Хорват улсын шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2018.05.05-нд нийтлэгдсэн

Хорват улсын шигшээ баг

Хорват улсын шигшээ баг

Дасгалжуулагч: Златко Далич

– Багийн ахлагч: Лука Модрич

– Шигшээ багтаа хамгийн олон тоглосон: Дарио Срна 134 тоглолт

– Шигшээ багийнхаа төлөө хамгийн олон оруулсан: Давор Шукер 45 гоол

– ФИФА-н чансаа: 2018 оны 4 сарын байдлаар 18

– ДАШТ-нд оролцсон тоо: 4 удаа оролцсон

– ДАШТ-нд үзүүлсэн амжилт: 1998 онд хүрэл медаль хүртсэн

Москва хүрэх замд:

1990 оны социалист систем задран унаснаар дэлхийн улс төрийн зурагт томоохон өөрчлөлт авчирч олон улс орон шинээр тусгаар тогтносон. Тэдний нэг болох Серби улс нь 1991 оны 6 сард социалист удирдагч Титогийн удирдлага доорх Югослав улсаас салан тусгаар тогтнолоо зарлан тунхагласан. Эндээс л өнөөгийн Хорват улсын хөлбөмбөгийн шигшээ багийн түүх эхлэнэ. Тусгаар тогтносон бүрэн эрхт Хорват улсын шигшээ баг бол дэлхийн аваргын бараг л байнгын оролцогч бөгөөд энэ жилийн ДАШТ-нд оролцохын тулд Европын бүсийн I хэсгээс 2-р шалгарч плэй-оффын тоглолт хийж эрхээ авсан. Хорватын шигшээ багийн багтсан I хэсэг бол тийм ч муу биш хэсэг байсан бөгөөд Украйн, Турк, Исланд дээр нэмэгдээд Финланд, Косовогийн шигшээ багууд багтсан. Энэ хэсгээс Хорватын шигшээ баг Украйн, Туркийн шигшээ багуудыг гэрт нь үлдээж, плэй-оффт Грекийн шигшээ багийг хоёр тоглолтын үр дүнгээр 4-1 харьцаатай хожиж Оросыг зорих эрхээ асван.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

Хорватын шигшээ баг ДАШТ-ний сонгон шалгаруулалтыг А.Чачич дасгалжуулагчийн удирдлага дор эхлүүлсэн ч З.Даличийн удирдлага дор өндөрлүүлсэн. Гэхдээ А.Чачич бараг л ачааны голыг нугалсан бөгөөд З.Далич дэлхийн аваргын сонгон шалгаруулалтын төгсгөлийг сайн хийснээр Хорватууд эрхээ аваад байна. Одоо харин 23 тамирчныг эцсийн байдлаар сонгох нь З.Далич дасгалжуулагчийн хийх ажил юм.

Хаалгач: Д.Субашич (Монако), Л.Калинич (Бельгийн Гент), Д.Ливакович (Хорватын Динамо Загреб). Шигшээ багийн хаалгачаар дээрх гурван хаалгач явах болов уу? Эдгээр гурван хаалгачдаас Монакогийн хаалгач Д.Субашич №1 хаалгачаар тоглоно.

Хамгаалагч: В.Чорлука (Локомотив Москва), Д.Вида (Туркийн Бешикташ), И.Стринич (Сампдориа), Д.Ловрен (Ливерпүүл), Ш.Врсалько (Атлетико Мадрид), Й.Пиварич (Украйны Динамо Киев), М.Митрович (Бельгийн Брюгге), Т.Едвай (Байер Леверкузен), М.Леовац (Хорватын Риека), З.Нижич (Хорватын Хайдук Сплит). Хорватын шигшээд В.Чорлука, Ш.Врсалько болон Д.Ловрен нарын хэд хэдэн шилдэг хамгаалагчид байна.

Хагас хамгаалагч: Л.Модрич (Реал Мадрид), И.Ракитич (Барселона), И.Перишич (Интер Милан), М.Ковачич (Реал Мадрид), М.Бадель (Фиорентина), М.Брозович (Интер Милан), М.Рог (Наполи), М.Пашалич (Спартак Москва), Ф.Брадарич (Хорватын Рейка), Н.Власич (Эвертон). Хорват улсын шигшээ багийн дундын шугам бол ямар ч дасгалжуулагчийн атаархлыг төрүүлэхүйц тоглогчидтой. Мэдээж шигшээ багийн гол уураг тархи бол багийн ахлагч Л.Модрич юм.

Довтлогч: М.Манжукич (Ювентус), Н.Калинич (АС Милан), А.Крамарич (Хоффенхайм), Д.Коп (Бельгийн Стандарт Лига), А.Ребич (Айнтхарт Франкфурт), М.Пяца (Шальке-04). Европын шилдэг довтлогчдын нэг М.Манжукич хэмээх довтлогч энэ багийн урд шугамны гол “жанжин” байх болно.

ДАШТ-ний хэсэг:

Хорватын шигшээ багийн багтсан D хэсэг бол тун эвгүй хэсэг юм. Энэ хэсэгт Месси тэргүүтэй Аргентин, сүүлийн хэдхэн жилийн дотор хөлбөмбөгийн хөгжил нь асар хурдацтай хөгжиж, ямар ч багтай тоглох чадвартай болоод байгаа Исландын шигшээ баг болон Африк тивийн хүчтэй төлөөлөл Нигери улсын шигшээ багууд байна. Хэсгээс гарах шаанс гэвэл эхлээд Нигери улсын шигшээ багийг заавал буулгаж авах ёстой. Дараагийн өрсөлдөгч нь Исландын шигшээ баг байх болно. Исландын шигшээ багтай ДАШТ-ний сонгон шалгаруулалтын Европын бүсийн нэг хэсэгт багтаж хоёр биенээ 1-1 хожсон. Иймд Исландууд яавч зөөлөн боорцог биш юм. Магадгүй Исланд болон Хорватын шигшээ багуудын хэсгийн сүүлийн тоглолт нь аль нь цааш шалгарахыг шийдвэрлэх тоглолт ч байж болно.

Түлхүүр тоглогч:

Чухам энэ үүрэг хэнд ногдох бол? Үүний хариултыг таньд үлдээе. Гоолын боломжийг үүсгэх Л.Модрич уу? эсвэл гоол оруулах ёстой М.Манжукич уу? М.Манжукич сонгон шалгаруулалтын турш 5 гоол оруулж шигшээ багаа оруулсан гоолоороо тэргүүлсэн.

Б.Бямбабаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж