ТИКА-гийн хөтөлбөрийн зохицуулагч Вэйсэл Чифтжи-г хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2018.05.04-нд нийтлэгдсэн

ТИКА-гийн хөтөлбөрийн зохицуулагч Вэйсэл Чифтжи-г хүлээн авч уулзлаа

ТИКА-гийн хөтөлбөрийн зохицуулагч Вэйсэл Чифтжи-г хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Турк Улсын хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар хот дахь хөтөлбөрийн зохицуулагч Вэйсэл Чифтжи-г хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга М.Энхболд “1994 оноос хойш ТИКА-гийн шугамаар Монгол Улсад 40 шахам сая ам.долларын төсөл хөтөлбөр хэрэгжжээ. Эдгээр төсөл, хөтөлбөр монгол хүний сайн сайхны төлөө, хүүхэд багачуудын гэрэлт ирээдүйн тулд, ядарч зүтгэснийг асран тэтгэхэд голчлон чиглэж ирсэнд баяртай байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр энэ оны гуравдугаар сард Туркийн Үндэсний Их Хурлын дарга И.Кахраманы урилгаар БНТУ-д айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоанд бараалхаж, хуучны дотно нөхрийн ёсоор уулзах үеэрээ хамтын ажиллагааны олон чухал асуудлыг хөндөж ярилцсан болон БНТУ-ын Ерөнхий сайд Бинали Йылдырым, Шадар сайд Хакан Чавушолуге нар Монголд айлчилсан, Улаанбаатар хотноо Турк-Монголын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдаан болж, хоёр орны хамтын ажиллагааны ойрын үеийн үндсэн чиглэлийг тодорхойлсон зэргийг дурдаад, 2018 он Монгол, Туркийн харилцаанд онцгой жил болж байна гэлээ.

Түүнчлэн ирэх онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг шинэ ололт, амжилтаар угтана гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат оролцсон бөгөөд ТИКА-гаас түүний сонгогдсон тойрогт хэд хэдэн төсөл амжилттай хэрэгжүүлжээ.

ТИКА-гийн Улаанбаатар хот дахь хөтөлбөрийн зохицуулагч Вэйсэл Чифтжи цаг зав гарган хүлээн авч, уулзаж буйд нь УИХ-ын дарга М.Энхболдод, хамтран ажиллаж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлсээр байдагт нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатад талархал илэрхийлэв.

Ноён Вэйсэл Чифтжи ТИКА-гийн Турк дэх төв оффист Монголыг хариуцсан ажилтнаар 3.5 жил ажиллаж байгаад Улаанбаатарт зохицуулагчаар томилогдсон хүн аж.

Тэрбээр Архангай, Булган, Говь-Алтай, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв зэрэг аймаг, орон нутгуудад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, иргэдийн аж амьдралын тулгамдсан бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж байдагтаа баяртай байдгаа илэрхийлэв.

Монгол анд нөхөд маань Турк орон, Туркийн ард түмний адил бэрхшээлтэй замыг туулж байгаа тул туслахыг, мэдлэг туршлагаа хуваалцахыг чин сэтгэлээсээ хүсдэг гэдгээ онцлов.

ТИКА-гийн шугамаар мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, малын тоо толгойг өсгөх чиглэлээр малын тэжээлийн ургамал тариалах, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран махны экспортыг дэмжих, орон нутагт фермерийн загвар аж ахуй хөгжүүлэх зэрэг олон төсөл хэрэгжүүлж байгаагаа тэрбээр танилцууллаа. Түүнчлэн “Бизнес хөгжлийн төв” байгуулж, Туркээс сургагч багш нар ажиллуулах, тус төвийн шугамаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх, зөгийн аж ахуй байгуулан, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нь монголчуудад туслах хүсэлтэй байдгаа илэрхийллээ.

Ноён Вэйсэл Чифтжи ТИКА-гийн Монголд үйл ажиллагаа явуулсан 20 гаруй жилийн түүхэнд жилд дунджаар 22-24 төсөл хэрэгждэг байсан бол сүүлийн 3 жилд 70-80 төсөл хэрэгждэг болсон нь бидний үйл ажиллагаа үр дүнд хүрч, монголчуудын дэмжлэгийг хүлээж байгаагийн илэрхийлэл юм гэлээ.

Тэрбээр Истанбул-ТИКА-Улаанбаатарын хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн 9 дүүрэгт Өрхийн эрүүл мэндийн 10 төв байгуулах төсөл удаашралтай байгаад дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын дарга М.Энхболдоос хүслээ.

УИХ-ын дарга М.Энхболд ТИКА-гийн үйл ажиллагаа цаашид ч үр дүнтэй, өгөөжтэй хэлбэрээр үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлээд, УИХ-ын зүгээс болон хувиасаа бүх талын дэмжлэг үзүүлж ажиллах болно гэв.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд ТИКА-гийн хамт олонд талархал гардуулав.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж