Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.
АТГ-ын даргад нэр дэвшүүлж, санал болгов
Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусах болоогүй ч Ерөнхийлөгч Х.Баттулга тус газрын дарга, дэд даргын албанд тушаалд нэр дэвшүүлэх ажиллагааг олон нийтийн санал асуулга нэрийн дор хийж, хоёр хүний нэрийг пүрэв гаригт УИХ-д өргөн мэдүүллээ.
Тодруулбал, АТГ-ын даргад Д.Даваа-Очирыг, дэд даргаар Ж.Батсайханыг томилуулахаар санал болгосон юм. Тус газрын удирдлагуудыг өөрчлөх тухай яриагаа төрийн тэргүүн мэдэгдэхэд олон нийтийн зүгээс ‘Ерөнхийлөгч өөрийн хүнээр АТГ-ыг удирдуулах нь’ гэх таамгыг дэвшүүлсэн. Үүнийг батлах мэт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны даргыг АТГ-ын даргад санал болгосон нь хардлагыг улам өдөөгөөд байна.
Хуульд зааснаар АТГ-ын дарга, дэд дарга нарын нэрийг Ерөнхийлөгч санал болгож, УИХ баталдаг. Энэ удаад Ерөнхийлөгч олон нийтийн санал асуулга оруулж ирсэн, мөн энэ нь хаалттай горимоор явсан гэх хэл ам дагуулаад буй.
Нэг үгээр хэлбэл, АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчийг санал болгох процесс хуульд заасан хэлбэрээс өөрөөр явсан тул УИХ хэрхэн хүлээн авах вэ гэдэг хамгийн их анхаарал татаж буй юм. Дээр нь АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа нь дуусах болоогүй байсан зэргээс үзвэл Ерөнхийлөгч, УИХ хоёрын дунд гал авалцсан тулаан өрнөж мэдэхээр байгаа юм.
С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорив
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тавдугаар сарын 1-нд хуралдаж, С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарын асуудлыг хэлэлцлээ. Шүүхээс С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн 15 хоног хорих шийдвэр гаргасан бол Б.Ариунсаныг эрүүл мэндийн улмаас суллаж, хилээр гарах эрхийг нь хориглосон юм.
Шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон мэдэгдсэн. Тэрбээр “Прокурор цагдан хорих үндэслэлээ дахин гэмт хэрэг үйлдэх гэж тайлбарлаад байгаа. Энэ хэрэг дээр олон нийт тодорхой хэмжээнд мэдэх ёстой байх. Оюутолгойн гэрээг байгуулахдаа дэд ахлагчаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулсан гэдэг үндэслэл яриад байгаа. Хорих үндэслэлд авлига авсан гэх зүйл заалт байхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээ бол хөрөнгө оруулалтын орчинг тогтвортой байлгаж, хөрөнгө оруулалтыг татдаг. Гэрээг тогтвортой байлгана гэсэн болохоос энэ татварыг авах авахгүй заачихсан юм биш. Улсад ашигтай заалт оруулаад байхад алдаатай дүгнэлт хийчихээд хүнд ял тохоод байдаг. Прокуророос ганцхан удаа байцаасан” гэсэн юм.
Тэднийг Оюутолгой болон Дубайн гэрээтэй холбогдуулан, саатуулан шалгаж байгаа юм.
29.7 тэрбум төгрөгийн ХХОАТ-ын буцаан олголтыг өгөв
Анх удаа орон сууц худалдан авсан бол, мөн хүүхдийнхээ их, дээд сургуульд суралцсаны төлбөрийн хөнгөлөлтийг Хувь Хүний Орлогын Албан Татварын Хууль (ХХОАТХ)-ийн дагуу тодорхой хувийг буцаан авах эрхтэй байдаг. Хуулийн нөхцөл шаардлага хангасан 69,550 иргэнд 41.8 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгохоор болсон юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар 50,916 иргэнд ногдох 29.7 тэрбум төгрөгийн буцаан олголтыг өгчээ.
Г.ХОРОЛ