Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд шинэ гарсан яргуй идэх сайн муу тухай яриа ид хөвөрч байна. Хавар хүний дархлаа сэргэж, хүч тамир ордог, мөн хоолны өвчинд яргуйг сайн гэж зарим хүмүүс үздэг. Тэгвэл анагаах ухааны эмч, мэргэжилтнүүд энэ талаар юу гэж үздэгийг товчхон хүргэе.
Улаанбаатар Сонгдо эмнэлгийг ерөнхий захирал Б.Болдсайхан ‘Яргуйг Европын ч бай, дорнын уламжлалт анагаах ухаанаар ч бай, хамгийн их судалсан ургамлын нэг. онгол анагаах ухаанаар бол яргуй нь халуун чанартай, цус бага зэрэг шингэлдэг гэдэг батлагдсан. Тэгэхээр цусаа шингэлэх гэж байгаа бол заавал яргуй идэж ходоод гэдсээ шархлуулж байснаас аспирин уучихаж болно гэж хэлмээр байна. Яргуй их халуун чанартай ургамал. Тэгэхээр хордож харшил авч болно’ гэж нэгэн ярилцлагадаа дурджээ.
Мөн түүнчлэн энэ талаар Монгол Улсын гавъяат эмч, ‘Оточ Одь’ эмнэлгийн ерөнхий захирал П.Баатар ‘ Хавар болоход хүмүүс шинэ гарсан яргуй идвэл хүч тамир орно гэж үздэг. Гэхдээ ургаж гүйцээгүй, хор нь гараагүй байхад яргуйг идсэн ихэнх тохиолдолд могойн яр өвчин тусдаг. Монголчууд үүнийг лусын өвчин ч гэдэг. Тэгэхээр наанадаж тухайн ургамлын хор нь гарсны дараа хэрэглэх хэрэгтэй. Эрт үеэс эхлэн хөмүүлийг тэнгэр дуугарч, бороо орсны дараа түүж хоол, хүнсэндээ хэрэглэдэг. Яг үүнтэй адил эмийн ургамал өөр өөрийн гэсэн амт чанар нь тод буух цаг үед нь түүж хэрэглэвэл үр өгөөжөө өгдөг. Ганцхан түүлтээр идэх нь долоон тамир, гурван хий, таван махбоддоо өөрчлөлт оруулах нь түгээмэл юм. Яргуйг зүгээр нэг түүгээд идээд байж болохгүй. Долоо, найм, есөн яргуйг нэг дор түүж идвэл хоолойны ангина болон зарим өвчинд сайн гэж хүмүүс хошуурах юм. Нөгөөтэйгүүр яргуй идсэн малын мах, гөрөөсний цус сайн гэж ууж, идэх гэж тэмүүлэх нь их болжээ. Ингэж байгаа нь тун харамсалтай юм. Яргуй идсэн ямааны махыг борцолж шөлтэй хоол, цайндаа чимх чимхээр хийж иддэг эртний мэргэдийн ёс уламжлалд байдаг. Энэ л хамгийн шилдэг, зөв арга’ гэсэн байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ