ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр /2018.05.07/ тангараг өргөнө. Тангаргын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцохгүй.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш 11 сарын хугацаа өнгөрсөн ч тэрбээр төрийн албан ёсны айлчлал хийгээгүй. ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтад оролцоод ирснийг эс тооцвол өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч хилийн дээс алхаагүй байгаа юм. Харин Шанхайн хамтын ажиллагааны байгууллагуудын /ШХАБ/ уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг урьсан талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдээлсэн. Гадаад харилцааны сайдыг БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр энэ тухай албан ёсоор дамжуулсан аж. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг ШХАБ-ын уулзалтад оролцуулахаар бэлтгэл хийж эхэлсэн гэж салбарын сайд хэлсэн юм.
Тэгвэл Монгол Улсын төрийн өндөр дээд албан тушаалтнуудаас хамгийн түрүүнд ОХУ-д айлчлах хүнээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлал яригдаж байгаа бөгөөд тэрбээр жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Санкт-Петербургийн эдийн засгийн форумд оролцож магадгүй бололтой. Энэхүү форумд Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайд нар тогтмол оролцож ирсэн бөгөөд тавдугаар сарын сүүлээр болох форумд оролцох нь дамжиггүй байна.
Т.НОМИН