Эрх баригчдын эрх ашиг нэгдсэн цагт Тавантолгой хөдөлнө

Хуучирсан мэдээ: 2018.05.05-нд нийтлэгдсэн

Эрх баригчдын эрх ашиг нэгдсэн цагт Тавантолгой хөдөлнө

Эрх баригчдын эрх ашиг нэгдсэн цагт Тавантолгой хөдөлнө

Хүн болгон хувьцаа тарааж, улсаараа хувьцаат компанитай болсон С.Батболдын Засгийн газар Тавантолгойн  тендерийн анхлан зарласнаас хойш тоолбол  энэ ордыг эргэлтэд оруулах олон ч хувилбар Монголын Засгийн газар дээр яригджээ.  Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өндөр, дээр нь Монголчуудын ярьсан хэлсэндээ гэж итгэсэн үү ямар ч байсан анхны тендерт 10-аад компани оролцох хүсэлтээ ирүүлж байв. Гэвч, удалгүй улс төрөө даахгүйд хүрснээс хөрөнгө оруулагчид ч дүрвэж, улстөрчид Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг амны ганц уншлагатай болоод удаж байгаа юм. Чухамдаа Тавантолгойгоор оролдсон засаг болгон асуудалд ордог. Огцордоггүй юм аа гэхэд, огцруулах асуудлыг нь хөндөг нь гэм биш зан болсон. Г Өөрөөр хэлбэл, Тавантолгойг эргэлтэд оруулна гэж нам болгон амалдаг, засаг болгон ярьдаг ч, харамсалтай нь улс төрөө даахгүй унадаг нь бичигдээгүй хууль болсон.

Энэ удаа ч Тавантолгойг хөдөлгөх чимээтэй зэрэгцээд Ардын засгийн тоолуур гүйгээд эхэлжээ гэлтэй. Танхимын зарчимаа хаяж, тогоон доторх хэрүүлээ олон нийтийн сүлжээнд ил зарлах хэмжээнд Ардын засгийн зарим сайдууд бухимдсанаас харахад Тавантолгой засаг болгоны тэсрэх бөмбөг хэвээр байна.

Өнгөрсөн даваа гаригт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарт хандаж бичсэн “Занданшатараа чи зүгээр чиг үүргийнхээ хүрээнд ажлаа хийвэл хийгээрэй … Мөнхбат сайдыг нүүрсний ченж хийлээ гээд  толгойтой бүхэн л ярьсан шүү.. Хэлсэндээ байцгаагаарай … !” гэх жиргээнээс харахад Тавантолгой дахиад  засгийн орших, оршихгүй асуудал болж хувирчээ.  Учир нь Тавантолгойг яаж хөдөлгөхөөс У.Хүрэлсүхийн засаг унаж, босох шийдэгдэх нь тодорхой харагдаж байна.
Ардын засгийн хувьд Тавантолгойн төслийг цогцоор нь шийдэх бодлого барьж буй бөгөөд Ерөнхийлөгчийн саналыг авч байгаа талаараа салбарын сайд нь дөрөвдүгээр сард өгсөн ярилцлагадаа дурдсан.  Түүний ярилцлагаас сонирхуулбал, “Тавантолгойн төслийг цогцоор нь шийдэх ёстой гэдэг зарчмын байр суурь дээр бүгд санал нэг байгаа. Тавантолгойг цогцоор нь шийдэж л хөдөлгөхгүй бол салгаж ярихад хүндрэлтэй шүү дээ. Ганц автозам бариад хөгжил гэж ярихгүй байх. Түүгээрээ түүхий нүүрсээ зөөгөөд ч үр дүн багатай. Монголчууд бид дотооддоо ойлголцож, бодлогоо нэгтгэж явбал богино хугацаанд бодитой үр дүнд хүрнэ гэж харж байна. БНХАУ-ын тал бидэнтэй бүх талаар хамтын ажиллагааг хөгжүүлж, харилцан ашигтай худалдаа арилжааг хийхэд бэлэн гэдгээ хэлсэн. Тавантолгойн төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэл бүхий УИХ, Засгийн газрын 2006 оноос 2017 оны  зургаан сар хүртэлх бүх тогтоол шийдвэрүүд гарчихсан байгаа шүү дээ. Тогтоол шийдвэрүүдээ хийж хэрэгжүүлэх л үлдээд байна даа”.

Гэвч, Ардын засгийн сайдууд Тавантолгойг хөдөлгөх хувилбар дээрээ тохирохгүй байгаа, өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадад хийсэн айлчлалаар У.Хүрэлсүх энэ асуудлыг хөндөөгүй нь танхимынх нь зөрчилдөөнтэй нь холбоотой гэх.

Д.Сумъяабазарын хувьд Ерөнхийлөгчөөс, Г.Занданшатар нь Ерөнхий сайдаас чиглэл авсан. Тиймээс сайдуудыг нь зөрчилдүүлж, танхимынх нь хувь заяаг шийдэхэд хүргэсэн Тавантолгой дахиад улс төрөө даахгүй унахад хүрч буй бололтой.

Хэрэвзээ 2018 онд багтаж Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаа шийдэж чадахгүй бол 2019 онд томоохон төслүүд хөдлөхгүй. Энэ бол дөрвөн жилийн хэмжигддэг Монголын улс төрийн онцлог.  Дээр нь Тавантолгойг онилоод удаж байгаа олон талын эрх ашгийг хангаж,  тэдгээр эрх ашиг нь хоорондоо эвлэлдэн нэгдэхгүйгээр энэ төслийг эргэлтэд оруулах  ямар ч  боломжгүй. Бүр шударгаар хэлбэл, хэн нэгний хувийн эрх ашиг нэгд байгаа цагт Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах нь засгийн газрын тэсрэх бөмбөг байсаар  байх болов уу.

Ж.Эрхэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж