Хоёр Солонгосын бүсгүйчүүд медалийн тавцанд хамтдаа

Хуучирсан мэдээ: 2018.05.06-нд нийтлэгдсэн

Хоёр Солонгосын бүсгүйчүүд медалийн тавцанд хамтдаа

Хоёр Солонгосын бүсгүйчүүд медалийн тавцанд хамтдаа

Шведийн Халмстад хотод ширээний теннисний багийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр /2018.05.06/ өндөрлөлөө. Тус тэмцээнд оролцсон хоёр Солонгосын эмэгтэй баг нэгдэж, хүрэл медаль хүртэв.

Хойд Солонгосын баг “С” хэсэгт Румын, Тайвань, Нидерланд, Польш, Чехийн шигшээ багтай багтаж, дөрвөн хожил авснаар хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан. Улмаар ОХУ-ыг багийг 3:0-оор хожиж шилдэг наймд үлдсэн юм.

Өмнөд Солонгосын баг “D” хэсгийг таван хожилтойгоор тэргүүлж, шууд шөвгийн наймд өрсөлдөх эрхийг авсан.

Хоёр Солонгосын баг шөвгийн наймд оноолт таарсан ч дараагийн тойрогт нэгдмэл баг болон оролцож, хүрэл медалийн болзол хангасан юм. Тэд мөнгөн медалийн төлөө Японы бүсгүйчүүдэд 3:0-оор дийлджээ. Тоглолтын үр дүн эхний гурван тоглогчийн тоглолтоор шийдэгдсэн бөгөөд Өмнөдөөс хоёр, Хойдоос нэг тоглогч тогложээ. Тэднээс “Рио 2016” олимпийн наадамд ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртсэн Хойд Солонгосын теннисчин Ким Сун И хүчтэй өрсөлдөөнийг гаргаж, өрсөлдөгчөөсөө хоёр үеийг авч чадсан юм. Тэрбээр багийн төрлөөр дэлхийн аварга, олимпийн наадмаас хошой хүрэл медаль хүртсэн Касуми Ишикаваг хожсон бол тоглолтыг эргүүлэх боломжтой байжээ.

Хоёр Солонгосын ширээний теннисний баг 1991 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүчээ нэгтгэн оролцохдоо БНХАУ-ын хүчирхэг багийг хожиж байсан түүхтэй. Тэгвэл энэ жилийн Дэлхийн аваргад шөвгийн наймд үлдэж, хагас шигшээ тоглолтод нэгдмэл баг болон оролцохоор болж, хүрэл медаль хүртлээ. Хятадын хүчирхэг баг дэлхийн аваргын ээлжит түрүүгээ авсан бол Японы баг тамирчид мөнгөн медаль дээр буув.

Сануулахад, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын түүхэн уулзалт дөрөвдүгээр сарын 27-нд Панмунжомд амжилттай болсон билээ. Уулзалтаар 2018 оноос эхлэн спортын томоохон тэмцээн уралдаанд хоёр Солонгос нэгдсэн шигшээ багаар оролцоно гэж мэдэгдэлдээ дурдсан юм. Тэгвэл Шведэд болсон ширээний теннисний ДАШТ-д хоёр орны баг тамирчид нэгдэн оролцож, хүрэл медаль хүртлээ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж