ФИБА (Олон улсын сагсан бөмбөгийн холбоо) 3×3 сагсан бөмбөгийн Дэлхийн гранпри тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Хятадын Үшин хотод боллоо.
3×3 мэргэжлийн энэ оны гурав дахь гранпри тэмцээнд Монголоос “Ховд Шонхорууд” баг оролцож, шагналт дөрөвдүгээр байрт шалгарлаа. Манай баг хэсэгтээ дэлхийн гурван удаагийн аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн алдарт ‘Нови Сад’ болон Хятадын ‘Хубэй’ багуудтай багтсан. Улмаар хэсгийн хоёрдугаар байраар шалгарч ОХУ-ын Москва хотын “Инаномо” багийг 20:16 онооны харьцаагаар хожин шилдэг дөрөвт үлдсэн. Цааш финалд өрсөлдөх эрхийн төлөөх шийдвэрлэх тоглолтод Сербийн алдарт “Лиман” багт 20:14 онооны харьцаагаар дийлдлээ. ‘Лиман’ багийн залуус өнгөрсөн улирлын хоёр ‘Их дуулга’, гурван гранпри тэмцээний аварга баг юм.
ФИБА 3×3 мэргэжлийн лигийн тэмцээнд оролцож буй Б.Пүрэвдорж эзэнтэй “Ховд Шонхорууд” баг хүчтэй өрсөлдөгч гэдгээ өрсөлдөгч багуудад харуулсаар байна. Тэд энэ онд дэлхийн гранпри тэмцээнд гурав дахь удаагаа оролцож шилдэг наймас дөрөвт үлдэх амжилтыг үзүүлж чадлаа.
“Ховд Шонхорууд” өнгөрөгч дөрөвдүгээр сард БНСУ-д болсон гранпри тэмцээнд хэсгээсээ гарч чадаагүй бол дараагийн тэмцээнд шөвгийн наймд үлдэж байсан юм. Тэгвэл энэ удаа Хятадын Үшинд болсон гранприд Серб, Хятад, ОХУ-ын хүчирхэг багуудтай тоглож, дөрөвдүгээр байрт шалгарлаа.