“Korean Air”-ийн ирээдүй хэрхэх вэ?

Хуучирсан мэдээ: 2018.05.06-нд нийтлэгдсэн

“Korean Air”-ийн ирээдүй хэрхэх вэ?

“Korean Air”-ийн ирээдүй хэрхэх вэ?

Өмнөд Солонгост “чэебол” буюу гэр бүлийн том бизнес нь эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг боловч энгийн иргэдийн дунд шүүмжлэл дагуулах нь ихэсчээ. Тухайлбал, Өмнөд Солонгосын иргэний агаарын тээврийн №2 компани “Korean Air” -ийг үүсгэн байгуулагч гэр бүлийн гишүүдийн эрх мэдлээ хэтрүүлсэн, зүй бус авираас болж хөрөнгө оруулагчид “зугтаж”, хувьцааны ханш нь унаж эхэлжээ. Өмнөд Солонгосын прокуророос “Korean Air” компанийн ерөнхийлөгч Чо Ян Хо болон түүний гэр бүлийнхний эсрэг татвараас зугтсан, хууль бусаар барааг хил нэвтрүүлсэн гэх мэт олон төрлийн хэрэг үүсгэн шалгаж байна.

үүсгэн байгуулагч Чо Ян Хотом охин Чо Хюн Абага охин Чо Хюн Мин

Өмнө нь 2014 онд Чо Хюн А нь зүй бус аашилснаас “Korean Air” компанийн нислэг АНУ-ын Жон Кеннидийн нисэх буудалд хэдэн цагаар саатсан юм. Тухайн үед онгоцны үйлчлэгч ууттай самрыг тавганд хийж үйлчлээгүйгээс болж алгадуулж, онгоцноос хөөгдөж байв. Мөн Чо Хюн А онгоцны үйлчлэгчийг хөөж буулгасан ч санаа амарсангүй нисгэгчдийг хүртэл загнаж, онгоцны нислэгийг саатуулсан юм. Тэгвэл саяхан Чо Хюн Мин нь зар сурталчилгааны агентлагийн албан тушаалтан руу ус цацсан хэргээр шалгагдаж байна. Эдгээр хэргээс үүдэн Чо Хюн А болон Чо Хюн Мин нарыг “KAL Hotel” болон “Korean Air” компанийн захирлын албан тушаалаас  чөлөөлжээ.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд “Korean Air” компани хөрөнгийн зах зээлээс нэг их наяд вон буюу ойролцоогоор 928 сая ам.долларыг татаж чадсан байв. Мөн хөрвөх чадвартай бонд гаргаснаар 600 сая ам.долларыг босгожээ. Энэ оны эхний улирлын байдлаар компанийн нийт өрийн хэмжээ 14 их наяд вон байв. Компани үйл ажиллагаанаас жилд хоёр их наядын бэлэн мөнгө олдог байна. Гэтэл өв залгамжлагч нартай холбоотой дуулианаас үүдэн компанийн хувьцааны ханш унаж, хөрөнгө оруулагчид зугтах болжээ. Korean Air” компанийн энэ оны эхний улирлын ашиг 179,6 тэрбум ам.доллар болсон нь 2017 оныхоос 6,21 хувиар буурсан үзүүлэлт аж.

Компанийн нисэх багийн гишүүд болон бусад ажилчид баасан гаригийн орой  Сөүл хотноо жагсаал зохион байгуулж, үүсгэн байгуулагч гэр бүлийнхний эрх мэдлээ хэтрүүлсэн ааш аягийг цаашид тэвчихгүй гэдгээ илэрхийлжээ. Тэд компанийн үүсгэн байгуулагч ерөнхийлөгч Чо Ян Хог албан тушаалаасаа огцрохыг шаардаж байна. Түүнчлэн компанийн давуу хувьцаа эзэмшигчдийн зүгээс ч үүсгэн байгуулагч гэр бүлийн эрх, ямбыг хязгаарлахаар ажиллаж эхэлжээ. Мөн албаныхны дунд “Korean Air” компанийг шинэчлэх тухай ч яриа гарч эхэлсэн аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж