Монгол Улсын ШУА-ийн төлөөлөл БНХАУ-ын Nantong хотын Tianying компанийн хог шатааж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байгаа 27МВт-ын суурилагдсан хүчин чадалтай цахилгаан станцын үйл ажиллагаа, технологитой танилцаад иржээ. Тэнд хогийг эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаад зогсохгүй хогонд агуулагддаг чийгийг хуримтлуулж ус болгон цэвэршүүлж хотын ногоон байгууламж, фантан, загас үржүүлгийн газарт мөн ашиглаж байна. Энэхүү технологийг БНХАУ-ын Засгийн газар “сэргээгдэх эрчим хүч”-ний нэгэн адил авч үзэж бодлогоор дэмжин тарифийн дэмжлэг үзүүлдэг ажээ. Энэ талаар тодруулахаар тус багийн бүрэлдэхүүнд явсан Монгол Улсын эрчим хүчний зөвлөх инженер Ц.Алтангадасаас дараах тодруулгыг авлаа.
-Хогийг сэргээгдэх эрчим хүч болгож буй энэ технологийг мэргэжлийн талаас нь товч тайлбарлаж өгөөч?
-Бидний уламжлалт “хог” гэдэг ойлголт ашиглаж чадвал баялаг, ашиглаж чадахгүй бол аюултай хог хаягдал болж агаар, хөрс, ундны усыг бохирдуулагч хор болж байна. Энэхүү цахилгаан станц нь тухайн компаний өөрийн зураг төслийн институтэд боловсруулсан бага дулаан гаргах чадвартай бүх төрлийн ахуйн хогийг (үүнд барилгын хатуу хог хаягдал орохгүй) нам температурын (8500-9500) гурван үет эргэлтэд ул ширэмтэй зууханд шатааж өндөр параметрийн уур үйдлвэрлэн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байна. Хотын оршин суугчдын ахуйн хогийг хогны машинаар тээвэрлэн авчирч цахилгаан станцын хог хүлээн авах битүү бункерт буулган хогны чийгийг хуримтлуулж ус болгон зайлуулж хуурай хог болон исэлдсэн хийг зууханд өгч шаталтыг дэмжиж өгдөг шинэ технологи боловсруулжээ. Нам температурын шаталтад азотын давхар исэл (NOX) үүсдэггүй бөгөөд хүхрийн давхар исэл (SOX) -ийг ялгаж үнсийг уутад фильтерээр (99%) шүүж агаарт 2000/76/EU евро стандартыг хангасан утааны хийг гадагшуулж агаарт хаяж байна.
-Нарны болон салхины эрчим хүчнээс ялгарах давуу тал нь юундаа байна?
-Нарны эрчим хүч нь нар байхад, салхины эрчим хүч салхи байхад эрчим хүч үйлдвэрлэдэг бол хогийг байнгын тасралтгүй, дундаршгүй эрчим хүчний эх үүсвэрийн нөөц болгон ашигласнаар 24 цагийн тасралтгүй найдвартай Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болох боломж хэдий нь бий болжээ.
-Монголд энэ технологийг ашиглах боломж байна уу?
-Бид дээрх ногоон технологийг авч нутагшуулбал Улаанбаатар хотын дутагдаж байгаа эрчим хүчийг 27МВт-аар нөхөж өдөр тутам гарч байгаа 1000 тн хотын ахуйн хогийг шатааж цэвэр эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд энэ нь хотын нэг дүүргийн гэр хороололыг цахилгаанаар хангах хэмжээний буюу ДЦС-2-тай дүйцэхүйц эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болох юм. Дээрх цахилгаан станцыг барьж байгуулснаар хотоо хоггүй, үнэргүй, цэвэрхэн ногоон эдийн засагтай болгож хөгжүүлэх боломжтой. Энэ талаар ч зохих удирдлагуудаас ирж танилцаж хийхээр төлөвлөсөн ажлууд байгаа гэж сонссон.
У.Ойдов