Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргаад байна. Үүгээр тавдугаар сарын 7-8-нд ихэнх нутгаар хуурайшилт ихтэй, хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.
Мөн тавдугаар сарын 7-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд, төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, Хөвсгөлийн уулсаар бороо, хур тунадас орно. Салхи 7-нд ихэнх нутгаар, 8-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 9,10-нд нутгийн баруун хэсгээр секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Алтай өвөр говь болон говь, зүүн аймгуудын нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 7-нд баруун аймгуудын нутгаар, 8-нд нутгийн төв хэсгээр, 9-нд зүүн аймгуудын нутгаар сэрүүсэх төлөвтэй байна.