчлийг арилгуулах шаардах хуудас хүргүүллээ. Боловсролын хяналтын чиглэлээр 981 зөрчил илрүүлэн ажиллаж байна”  гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчимэг танилцуулсан.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Шуурхай албадын автомашин чөлөөтэй зорчих, иргэдэд түргэн шуурхай тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх үүднээс гэр хороолол, орон сууцны хороолол доторх авто зам болон орц гарцын судалгааг нарийвчлан гаргаж, чөлөөлөх ажлыг зохион байгуулах, бүх нийтээр мод тарих өдрөөр хийх ажлын бэлтгэлийг хангуулж, энэ ажилд иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй хамруулж зохион байгуулах, 2018 оны тавдугаар сарын 19-ны өдөр зохион байгуулагдах “Улаанбаатар марафон-2018” олон улсын марафон бүх нийтийн гүйлтэд нийт байгууллагуудыг идэвхтэй оролцуулах, төгсөгчдийн хонхны баярыг Эрдмийн баяр хэлбэрээр зохион байгуулж, арга хэмжээний үеэр архи согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр тэмдэглэх, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж