Цэцийн гишүүн Д.Сугар нарын бүрэн эрхийн хугацаа дууслаа

Хуучирсан мэдээ: 2018.05.06-нд нийтлэгдсэн

Цэцийн гишүүн Д.Сугар нарын бүрэн эрхийн хугацаа дууслаа

Цэцийн гишүүн Д.Сугар нарын бүрэн эрхийн хугацаа дууслаа

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, Т.Лхагва нарын бүрэн эрхийн хугацаа тавдугаар сарын 10-нд дуусах бол Н.Жанцан, Д.Наранчимэг нарын бүрэн эрхийн хугацаа дуусаад байгаа.

Хуульд зааснаар Цэцийн есөн гишүүнийг Ерөнхийлөгч, УИХ, Улсын Дээд шүүхээс санал болгон, парламентаар баталдаг.

Энэ удаад Ерөнхийлөгчөөс санал болгосон Цэцийн гишүүний хоёрынх нь бүрэн эрхийн хугацаа дууссан бол нэгийнх нь удахгүй дуусна. Иймээс Н.Жанцан, Д.Наранчимэг, Т.Лхагва нарыг орлож, шинээр хүн нэр дэвшүүлэх шаардлага үүсээд байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын тайлбарласнаар бол Цэцийн гишүүдийг сонгохдоо Авлигатай тэмцэх газрын удирдлагад нэр дэвшигчдийг тодруулсан зарчмаар олон нийтээс санал авч, УИХ-д санал болгож мэдэхээр байна. Одоогоор эцсийн шийдвэр гаргаагүй байгаа юм.

Харин УИХ-ын хувьд Цэцийн гишүүн Д.Сугарыг орлуулж хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг тодорхойгүй ч бүлгээ хуралдуулж, шийдвэрээ гаргана.

Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил байдаг. Ингэхдээ 40 нас хүрсэн, Монгол Улсын иргэн байх шаардлага тавигддаг. 

Ерөнхийлөгчийн хувьд өнгөрсөн өвөл УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг Цэцийн гишүүнд нэр дэвшүүлээд буцаан татсан тохиолдол бий.

Учир нь олон нийтийн зүгээс “Халх голыг сүйд хийсэн хүнээр Үндсэн хуулийг мануулах нь чононд хонь хадгалуулсантай адил зүйл болно” гэсэн агуулга бүхий шүүмжлэлийг дайж байлаа. Үүнээс ч болсон уу, хэсэг завсарлуулж байгаад дахин зүтгүүлэхээр болсон уу, татсан юмдаг. 

Р.Бурмаагийн хувьд МоАХ фракцад харьяалагддаг. Ерөнхийлөгч Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа давхар дээлнээсээ татгалзаж, чөлөөлөгдөхөд суудлаа Р.Бурмаад шилжүүлж байв.

Эрх барьж байсан Ардчилсан намд тус албыг залгуулах хүн олон байсан ч зөвхөн Р.Бурмаа гишүүнд “өвлүүлсэн” нь тохиолдлын хэрэг биш юм. Тиймээс Цэцийн гишүүний нэг квот дээр нь Р.Бурмаагийн нэр орж ирвэл гайхах зүйлгүй. 

Харин үлдсэн хоёр Цэцийн хоёр гишүүний “квот” дээр нь Ардчилсан намын бусад фракцынхан нүд унагасаар удаж байгаа.

Ерөнхийлөгч эрх мэдлийнхээ хүрээнд “бялуу” хуваах зарчмаар хандах уу, нам харгалзахгүйгээр жинхэнэ Үндсэн хуулийн манаач болох хүнийг олж томилуулах уу гэдгийг ирэх өдрүүдэд хийх нүүдлээс нь харах л үлдлээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж