УИХ-ын гишүүн асан, төмөр замын инженер О.Сүрэнтэй ярилцлаа.
-Суурь бүтэц улсынх, хөдлөх бүрэлдэхүүн нь хувийнх байж төмөр зам жинхэнэ тогтолцоогоороо хөгжинө гэдгийг Та мэргэжлийн инженерийн хувьд байнга хэлдэг. Тэр ч утгаараа Засгийн газар энэ салбарт ямар бодлого баримтлах нь вэ гэдгийг анхааралтай харж байдаг байх. Засгийн газар байгуулагдаад бараг хагас жил боллоо. Төмөр замын бодлого урагшлах найдвар харагдана уу?
-Шинэ Засгийн газар байгуулагдах цагаас л миний ганц сонирхон ажиглаж, чих тавьж байдаг зүйл бол төмөр замын бодлого. Төмөр замын талаар хэн юу хэлэх нь вэ, Засгийн газар ямар байр суурьтай байх нь вэ гэдэг бол мөнхийн сонирхох сэдэв маань байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээс энэ талаарх мэдээллийг илүү сонирхон түүж уншдаг. Далайд гарцгүй орны хувьд төмөр замын бодлого ямар байх нь вэ гэдэг нь дан ганц энэ салбарын хүмүүсийн төдийгүй эдийн засгийн харилцаанд орж байдаг хүн бүрийн сонирхдог сэдэв байх. Харамсалтай нь энэ Засгийн газрын хувьд одоогоор энэ салбарын талаарх бодлогоо ил зарласан юм алга байна. Тийм учраас энэ сэдвээр таамаг төдийн ярилцах нь учир дутагдалтай юм. Ингэх гэж байгаа болов уу, тэгэх гэж байгаа болов уу гээд тааж ярьмааргүй байна. Бодлого тодорхой бол яриа өрнүүлэхэд сайхан сэдэв. Одоо даанч ийм тодорхой бус зүйл дээр хоёулаа тааж ярилцаад яах вэ.
-Гэхдээ хойш тавьчихаж болохгүй сэдэв. Учир нь, эдийн засаг урагшлах уу ухрах уу гэдэг том төслүүдтэй холбоотой. Том төслүүд ярихаар төмөр зам бас давхар яригдаж л таардаг. Энэ бүх ойлгомжгүй байдал эргээд гадагшлах урсгалыг нээгээд байгаад л харамсаад байна. Эдийн засаг сайжирна, эх орондоо ихийг бүтээнэ гэсэн найдвар тавьж байсан хэсэг одоо хилийн дээс алхах тухай ярьдаг болжээ. Улсын бодлого тодорхой бус байгаагаас итгэл найдвараа гээж байх шиг байна. Гадаадад боловсрол эзэмшээд ирсэн залуус буцаад явахыг эрмэлздэг болсон байна. Тэгэхээр хойш тавьчихаж болохгүй сэдэв болоод байна л даа?
-Би бас үүнийг анзаарсан. Үүнд юу нөлөөлж байна гэхээр том төслүүд, түүнийг хөдөлгөх гол хүчин төмөр замын бодлого тодорхойгүй байгаа нь тодорхой нөлөө үзүүлж байгаа байх гэдэг чиний асуулттай би 100 хувь санал нийлж байна. Би улс төрийн хүрээнд ч ажиллаж байлаа, бизнесийн салбарт ч ажиллаж байлаа. Одоо ч бизнесийн хүрээнд тодорхой компаниудад зөвлөгөө өгөөд явж байгаагийн хувьд Монголд бизнес эрхлэх ямар хэцүү болохыг мэднэ. Энэ бэрхшээлийг чадан ядан даван туулаад бизнесийн ухаан нэлээд суучихсан, бас ч гэж тодорхой бяртай, чадалтай болчихсон энэ улс Монголынхоо төр засагт итгэл муутай болчихсон нь сүүлийн үед ажиглагдаад байна л даа. Гэтэл энэ хэсэг хүмүүс чинь нийгмийн сор нь юм шүү дээ. Өөрийн босгосон бизнесийг, өөрийн босгосон компанийг борлуулаад үр хүүхдээ, хэдэн төгрөгөө аваад гадагшаа явах сонирхолтой улсууд өдрөөс өдөрт нэмэгдээд байна. Тэр хэдэн төгрөг нь яах вэ, босгосон компани нь яах вэ гэхэд энэ бүхэнтэй хамгийн агуу баялгаа бид гадагшаа алдаж байгаагаа л сайн ухаармаар байна. Хамгийн том эмгэнэл энэ болоод байна. Хэдэн төгрөг нь гадагшлах яах вэ. Тэр мөнгийг бий болгосон тэр их ухаан, тэр их боловсрол, тэр их чадвар гарах гээд байгаад л асуудал байгаа юм. Эрүүлээр сэтгэж, эрүүлээр амьдардаг хүмүүс нь ингээд эх орноосоо дайжаад эхэллээ. Сүүлийн үеийн үйл явдлуудыг харахаар Монголын энэ чадалтай хэсгийг нь гадагшлуулах гэдэг, харлуулах гэдэг нь ямар нэгэн гаднынхны явуулга юм биш байгаа даа гэж эргэлзэхэд хүртэл хүргэж байна. Чи анзаарсан бол төрд ажиллаж байгаа боловсролтой хэсгийг ч харлуулах ажиллагаа сүүлийн үед эрчимжлээ.
-Сангийн сайдын талаарх янз бүрийн яриаг та хэлж байна уу?
-Тийм, Ч.Хүрэлбаатар гээд Австралид төгсч ирсэн сайхан залуу 2000 оноос улс төрд орж ирж байсныг би санаж байна. Ерөнхий сайдын эдийн засгийн асуудал эрхэлсэн зөвлөх байж байгаад дараа нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болж байсан. Дараа нь их хурлын гишүүн, Түлш эрчим хүчний сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан байх. Одоо ингээд Сангийн сайд хийж байна. Бүгд л нүдний өмнө ил явлаа. Би бусад салбарыг мэдэхгүй, мэдэхгүй болохоор ярьдаг ч үгүй. Харин өөрийн гадарладаг төмөр замын салбарт Хүрэлбаатарын оруулсан хувь нэмрийг аваад үзэхээр гаргасан санаачилга нь үнэхээрийн Монголын төлөө байсан юм шүү. Хэрэгжээд явсан бол өнөөдрийн төмөр замын салбар ингэтлээ унаж, ингэтлээ улс орны хөгжилд чөдөр тушаа болох биш, түүчээлэх төвшинд очих байсан шүү гэдгийг би мэддэг хүний хувьд хэлчихмээр үг зөндөө байна.
-Ямар санаачилга вэ. Ч.Хүрэлбаатар сайд төмөр замтай яаж холбогддог билээ?
-Хүрэлбаатар Ерөнхий сайдын зөвлөх байж байгаад дараа нь Төрийн нарийн бичгийн дарга болсон. Тэр үедээ УБТЗ-ын ТУЗ-д Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр ажиллаж байсан. 2002-2004 онд байсан санагдаж байна. Австралид төгсч ирсэн, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга гээд залуухан хар хүү тэр үед төмөр замын талаар бидний ярьдаггүй өнцгөөс ярьж эхлэхэд нь би их анзаарч байсан. Анзаарахгүй байхын арга ч байгаагүй. Яагаад гэхээр УБТЗ ерөөсөө болохгүй, буруу тогтолцоогоор яваад байгаа юм байна, хоёр улсын ижил хэмжээний хөрөнгө мөнгө байдаг учраас энд ямарваа нэгэн шийдвэр гаргахад маш хэцүү юм байна. 1949 оны гэрээ гэдэг чинь явж явж их нүглийн гэрээ юм байна, үүнийг өөрчлөх шаардлага нэн тэргүүнд юм байна гэсэн асуудлыг анх эхлээд залуусаас, боловсролтой хэсгээс төр засгийн төвшинд ярьж эхэлсэн хүн нь Хүрэлбаатар байдаг байхгүй юү. Хүрэлбаатар түүнийг яаж өөрчлөх вэ, яаж шинэчлэх вэ гээд ярихдаа “Парисын клуб”-ын талаар анх хөндөж байсан. Энэ клубт 1949 оны гэрээг өгөөд цуцлуулах арга байдаг. Олон улсын гэрээ байгуулаад 50 жил болсон бол энэ клубт хандаад цуцлуулах боломжтой байдаг. Гэтэл энэ боломжоо бид гурван жилийн өмнө алдчихжээ. 1999 онд алдчихсан юм байна. Гэхдээ одоо энэ гэрээг шинэчлэх хугацааг хүлээгээд зүгээр суултай нь биш, тогтолцоог задлах хамгийн том арга Америкийн мянганы сорилын сангийн тодорхой хөрөнгөөр УБТЗ-д оруулж ирье гэж байсан. Үүнийг оруулж ирснээр яах уу гэхээр УБТЗ-ын хамгийн их мөнгө урсч байдаг, шахаа хийж байдаг зүтгүүрийн салбарыг шинэчлэе гэж байсан. Америкийн Женерал Моторсын зүтгүүрийг америкийн ард түмний хөрөнгөөр авъя гэсэн санал гаргаад ажил хэрэг болгохоор нэлээд зүтгэсэн. Ингэснээр яах байсан гэхээр төмөр замын одоогийн эрүүл биш тогтолцоо задрах байсан юм. Украинд үйлдвэрлэсэн зүтгүүрийг дэлхийн номер нэг зүтгүүр үйлдвэрлэгч Женерал моторсынхоос хэд дахин үнэтэйгээр УБТЗ-д шахдаг бүлэглэл задрах байсан юм. Тухайн үед АН-ын лидер, мундаг эдийн засагч Да.Ганболд, Ч.Хүрэлбаатар хоёр ийм санаачилга гаргаад нэлээд ажилласан. Үндсэндээ бараг шийдсэн юм байгаа ш дээ. Шийдээд 30 гаруй зүтгүүр авах, зүтгүүрийн депо барих, түүнийгээ дараа нь Монголын хувийн хэвшилд шилжүүлэх ийм мундаг ажил зохион байгуулаад явж байсан. Яг шийдэгдэхийн даваан дээр дараагийн гарч ирсэн Засгийн газар болон асуудал эрхэлсэн сайд нар унагаасан. Мэдээж оросуудын дэмжлэг ч их байсан байх. Тухайн үед РЖД-гийн дарга нь В.Якунин байлаа. Чи санаж байгаа бол Якунин Монголд ирээд “Үнэгүй бяслаг хавханд л байдаг” гэж байгаад Мянганы сорилын санхүүжилтээр Монголын төмөр замын салбар өөрчлөгдөх тэр төслийг унагааж байлаа шүү дээ.
-“Оросын төмөр зам” нийгэмлэгийн дарга В.Якунины хэлсэн тэр үгэн хавханд харин бид оролгүй Мянганы сорилын сангийн санхүүжилтээр төмөр замаа шинэчлээд авсан бол өнөөдөр УБТЗ арай өөр байх байсан байжээ?
-Хэрвээ Хүрэлбаатар, Ганболд нарын санаачилгаар эхлүүлсэн тэр төслийг тухайн үеийн Засгийн газар дэмжээд эцэст нь хүргэсэн бол УБТЗ одоогийн энэ бүдүүлэг тогтолцооноосоо гарчих боломж байсан. Тухайн үед үүнийг ойлгодог мэддэг хүн ерөнхийдөө их ховор байжээ. Ийм ашигтай төслийг оросуудтай нийлж байгаад унагаачихсанд би өнөөдөр хүртэл харамсаж явдаг. Дараа нь оросуудын шахалтаар Төмөр замаар төрөөс баримтлах баримт бичиг гэдэг нэг зүйл УИХ хэлэлцсэн, баталсан. Энэ баримт бичгээр технологийг хуульчлах гэж байсан гээд бод доо. “Монголд баригдах бүх төмөр зам зөвхөн өргөн царигтай байна” гэсэн үг өгүүлбэр явж байсан юм шүү дээ. Үүнийг тухайн үед хамгийн их эсэргүүцсэн гишүүн нь ганцхан Хүрэлбаатар л байсан. Би бүүр сайн санадаг юм. УИХ-ын чуулган дээр “Нөхдүүд ээ бид буруу юм хийх гэж байна. Технологийг бид хуульчлах гээд ярьж байгаа чинь маш бүдүүлэг байна. Би та нарт нэг жишээ хэлье. Манай улс үүрэн телефоны хоёр технологи ашигладаг. Гэтэл ганцхан CDMA эсвэл GSM ашиглана гэж хуульчилж байгаагаас наад өргөн цариг чинь огт ялгаагүй байна” гэж Хүрлээ хэлж байсан. Би ямар мундаг жишээ татав гэж сонсч байсан болохоор одоо ч мартдаггүй юм. Ингэж хэлээд тэр технологи хуульчлах гэж байсан заалтыг хасуулж байсан. Одоо түүний хүчинд бид нарийн царигаар төмөр зам барих тухай яриад сууж байна. Бас нэг жишээ хэлье. Хэлэлцэх эсэхийг нь байнгын хороо дэмжчихсэн байсан Ханги-Мандалын төмөр зам гэж байдаг юм. Сайншандаас Ханги-Мандалаар шинэ төмөр зам тавья. Бугат хүртэл явъя гээд сүүлийн үед ч дахин яригдаад байдаг болчихсон байгаа тэр төмөр замын асуудал нэлээд дээрээс эхтэй юм. Их хурлаар ч батлагдах шахсан даа. Үүн дээр Хүрэлбаатар сайд бас л их эсэргүүцэж байж болиулсан.
-Шинэ төмөр зам барих нь тийм муу зүйл байсан гэж үү. Уг нь таны ярьдаг мөнхийн сэдэв төмөр зам, төмөр зам, төмөр зам биз дээ?
-Энэ шинээр барих гээд байгаа төмөр зам нь Эрээн рүү гарч байгаа төмөр замын стратегийн суурь бүтцийн дундаас шууд таслаад Ханги-Мандал руу гаргах зурагтай. Энэ төмөр замыг барих тухай яриа 2000 оны үеэс л эхэлсэн. Хятадын Бугатын төмөрлөгийн үйлдвэрийн лобби яваад байдаг байхгүй юү.
-Үнэхээр лобби юм бол хэлэлцэх эсэхийг нь шийдчихсэн байсан гэхээр манайхан лоббинд нь автчихсан байсан юм биш үү?
-Автчихсан байсан, одоо ч бас яриа цухалзаад эхэлсэн байна лээ. Үүнийг гэхдээ оросууд хэзээ ч зөвшөөрөхгүй. Яагаад гэхээр Дарханы цаад талын Ерөө өртөөнөөс Эрээн хүртэлх УБТЗ-ын бизнесийг шууд дундаас нь салгаад өөр тийш нь явуулах гэж байна гэсэн үг. Мэдээж эсрэг талд нь үүнийг дэмжих нь хятадууд. Яагаад гэхээр энэ зам баригдвал Бугат хүртэл тээвэрлэх тэр дотоодын зардлаа үндсэндээ хэмнэж байна гэсэн үг. Үүнээс гадна энэ төмөр зам барих ярианы цаана хоёр гурван төрлийн бизнес явагдаад байгаа. Төмөр зам барина гээд зах зээлийн үнээс хэд дахин өнөдр өртөг хэлж бизнес хийх гэж байгаа хэсэг хүн байна. Гэтэл тэр концессын мөнгийг нь эргүүлээд хэн төлөх вэ гэхээр бидний үр хүүхэд, Монголын ард түмэн л төлнө. Хоёрдугаарт энэ замыг тавьснаар Эрээн-Сайншанд хоёрын дунд тавигдсан Орос-Монголын энэ их хөрөнгийг үнэгүйдүүлнэ. Одоо тэр асуудал яригдаад эхэлсэн байна. Эрээн дээр тийм ч вагон хүлээж авахгүй, ийм ч ачаа хүлээж авахгүй гээд яриад эхэлчихсэн. Хэрвээ Ханги-Мандал баригдвал бид хоёр хөршийн аль алинтай нь эвгүй харилцаатай болно. Бугатын төмөрлөгийн үйлдвэрийн лоббигоор энэ төмөр зам тавигдлаа гэж бодоход Эрээн дээр вагон хүлээж авахаа шууд болино. Энэ бол гарцаагүй. Сайншандаас-Эрээн хүртлэх УБТЗ-ын төмөр зам ямар ч ажилгүй болно гэсэн үг.
-УБТЗ үйл ажиллагаа нь муу нь муу, тогтолцоо нь буруу нь буруу. Гэхдээ Бугат руу төмөр зам тавьж УБТЗ-ыг үнэгүйдүүлж болохгүй ээ л гэж үү?
-Тогтолцоо нь бүүр унана. Энэ төмөр зам баригдвал Эрээн дээр хүлээж авахгүй, зөвхөн Ханги-Мандалын төмөр замын вагон, галт тэрэгийг хүлээж авна гэдэг асуудал хятадууд тэртэй тэргүй тавина. Энэ төмөр замыг тавиулахын тулд одоо яриад эхэлчихсэн улс ингэх нт гарцаагүй. Эрээн рүү ачаа, вагон хүлээж авахгүй бол оросууд шууд тээг тавина. Бид тэгвэл Ерөөгөөс эхлээд тээвэрлэхгүй ээ гээд л гэдийчихнэ. Ерөөгөөс Сайншанд хүртэл манай суурь бүтцээр явуулахгүй гэхэд яах вэ. Ийм асуудал босох нь гарцаагүй. Яагаад гэхээр өөрийнх нь 100 хувь хийж байсан бизнесийг булаахаар сөргүүлээд ийм асуудал босгох нь гарцаагүй. Ийм зүйлийг хараад Хүрэлбаатар тухайн үед Ханги-Мандалын төмөр замыг маш их эсэргүүцэж байж болиулсан. Одоо бас л энэ төмөр замын талаар яриад эхэлсэн байна лээ. Магад ч үгүй энэ дайралтууд төмөр замын төлөө хийсэн сайн үйлийнх нь төлөөс байсан юм биш байгаа гэж би хардаад байгаа. Хүрэлбаатарт би мундаг хайртай дуртайдаа ийм юм яриад байгаа юм биш. Миний гадарладаг төмөр замын салбар, төмөр замын бодлогод ийм мундаг мэдлэгтэй, боловсролтой, мэдрэмжтэй хандаж байгаа юм чинь өөрийнхөө мэддэг эдийн засгийн салбартаа асар өндөр мэдлэгтэй байх гэдэгт нь би 100 хувь итгэлтэй байна. Төмөр зам дээр ийм мэдрэмжтэй байгаа юм чинь өөрийн мэддэг, мэргэшсэн салбартаа үүнээсээ л агуу байгаа нь ерөнхийдөө ойлгомжтой. Гэтэл ийм хүмүүсээ нухчин дарах бодлого явагдаад байгаа юм биш биз дээ гэсэн хардалт төрөөд байгаа учраас өнөөдөр би ийм зүйл яриад байгаа юм.
-Гэхдээ л Хотгор шанагын лицензийг худалдсан гэсэн асуудалд нэр нь холбогдсоныг цагаатгах асуудал биш биз дээ?
-Би тэр нэвтрүүлгийг үзсэн. Урд хөршийн нэг нөхөрт зарчихсан бол савируулаад л нүүрсээ зөөж л байгаа байх. Гэтэл уурхай нь байж л байгаа юм билээ. Бас дараа нь Хүрэлбаатар болон ах нь тайлбар хийсэн байна лээ. Баримт нотолгоогоо гаргаж байгаад. Тэр наймаанд нь оролцоогүй хүмүүс байна лээ. Өрнөж байгаа үйл явцыг би өөр талаас нь хараад байгаа. Манай Ерөнхийлөгч Монгол ялна гэж гарч ирсэн. Ингэж гарч ирсэн Ерөнхийлөгч маань хувийнхаа телевизийн сурвалжлагчийг мөнгө өгч Солонгос явуулж байхын оронд Монголд ашигтай, монголчууд ялах ямар шийдэл байна гэдгийг судлуулах хэрэгтэй шүү дээ. Жишээ нь баруун таван аймгийг цахилгаанаар хангах дулааны цахилгаан станц бариулах асуудлыг шийдээд ир гээд тийм гэрээ хэлцэл хийж чадах мэдлэгтэй, боловсролтой хүнийг явуулж болно. Эсвэл танай эзэмшлийн энэ уурхайг түшиглээд танай мундаг технологи ноу хауг Монголд оруулж ирээд бидний хэрэгцээнд нийцсэн үйлдвэр бариад өгөөч ээ гэх яриа хийх хүнийг явуулчихаж болох л байсан. Хүрэлбаатарыг унагаах гэсэн өчүүхэн санаа өвөртөлж байгааг нь харвал яав ч энэ монгол ялж байгаа асуудал биш байх гэж хараад байгаа юм. Ийм асуудлыг шийдээд ирэх хүнд томилолт өгөөд явуулсан бол жинхэнээсээ Монгол ялах байлаа. Мэдлэгтэй боловсролтой хэсгээ агнаснаар Монгол ялж байгаа хэрэг огт биш ээ.
Б.БАТ
Холбоотой мэдээ