Хойд Солонгос улс өнгөрсөн баасан гаригт орон нутгийн цагийг 30 минутаар урагшлуулж Сөүлтэй ижил цагийн бүсэд шилжжээ. Өмнө нь Пхеньяны цаг Өмнөд Солонгос болон Японоос 30 минут хоцорч явдаг байв. Ийнхүү дөрөвдүгээр сарын сүүлээр хоёр Солонгосын төрийн тэргүүн нарын уулзалтын үр дүнд хойгт цагийн зөрүүгүй болов. Энэ нь хоёр Солонгосын нэгдлийг хурдасгах анхны чухал алхам байсныг Пхеньянд төвтэй “KCNA” агентлаг мэдээлжээ.
Солонгосын хойгийн цагийн бүсчлэлийг Японы түрэмгийллийн үед Токиотой ижил болгосныг эсэргүүцэн Хойд Солонгос 30 минутаар зөрүүлсэн байв. Харин Өмнөд Солонгос 1950-аад онд Японы цагаас зөрүүлсэн боловч 1960-аад онд буцаажээ.
Үүний зэрэгцээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын ерөнхийлөгчтэй уулзах газар, хугацааг товлосон бөгөөд удахгүй нийтэд зарлана гэж мэдэгджээ. Түүнчлэн Дональд Трамп тавдугаар сарын 22-нд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Интэй уулзах болсныг Цагаан ордноос мэдээлэв.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА