У.Хүрэлсүх: Гадаргын усны нөөцтэй болох шаардлагатай байна

Хуучирсан мэдээ: 2018.05.04-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх: Гадаргын усны нөөцтэй болох шаардлагатай байна

У.Хүрэлсүх: Гадаргын усны нөөцтэй болох шаардлагатай байна

Монгол орны усны нөөц, ус ашиглалтын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганд хэлсэн үгнээс хүргэж байна.


УИХ-ын дарга аа,

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Хүн амьд явах эрхтэй. Эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”болохыг тунхагласан.

Энэ чухал эрхийг хангах нэг чухал үндэс бол УС билээ. Ард иргэдийн эрүүл чийрэг, аз жаргалтай, чинээлэг амьдрах, улс гүрэн хөгжин цэцэглэх, суурьшил, иргэншил хөгжихийн маш том үндэс бол УС юм.

Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд2020 он гэхэд хүн амынхаа 80 хувийг чанарын шаардлага хангасан, баталгаатай ундны усаар хангах зорилт тавьсан.

Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн бодлогыг хэрэгжүүлснээр Монголын хөрсөнд ургасан эрүүл, аюулгүй хүнсний ногоо, буудай, жимс жимсгэнээр хүн ардаа хангана. Мөн мал аж ахуйг таварлаг болгох үндсийн үндэс бол усалгаатай газар тариалан, бэлчээр, хадлан, малын тэжээлийн усалгааг шийдсэнээр хангаж чадна гэж үзэж байна.

Энэ бүхний дүнд олон улсын түвшинд тавигдаж байгаа Тогтвортой хөгжлийн зорилтуудын нэг гол үзүүлэлт болох хүн ардын эрүүл мэнд, аюулгүй амьдрах орчин нөхцөл бүрдэнэ.

Усны асуудалтай давхцуулаад эрүүл мэндийн талаар дурдаад байгаа маань энэ бол зөвхөн эрүүлийг хамгаалах байгууллагын асуудал биш орчны эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, амьсгалах цэвэр агаар, усны ариун чанар, хөрсний бохирдол гэх мэтийг цогцоор шийдээд явах тухай юм.

Үүний тулд бид юуны өмнө иргэдийнхээ:

  • Амьдрах орчны эрүүл аюулгүй байдлыг бүрдүүлэх,
  • Эрүүл хоол хүнсээр хангах,
  • Хөрс, бэлчээрийн доройтлоос сэргийлж, нөхөн сэргээх,
  • Мал сүргийг халдварт болон халдварт бус өвчнөөс ангижруулах, урьдчилан сэргийлэх,
  • Хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулах,
  • Хот суурин газрын хог хаягдал, бохир усыг татан зайлуулах асуудлыг зохистойгоор шийдвэрлэх,
  • Байгаль орчинд халтай болон хор хохиролтой үйлдвэрлэлийн арга технологийг өөрчлөх, байгальд ээлтэй шинэ технологийг нэвтрүүлэх ёстой гэж үзэж байна.

Улс орнуудын ойрын ирээдүйн хөгжлийн хамгийн тулгамдсан асуудал эрчим хүч, шатахууны хомсдол бус цэнгэг усны нөөц, хүртээмж, усны чанар гэдгийг эрдэмтэд нотолж байна.

Олон улсын холбогдох байгууллагуудын сүүлийн үеийн судалгаагаар дэлхий нийтийн 7.6 тэрбум хүн амын 8.7 хувь буюу 660.0 сая гаруй хүн баталгаатай цэвэр усны хүрэлцээгүй, усан хангамжийн дутагдалтай нөхцөлд амьдарч байна.

Монгол Улсын хувьд баталгаатай цэвэр усаар хангагдсан хүн амын эзлэх хувь 2015 оны байдлаар 65 хувьтай байсан. Өөрөөр хэлбэл манай улсын 1.0 сая орчим хүн баталгаагүй, ил задгай болон зөөврийн усыг ундандаа хэрэглэсээр байна. Энэ нь иргэдийн маань эрүүл мэнд тодорхой хэмжээнд өвчлөлд өртөх эрсдэлтэй байна гэсэн үг юм.

Өнөөгийн дэлхийн хөгжилтэй, хөгжиж байгаа улс орнуудын баримталж буй хөгжлийн гол зарчим нь байгалийн нөөцийг цөлмөн ашиглаж үсрэнгүй хөгжих биш харин байгаа нөөцийг хямгатай ашиглах, тогтвортой хөгжих зарчмыг түлхүү баримтлах болсон.

Монгол Улс үүнээс ангид байх аргагүй. Үүний дотор стратегийн юугаар ч орлуулшгүй эрдэс болох усны нөөцийг зохистой ашиглах, нөөц, чанарыг нь нөхөн сэргээх, хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх сайн засаглал, зөв менежментийг хэрэгжүүлэх шаардлага бидэнд тулгарч байна.

УИХ-ын гишүүд ээ,

Монголын усны салбар байгуулагдсан 1938 оноос эхлэн усалгаатай газар тариалан, бэлчээрийн ба төв суурингийн ус хангамж, бохир ус татан зайлуулах томоохон дэд бүтцийг байгуулж чадсан.

1962-1990 оны хооронд усалгаатай, эрчимжсэн газар тариалан, малын тэжээл аж ахуйн том тогтолцоог бий болгосон.

1990 он гэхэд 40 мянга гаруй худаг уст цэг гаргаж, 90 мянган га талбайг услах инженерийн хийцтэй 157 услалтын систем байгуулж байсан.

Тухайн үед Монгол Улс нийт 22 сая толгой малтай байхад бэлчээрийн 60 хувийг усжуулж байжээ.

2017 оны байдлаар мал сүргийн тоо толгой 66 саяд хүрч, жилд 115 сая метр куб ус хэрэглэж байгаа боловч бэлчээр усжуулалт дөнгөж 40 орчим хувьтай байна.

Бэлчээрийн доройтол, малын тоо толгойн хэт өсөлт болон усан хангамжийн дутагдал зэргээс шалтгаалан мал сүргийн таваарлаг чанар муудаж, мал давжаарч байгааг эрдэмтэн, судлаачид анхааруулсаар байна.

Услалтын системийн 80 гаруй хувь эвдэрч сэтэрснээс хүнсний ногоо тариалах эргэлтийн эдэлбэр газар ихээр атаршиж, ашиглалтаас гарч байна.

Бид хүн амын ус хангамж, бохир ус цэвэршүүлэх, үерийн аюулаас хамгаалах, үйлдвэр уурхайн ус хангамжийг шуурхай шийдвэрлэх, усалгаатай газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, бэлчээр усжуулалтыг төрөөс хөхүүлэн дэмжих ажил явуулах болно.

Сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдсэн гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарын өсөлтийн үр дүнд говийн бүсэд хэрэгжүүлж байгаа уул уурхайн төслийн тоо, цар хүрээ нэмэгдсээр байна.

Уул уурхайн төслүүдийн хувьд тулгарч байгаа, шийдвэрлэхэд түвэгтэй асуудлын нэг бол эдгээр үйлдвэр, уурхайн усан хангамжийг цаашид байгаль орчинд халгүйгээр хэрхэн тогтвортой хангах вэ гэдэг асуудал юм.

Иймд усны салбарын эрдэмтэн судлаачдын хийсэн олон жилийн судалгаан дээр үндэслэн, дээрх асуудлыг алсын хараатай, оновчтой байдлаар шийдвэрлэх шаардлагатай байна.

Өнгөрсөн жилүүдэд төр, засгаас усны бодлогын талаар баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой олон тооны тогтоол, шийдвэр батлагдан гарсан.Тухайлбал, “Ус үндэсний хөтөлбөр”, Ногоон хөгжлийн бодлого, Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл баримтлал-2030, Монгол орны Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө зэрэг урт, дунд хугацааны бодлогын баримт бичгүүдийг батлан гаргаж, хэрэгжүүлж ирлээ.

Монгол Улсын Үндсэн хууль болон усны бодлоготой холбоотой 22 хууль, УИХ, Байнгын хороодын 20 гаруй тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, Засгийн газрын 20 гаруй шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын болон холбогдох сайд нарын хамтран баталсан 30 гаруй дүрэм, журам, аргачлал, заавар гарчээ.

УИХ-аас 2010 онд батлан гаргаж 2010-2021 онуудад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Ус” үндэсний хөтөлбөрт:

  • Монгол орны усны нөөцийг хамгаалах;
  • Усны нөөц, чанарын хяналт-шинжилгээ хийх;
  • Усны нөөцийн хуримтлалыг бий болгох;
  • Усны нөөцийг зүй зохистой ашиглах, хэмнэх;
  • Усны нөөц, ашиглалтын менежментийг боловсронгуй болгох;
  • Усны нөөцийг хамгаалах уламжлалт зан үйлийг ёс суртахууны хэм хэмжээгээр баяжуулан өсвөр, залуу үе, нийт иргэдэд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх зэрэг үндсэн зорилтыг дэвшүүлсэн.

Эдгээр зорилтын 3 дахь нь буюу усны нөөцийн хуримтлалыг бий болгох зорилтын хэрэгжилт туйлын хангалтгүй бараг хэрэгжээгүй гэмээр байна. Үүнд хоёр хөрштэй хийх “Хилийн усыг хамгаалах болон ашиглах тухай” хэлэлцээр ихээхэн нөлөөлж байна.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал гэдэг нь “Байгаль орчны тэнцвэрийг хадгалж, усны нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх, биологийн олон янз байдлын хомсдлоос сэргийлэх, орчны бохирдол, байгалийн аюулт үзэгдэл, гамшгийн эрсдэлийг бууруулах нь хүний эрүүл оршин амьдрах, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах үндэс мөн” гэж заасан.

Монгол Улсын төрөөс усны талаар баримталж буй өнөөгийн бодлого нь байгалийн зүй тогтолцоонд үндэслэн усны нөөцийг сав газраар нь хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхэд оршиж байна.

Үүнийгээ Усны тухай хуулийн зорилт болгон дэвшүүлсэн ба энэхүү бодлого, зорилтыг ажил хэрэг болгохын тулд Засгийн газар 2013 онд “Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө”-г батлан, хэрэгжүүлж байна.

Өнөөгийн байдлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяанд усны сав газрын 21 захиргаа нийслэл болон хөдөө орон нутагт ажиллаж байна.

Усны салбарын чиг үүргийн хуваарилалт нь Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд тодорхой хэсэг нь хамаарч байгаагаас гадна бусад 10 яам, 2 агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд хуваагдсан нь төрөөс усны талаар баримтлах бодлогыг зөв оновчтой төлөвлөж, хэрэгжүүлэхэд ихээхэн хүндрэлтэй болсныг харуулж байна.

Усны тухай хуульд 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулж, улмаар тодорхой судалгаа тооцоололгүйгээр усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг татан буулгасан нь алсын хараагүй, оновчгүй шийдвэр болсон гэж эрдэмтэн, судлаачид үзэж байна.

Үүнд дүгнэлт хийж, усны бодлогыг улсын хэмжээнд нэгтгэн зангидаж хэрэгжүүлэх зохистой арга хэлбэрийг олох шаардлагатай байна.

УИХ-ын гишүүд ээ,

Манай орны эрдэмтэн судлаачдын сүүлийн 40 гаруй жил хийсэн судалгаанаас үзэхэд Монгол орны хэмжээнд жилд дунджаар 564.8 кмкуб усны нөөц бүрэлдэн бий болдог.

Улсын хэмжээний нийт ус хэрэглээ жилд 500 орчим сая метр куб байгаа нь нийт усны нөөцийнхөө тэг мянганы нэг (0,001) хүрэхгүй хувьтай тэнцэхээр байна.

Монгол Улсын усны нөөцийн хоёр хүрэхгүй хувийг эзэлж байгаа газрын доорх усаар нийт хэрэгцээнийхээ 80 гаруй хувийг хангаж байна.

Хүн амын болон аж үйлдвэрлэл, уул уурхай, хөдөө аж ахуйн усны хэрэглээ түргэн хурдацтай нэмэгдэж байна.

2011 онд хийгдсэн судалгаагаар Монгол Улсын усны жилийн нийт хэрэглээ 330,0 орчим сая метр куб байсан бол 2021 он гэхэд усны хэрэглээ дунджаар тооцоход хоёр дахин, илүү ахиу хэрэглээгээр тооцоход жилийн усны хэрэглээ 2.7 дахин өсөхөөр байна.

Ийм өндөр хурдтай өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангахын тулд өмнө дурьдсан усны бодлогын талаар баримтлах бодлого, хөтөлбөрүүдэд тусгагдсан усны нөөцийг нэмэгдүүлэх томоохон арга хэмжээнүүдийг цаг тухай бүрт нь хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Үүнийг бүрэн хэрэгжүүлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгийн эх үүсвэр шаардагдах тооцоо байдаг.

Сүүлийн жилүүдэд болж байгаа уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас шалтгаалан мөнх цас, мөсөн голын усны нөөцийн хэмжээ 30 орчим хувиар багассан, 2017 оны байдлаар 391 нуур тойром, 344 гол горхи, 760 булаг шанд ширгэжээ.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас усан гадаргын ууршилт Монгол орны хэмжээнд 2016-2035 оны хооронд жилд дундажаар 107-165 мм, 2050 онд 96-364 мм, 2080 онд 150-370 мм тус тус нэмэгдэх хандлагатай уялдан гол мөрний эх болсон мөнх цас, мөсөн гол, мөстлийн хайлалт хурдацтай нэмэгдэж болзошгүй гэж судлаачид үзэж байна.

Монгол Улсын хүн ам өсөн нэмэгдэж, хотжилт, уул уурхай, эдийн засаг өргөжин тэлж, малын тоо өсч бэлчээр хомсдохын хэрээр усны хэрэглээ эрс нэмэгдэх хандлагатай байна.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүн амын өсөлт, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицохын тулд ус хангамжийг сайжруулах, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор дараах арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байна. Үүнд:

  • “Ус” үндэсний хөтөлбөр, Улсын болон сав газруудын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхтэй холбоотой хөрөнгө, төсвийг шийдвэрлэх,
  • Гадаргын усыг хуримтлуулан, усны нөөцийг нэмэгдүүлэх, Эг, Орхон, Шүрэн, Туул гол дээр усан цогцолбор байгуулах ажлыг үргэлжлүүлж, оновчтой шийдэл, гарцыг олох,
  • Хэрлэн, Туул гол дээр урсацын тохируулга хийх, экологийн урсац бий болгохийн зэрэгцээ, зохистой хэмжээг шилжүүлэн ашиглахад шаардлагатай хөрөнгийг шийдэх,
  • Уул уурхай, хүнд үйлдвэр түүнийг дагалдан бий болох суурин газруудын ус хангамжид гадаргын ус ашиглан бараг үл нөхөгдөх газрын доорх усаа хойч үедээ нөөцлөх бодлогыг хэрэгжүүлж эхлэх,
  • Улаанбаатар хотын усан хангамжид газрын доорх уснаас гадна гадаргын усны нөөц бий болгож, хосолмол байдлаар ашиглаж эхлэх, хот суурингийн цэвэрлэх байгууламжуудыг шинээр барих, өргөтгөх, шинэчлэх,
  • Монгол Улсын Үндсэн хууль болон Усны тухай хуулийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлж, усны үндсэн эх үүсвэрийн толгойн байгууламж, газрын доорх усны ордын эзэмшлийг төрийн мэдэлд шилжүүлэх.
  • Эдийн засгийн салбарууд, үйлдвэрлэлийн эрчимтэй хөгжлийн шаардлагад нийцүүлэн усны нөөцийг нэмэгдүүлэх хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлж, зохистой ашиглахад чиглэгдсэн усны аж ахуйг хөгжүүлэх,
  • Усны салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, Ус хөтөлбөр, усны менежментийн нэгдсэн төлөвлөгөөнд тулгагдсан бүтээн байгуулалтын ажлуудыг цаг хугацаанд нь зөв төлөвлөн хэрэгжүүлэх,
  • Усны бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг Засгийн газрын зохистой бүтцэд тулгуурлан байгуулах хэрэгцээ шаардлага тулгарч байна.

Эрхэм гишүүд ээ,

Төрөөс усны талаар баримтлах бодлого, хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх гэдэг нь ард иргэдийн маань амьдрах эрүүл орчин, Монгол улсад цаашид хэрэгжүүлэх бүхий л салбарын төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй шууд холбоотой нэн өргөн хүрээтэй, цогц асуудал гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна.

Иймд Усны тухай хууль, усны талаар баримтлах бодлого, хөтөлбөрийг цаашид улам эрчимжүүлэхийн төлөө онцгой анхаарал хандуулан ажиллана.

Эх сурвалж: zasag.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж