“Та бүхний анхааралд!!! Намайг хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байхад миний Facebook-ийг хакердаж Буянжаргал гэдэг хүний дансруу мөнгө шилжүүлж чадахуу гэж Facebook-ийн минь найзууд руу бичиж мөнгө асуусан байна шүү. Энэ худлаа шүү. Анхааралдаа авч олон хүмүүст анхааруулж тарааж өгнө үү. Баярлалаа ХХАХҮЯамны дэд сайд Ж.Сауле” гэсэн постыг цахим хуудаснаас харлаа. Ийм пост сүүлийн үед хэтэрхий олон тааралдах болов.
Цагдаагийн байгууллагад зөвхөн цахим гэмт хэргийн улмаас гэхэд л сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 197 иргэн, хуулийн этгээд 3.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэг бүртгэгдсэн байна.
Энэ талаар цагдаагийн газраас тодруулахад “хэрвээ та фэйсбүүк аккаунтаа ашиглан мэдээлэл авах гэж байгаа бол заавал албан ёсны веб сайт, албан ёсны аппликейшнээр хандах хэрэгтэй. Фэйсбүүк дотор урсаад явж байгаа ямар ч хамаагүй линкийг нээх нь таныг эрсдэлд оруулж болзошгүй” хэмээн анхааруулж байна. Мөн “цахим орчин, фэйсбүүкийг өдөр тутам ашигладаг бол нууц үгээ долоо хоногт, арав хоногт зэргээр тодорхой хугацаанд заавал сольж байхыг зөвлөж байна. Ингэснээр, та хуурамч сайтаар фэйсбүүкийнхээ нууц үгийг алдсан ч тухайн гэмт этгээд таны нууц үгийг ашиглаж амжаагүй байхад сольж, өөрийгөө гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж чадна” гэхчлэн анхааруулсаар байгаа. Бизнесийн том группууд шиг телевизийн оргил цагуудаар, сонирхолтой сериалын дундуу, өдөр тутмын бүх сонинд гэхчлэн өргөн хүрээтэй сурталчилж чадахгүй байгаа ч наад захын зөвлөгөөг нь анхаараад уншчихаж байвал хожим нь арай бага хохирох, эсвэл илүү хашир сууж залилангийн гэмт хэргийн золиос болохоос сэргийлж чадна гэж найдаж байна.
“Вертуал хайрт”-даа дээрэмдүүлсээр байх уу?
“Хайр дурлалын сэдэвтэй залилан”-гийн гэмт хэрэгт өртөж, ичиж зовоод хэлж чадахгүй залилагчаа өөгшүүлэх хэрэг олонтаа гарах болжээ. Үүнийг “Романс залилан” ч гэдэг юм байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь иргэдийн сошиал хаягуудыг судлан ганц бие эмэгтэйчүүдийг онцлон харилцаа тогтоодог. Хэн нэгэн Жон гарч ирээд л таны гоо сайхныг танаас илүү олж хараад үхэн хатан дурлаад гурван жил чатаар бичилцвэл та битгий гайхаарай. Тэр тусмаа өөрийгөө АНУ-ын армид удирдах албан тушаалтай уйдсандаа фэйсбүүкт орж ирээд насан туршдаа хайсан хүнээ олоод авлаа гэж ярих вий. Удалгүй тан руу буюу дурласан бүсгүй рүүгээ дэлхийн хаа нэг өнцөг булангаас нисэн ирэх тухай ярьж зардлаа Монгол руу гуйвуулж байтал өөрт нь багахан, танд нэлээд их санагдах шимтгэл зардал хүснэ. Энэ зардлын хэмжээ өмнөх жишээнүүдээс харахад 1000-9000 ам.доллар, гэхдээ үнэмшилтэй санагдах үүднээс бутархай тоо байх вий. Шилжүүлээд авчихсан, “вертуал хайрт” нь алга болчихсон тохиолдол дэндүү олон байна. Мөн “альфа бүсгүйчүүд” гэж өөрийгөө нэрлэдэг гэр бүлгүй, тогтсон бизнестэй эсвэл өндөр орлоготой эмэгтэйчүүдийг ямар нэг шугамаар судалчихсан, тэднийг онилж байгаад хайрын романс үүсгэж мэхэлдэг нутаг нэгт залуус ч цөөнгүй. Гэхдээ л энэ төрлийн гэмт хэрэгтэй эмэгтэйчүүд олонх болдог тэр хэрээрээ мөн л хохирсноо нууцалдаг байна.
Хүйс харгалзахгүй “хомроголон” хохироодог дараагийн төрөл нь “сугалааны залилан”. Энэ төрлийн гэмт хэрэг нь харьцангуй бага үйлдэгддэг. Учир нь сугалааны залилангийн талаар иргэд харьцангуй сайн ойлголт, мэдээлэлтэй болсон. Энэ төрлийн гэмт хэрэг нь жишээ нь, и-майл хаяг ашиглан 50 доллар хожлоо гэрийн хаяг, утас, регистрийн дугаараа явуулна уу гэсэн мессеж ирдэг. Сонирхсон хүн бол мэдээллээ шууд явуулдаг. Дараа нь утас руу ярина. Та мөнгө хожсон байна. Та карт захиалах хэрэгтэй. Карт захилах бол тэдэн төгрөг. Анхандаа картыг захиалаад мөнгө шилжүүлж итгэл төрүүлж эхэлдэг. Тэгээд бага багаар хураамж татвар гээд 2000-8000 ам.доллар гэж нэхэн залилан хийдэг.
Эцэст нь хэлэхэд “Аз сохор” гэдэг ч энэ тухай мартсан нь дээр. Магадгүй “Аз амжилтыг дагадаг” гэдэг үгийг сонгож итгэсэн нь арай барьцтай, хохирол багатай болов уу. Та хэчнээн их буян хийсэн ч зүгээр сууж байгаад мөнгөө 200 хувь өсгөж чадахгүй. Энэ бол үлгэр ч тоож зохиогдоогүй туйлын худал зөвхөн мөрөөдөл төдий юм шүү.
Аз сохор боловч тэнэг хүнийг “шулдаг” юм
Өөрт чинь байгаа мөнгийг ямар ч үйл хөдлөлгүйгээр хэд дахин өсгөөд өгье гэхэд итгэдэг хүн олон байдаг юм байна. Тэр байтугай өөрт байхгүй ч өрөөлөөс хүүтэй зээлж байгаад хэд дахин өсгөөд ашиг олно гэж итгэгсэд түүнээс ч олон байх юм.
“Зүгээр сууж байхад л дансанд чинь мөнгө орсоор байх болно. Ажлынхаа хажуугаар их мөнгө олж болох алтан боломжийг битгий алдаарай”. Та ийм сурталчилгаатай таарч байсан уу. “Зовж” мөнгө олдог энэ цаг үед гоё сонсогдож байгаа биз. Гэвч үеийн үед хүн төрөлхтөн “зовж” мөнгө олж амьдарсаар ирсэн. Зовохгүй мөнгө олох нь хууль бус буюу хатуухан хэлэхэд жаргасаар байгаад шоронд орох замд хөтөлдөг гэдгийг хааяа мартмаар, зөрчмөөр санагдаж, “аз таараад асар их ашиг олчихоод л болино” гэсэн сэдэл төрж байвал та залилан хийх, залилангийн гэмт хэрэгт өртөх эхлэл болдогийг заавал бодох ёстой юм.
“Сүлжээний бизнес” буюу “Шууд худалдаа” нэртэй, пирамид тогтолцоотой Понзын схем гэгч 1972 оноос өнөөдрийг хүртэл амь бөхтэй оршин тогтнож байхад бид сүүлийн 20 орчим жилд л энэ талаар ярьж эхэлсэн байгаа юм. Эхний 20 жилд маш сайн нууцлагдсан байгаа биз.
Тэгвэл сүүлийн 20 жилд буюу өнөөдрийг хүртэл яаж “реформ” хийсэн гээч. Энэ төрлийн залиланг хэдийгээр амттай үг ардын аман зохиолын хэлбэрээр хийдэг ч өөрсдөө бол арга барилаа хуучирсан гэж үзээд “сэтгээд”, “хөдөлмөрлөөд”, шинэ шатанд аваачаад байгаа нь интернэт залилан. Яаж солиорохоороо албан ёсны бүртгэлгүй, оршин суугаа ганц өрөө ч үгүй, ямар замаар юунд хөрөнгө оруулсан нь тодорхойгүй хүн /байгууллага/-аас долоо хоног бүр ашиг өгнө гэж, эсвэл өгсөн мөнгөө жилд 200 хувь өсгөж авна гэж итгэж чаддаг байна аа. Энд итгүүлж байгаа гэмтэн хуулиараа хариуцлага хүлээх тул тэдний мэхлэлтийн “ур чадвар”-ыг магтах, муулах нь илүүц. Харин тэднийг өөгшүүлж хөрөнгөө хадгалуулаад зогсохгүй ойр дотныхноо мунхруулж луйвардуулсан “хохирогчдыг” зэмлэхэд буруудахгүй биз ээ.
“Таны үсийг намирсан зөөлөн ширхэг ч хаггүй болгоно” гэчихээд үйлчилгээ үзүүлээгүй байхад хэрэглэгч “миний хохь” гээд заргалддаггүй. Тураана гэчихээд тураахгүй байхад ч дуугүй л байдаг. Гэтэл “Прайм банк” гэгч залиланд өртөөд, өөрийгөө таван грамм алттай болчихлоо гэж итгээд хамаг мөнгөө хуу хамуулсан хэрнээ “хохирлоосоо ичээд” цагдаад хандаагүй. Өрөөл бусдыг уруу татсан. Уруу татагдсан хүн нь хохирогч болчихлоо гэж гомдол гаргаад өөрийг нь цагдаад өгсний дараа үнэнийг илчилдэг ийм л “чөтгөрийн тойрог” өнөөдрийг хүртэл монголчуудыг “залгисаар” байна.
Бүр зургаахан сарын хугацаанд 18000 хүн хохирсон, үнийн дүн нь асар өндөр байжээ. Ийм гэмт хэргийг үйлдэж баяжихад юу хэрэгтэй гээч. Ерөөсөө л хохирогч нь шуналтай байх л хангалттай байсан.
“Нарантуул” захын хэсэг борлуулагчид мандаж явах үедээ “Жи-тайм”-ын сүлжээнд орчихож. Үүнийгээ өрсөлдөгчдийн хувиар ч гэх үү бие биеэсээ нууцалж байсан байгаа юм. Хажуудахаасаа өрсөөд гэнэт баяжих гэж бодож л дээ. Гэтэл гай болж зах нь түймэрт өртөөд ажлын байргүй болчихоод “Жи-тайм”-аас ашгаа авах гэтэл байсангүй. Мөнгөө алдсандаа харамссан зарим нь нууцалж байснаа ч мартаж орилж чаралж, зарлаж бүр цагдаагийн байгууллагад хүртэл хандах нь тэр. Уг нь энэ төрлийн залиланг “бараатай пирамид” гэдэг төрөлд хамруулдаг бөгөөд “дэлхийд давтагдашгүй, цорын ганц онцгой , нано технологиор үйлдвэрлэгдсэн гэх цөөхөн хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн дээр тулгуурлан зах зээл дээр борлуулалт хийдэг” аж. Харин тэр бүтээгдэхүүнийг судлаад үзэхэд тухайн компани нь өөрөө үйлдвэрлээгүй, бусдын бараан дээр өөрийн компаний логог тавьж, худалдаанд гаргасан байдаг. Тухайн барааг нь судлаад үзэхээр хямд үнэтэй байсан барааг Монголд оруулж ирээд хэд дахин үнийг нь нэмэн худал хуурмаг сурталчилгаагаар хэрэглэгчдийг урхиддаг” гэдгийг энэ чиглэлээр дагнаж судалсан Д.Чимэддамба гэдэг хүн тодорхой тайлбар өгч билээ.
Ер нь энэ чиглэлийн залилагчид ч, залилуулагчид ч “донтдог” нь ажиглагддаг. Залилагчдын хувьд цаанаасаа уран цэцэн, хавьд сонсоогүй реклам уянгалуулмаар онгод нь ороод, үүнд нь хөглөгдөх мэт залилуулагчид хүртэл “өмнөхөөс тэс өөр юм” гэж гүйж очиж залилуулаад нэг нь давтан хэрэгтэн, нөгөө нь дампуурсан үр дүнд хүрсэн тохиолдол хангалттай олон тааралдах юм. Залилуулагчдынх нь онцлог нь “үнэтэй байх тусам шунан татагддаг” онцлогтой аж.
“Сүлжээний бизнес Монголд хар аргаар орж ирдэг гэж хэлж болно. Ямар ч аж ахуй нэгж байгуулахгүйгээр. Улсад бүртгүүлсэн бүртгэл байхгүйгээр орж ирнэ. Орж ирээд хүмүүсийн сонирхол дээр тулгуурлан ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулахаа тогтож 1-2 жил үйл ажиллагаа хараар явуулж эхлэдэг. Харин хүмүүс ихээр орж ирвэл компани байгуулдаг. Тэгээд бараа бүтээгдэхүүний зөвшөөрөл авах, татвараа төлөх процессууд нь дандаа дараа нь хийгддэг. Шууд хөрөнгө оруулалтаар орж ирдэг сүлжээний бизнес гэж байдаггүй. Ашигтай бол үргэлжлүүлээд компани байгуулаад явдаг. Амжилтгүй бол хаячаад дахин нэгийг оруулж ирэх маягаар явдаг. Харин сүлжээний бизнес орж ирсэн 27 жилийн хугацаанд бүхэл бүтэн мэргэшсэн хэд хэдэн бүлэглэл Монголд бий болсон” гэж дээрх судлаач өгүүлсэн юм. Манай улсад 2012 онд Монголын шууд худалдааны нийгэмлэг гэсэн ТББ үүсгэн байгуулагдсан. Энэ байгууллага сүлжээний бизнес эрхэлдэг хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг гишүүнчлэлээр оруулж, гэрчилгээ гардуулж энэ бол шууд худалдааны баталгаатай найдвартай компани гэж гэрчилгээ батламж гардуулж байсан. Гэвч 2016 оны 11 дүгээр сараас эхлэн сүлжээний бизнес гэх хуулиар хориотой үйл ажиллагааг илчилж ил гарсан. Үүнээс хойш буюу 2016 онд байгуулагдсан Монголын шууд худалдааны нийгэмлэг мөн л ичлэгдэж ор тас алга болсон байх юм. Сүлжээний бизнес зөв ч бай, буруу ч бай өнөөдөр хуулиар хориотой байдаг. Харин өнөөдөр хуулиар хориотой сүлжээний бизнесийн үйл ажиллагааг нэгээхэн ч компанийг Монгол улсын бүртгэлийн байгууллага албан ёсоор бүртгэж зөвшөөрөл өгөөгүй бүртгүүлээгүй байдаг байна.
Холбоотой мэдээ