Гишүүд хурууны хээгээр бүртгүүлж, зөвхөн өөрөө санал өгнө

Хуучирсан мэдээ: 2018.05.06-нд нийтлэгдсэн

Гишүүд хурууны хээгээр бүртгүүлж, зөвхөн өөрөө санал өгнө

Гишүүд хурууны хээгээр бүртгүүлж, зөвхөн өөрөө санал өгнө

NEWS АГЕНТЛАГ “Хууль төрөхийн өмнө” булангийнхаа энэ удаагийн дугаарт УИХ-ын Дэгийн тухай хууль буюу УИХ-ын гишүүдийн хариуцлага, ёс зүйн асуудлаар орох өөрчлөлтийн талаар онцолж байна.


УИХ-ын гишүүд хурлаа таслах, хүний өмнөөс кноп дарах, ирц бүрдэхгүй байх асуудал парламент байгуулагдсан цагаас л чихнээс хонх уясан асуудал байсан. Хууль тогтоох дээд байгууллага болох УИХ хуулиа батлахдаа тухайн хүн нь уг хуулийг дэмжиж байгаа эсэхээс үл хамааран олонхоороо буюу кнопоор шийддэг. Хэрэв ирц хүрэхгүй бол бусдын өмнөөс санал өгч хууль батлах тохиолдол ч өнгөрсөн хугацаанд олон бий. Түүнээс гадна, УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагагүй байдал ч яригдсаар ирсэн. УИХ-ын гишүүд чуулганы танхимд согтуу орж ирэх, гэмт хэрэгт холбогдох, хоорондоо муудалцаж, гар зөрүүлж байсан тохиолдлууд ч бий. Энэ бүх асуудал үе үеийн парламентын төвшинд яригдаж, УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулдаг ч ёс төдийхнөөр өнгөрдөг. Энэ удаагийн 65-ын бүлгээс ч УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагын асуудал илүү хурцаар хөндөгдөж, гэмт хэрэгт холбогдсон асуудал ч яригдаж буй. Тэгвэл УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар хэд хэдэн төсөл яригдаж байв. Тухайлбал, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “УИХ-ын гишүүд ёс зүй, хариуцлагагүй байвал эгүүлэн татах заалттай” нэмэлт өөрчлөлтийн төслийг намрын чуулган завсарлахын өмнө өргөн барьж байсан. Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, С.Бямбацогт тэргүүтэй гишүүд ч энэ асуудлаар хуулийн төсөл боловсруулж, Төрийн байгуулалтын байнгын хороо хуулиудаа нэгтгэж, энэ төслийг батлуулахаар барьж авчээ. Тэгвэл бид энэ удаад Төрийн байгуулалтын байнгын хорооны төвшинд яригдаж буй Дэгийн тухай хуулийн төслийн онцлог заалтуудыг танилцуулж байна.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дөрвөн зүйлтэй бөгөөд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх журам бүхий бүлэг шинээр нэмж оруулжээ. УИХ-аас Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг 2007 оны аравдугаар сарын 11-ний өдөр баталсан бөгөөд нийт 16 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Гишүүд ‘төгөлдөр хуур’ тоглохгүй зөвхөн өөрөө санал өгнө

Байнгын хороо болон чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүд картаа шургуулаад гарах тохиолдол элбэг. Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд намынхаа болон дэргэдээ суугаа гишүүндээ болон хурал зохион байгуулж буй байнгын хорооны дарга, ажилтанд дэмжиж байгаа, дэмжихгүй байгаа гэх саналаа хэлээд, картаа үлдээгээд гардаг. Мөн чуулганы хуралдааны үеэр гишүүд “төгөлдөр хуур” дарах тохиолдол олон бий. Ирц 55 хувьтай байгаа ч чуулганы танхимд 10 гаруй гишүүн сууж байна хэмээн УИХ-ын гишүүн О.Баасанхүү лайвддаг байдал хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар өөрчлөгдөх нь ээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн санал өгөх, үг хэлэх, асуулт асуухдаа цахим карт ашиглах бөгөөд цахим тоолуураар санал явуулах үед гишүүн цахим картаа зөвхөн өөрөө эзэмшинэ. Бусдад шилжүүлэхийг хориглох заалт оруулж байгаа юм. Ингэснээр бусдын өмнөөс санал өгөхгүй, бусдад найдаж картаа үлдээхгүй зөвхөн өөрийн биеэр санал өгөх эрхтэй болж байгаа юм. Хуулийн нэмэлт, өөрчлөлтөд УИХ-ын гишүүдийн ирц, санал өгөхийг хурууны хээгээр тооцох асуудлыг оруулж ирж байгаа ч гишүүд болон бусад улс төрийн хүчнийхэн эсэргүүцэж байгаа  юм.

Чуулганы дэгт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүлэг нэмжээ

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар бол УИХ өөр ямар ч асуудал хэлэлцэхгүйгээр зөвхөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгтэй. Тиймээс УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд шинээр нэг бүлэг бүхий Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг оруулж ирж байгаа юм байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхэд дөрөвний гурваас доошгүй ирцтэйгээр хэлэлцэх гэнэ. Мөн Чуулганы дэгийн тухай хуулийн 4.1, 4.3 дахь заалт болох нам бүлгийн эвсэл хуралдах хуваарь болон пүрэв, баасан гаригийн чуулган хэлэлцэх хуваарь хамаарахгүй юм байна. Нэмэлт, өөрчлөлт хэлэлцэх үеэр чуулганы хуралдаанаар хэлэлцэхэд гишүүний асуулт асуух хугацаа дөрвөн минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа нэг минутаас илүүгүй, гишүүний асуултад хариулах хугацаа дөрвөн минутаас илүүгүй, нэмэлт хариулт, тайлбар өгөх хугацаа нэг минутаас илүүгүй, гишүүн үг хэлэх хугацаа тав минутаас илүүгүй,  Байнгын хороо санал, дүгнэлтээ танилцуулах хугацаа 10 минутаас илүүгүй байхаар тусгажээ. Харин төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахдаа байнгын хорооны хуралдааны гишүүдийн гуравны хоёроос доошгүй байх аж.

Нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэхийг зөвшөөрөөгүй бол хууль санаачлагчид буцаах тухай УИХ-ын тогтоол батлагдсанд тооцно. Байнгын хороо гурван хэлэлцүүлгийн дараа эцсийн хэлэлцүүлэг хийж, Ард нийтийн санал асуулгын хуулийн дагуу санал авна. Ард нийтийн саналыг Сонгуулийн ерөнхий хороо зохион байгуулж, чуулганы хуралдаанд дүнг танилцуулна. Ард нийтийн санал асуулгын дүнг УИХ ёсчлон батлах нэмэлт, өөрчлөлтийг оруулж өгчээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж