Монголын рагбигийн холбоо үүсэн байгуулагдсаны 15 жилийн ой энэ онд тохиож байна. Өнөөдрийн байдлаар манай улсад энэ спортоор 1000 гаруй тамирчид хичээллэж байгаа аж.
Японы Рагбигийн үндэсний шигшээ багийн ахлагч Майкл Лейтч Монголын рагбигийн холбоонд хамтран ажиллах саналаа ирүүлжээ. Тэд Монголоос рагбигийн “шинэ од” төрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Майкл Лейтч “Монголчууд сүмод гаргасан амжилт шигээ рагбигийн спортод өндөр амжилт гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна. Японд рагбигийн спортоор хичээллэх хүсэлтэй, бие бялдрын хөгжил сайтай 15 настай хүүг гурван жилийн тэтггэлэгт хөтөлбөрт хамруулан үнэ төлбөргүй сургах хүсэлтэй байна” гэдгээ илэрхийлжээ.
Майкл Лейтч нь Шинэ Зеланд-Фижигийн эрлийз бөгөөд Япон улсад 15 настайдаа шилжин суралцаж эхэлжээ. Тэрбээр өсвөрийн рагбигийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Японы шигшээ багийг ахалж байсан байна. 2013 онд Японы иргэн болж, 2014 оноос Японы рагбигийн үндэсний шигшээ багийн Ахлагчаар ажиллаж байгаа аж.
Майкл Лейтч 2011, 2015 онуудад рагбигийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр ур чадвараараа олны анхааралд өртөж байжээ. Тухайн үед дэлхийн хоёр удаагийн аварга Өмнөд Африкийн шигшээ багийг япончууд хожиход Майкл Лейтч багаа ахлан оролцож байсан байна.
Япон улсад хүүхдээ тэтгэлэгтэйгээр суралцуулан, рагбигээр хичээллүүлж, мэргэжлийн түвшний тамирчин болгох хүсэлтэй эцэг, эхчүүд Монголын рагбигийн холбоонд хандаж, дэлгэрэнгүй мэдээлэл авч, тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтанд оролцох боломжтой аж. Мөн тус холбооны “Mongolian Rugby Football Union” фэйсбүүк хаягаар холбогдоход болох юм байна.